С.Чингүүн: Монголдоо очихыг маш их хүсдэг

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

С.Чингүүн: Монголдоо очихыг маш их хүсдэг

13-хан настай Монгол хүү Америкийн алдарт “All that” инээдмийн шоуны шалгаруулалтад тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаа авьяаслаг хүүтэй холбогдож, ярилцлаа. Монголоо гэсэн сэтгэлтэй, авьяаслаг хүү С.Чингүүнтэй танилцана уу.


-Америкийн алдарт инээдмийн шоунд Монгол хүү тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болсон тухай баярт мэдээ дуулсан. Юуны өмнө С.Чингүүндээ баяр хүргэе. Өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?

-Сайн байна уу, та бүхэндээ маш их баярлалаа. Намайг С.Чингүүн гэдэг, 13 настай.  Би АНУ-ын Чикаго хотод төрж, өссөн. Би есөн настайгаасаа эхлэн мэргэжлийн түвшинд жүжигчний мэргэжлээр хичээллэж, Чикаго хотынхоо нэр хүндтэй агентлагтай албан ёсны гэрээтэй ажиллаж эхэлсэн.

-Анх есөн настайгаасаа мэргэжлийн жүжигчнээр суралцсан гэлээ. Хичээлээсээ гадуур жүжигчний мэргэжлийн сургалтад хамрагддаг уу?

-Америкт жүжигчний мэргэжлээр суралцахад олон боломж нээлттэй байдаг. Би жаахан байхдаа дүүргийнхээ хүүхдийн жүжигт гурван жил тоглосон. Тэр үед надад маш сонирхолтой санагдсан. Тэгээд л ээж маань намайг албан ёсны мэргэжлийн сургуульд оруулж өгсөн. Мэдээж хичээлээс гадуур хотын төв рүү сургалтандаа явж, амралтын өдрүүдээр театрт өнждөг байлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Холливудын олон төрлийн дэлгэцийн кино, телевизийн цувралын шалгаруулалтад орох гээд багагүй туршлага хуримтлуулсан. Тухайн шалгаруулалтад орсон жүжиг, кино, телевизийн шоуны шалгаруулалт болгон өөр өөр байдаг. Тэр бүхнийг мэргэжлийн хичээлд яваад олж эзэмшдэг.

-Телевизийн “All that” цувралд тоглох болсон тухайгаа яриач. Шалгаруулалтад хэрхэн оролцож, тэнцсэн бэ?

-Америкийн “Nickelodeon” телевизэд хоёр жилийн өмнөөс хэд хэдэн шоуны ярилцлагад орж, шалгаруулалтаас өндөр үнэлгээ авч байсан. Өнгөрсөн 2018 оны зун тус телевизийн орон даяар зарласан тусгай 14 хоногийн сургалтад тэнцэж, нийт 12 хүүхэдтэй хамт оролцож байсан юм. Тэр үеэс л намайг “All that” шоунд оролцох өндөр магадлалтай гэж найдвар тавьж байсныг сүүлд нь олж мэдсэн.

Энэ жилийн нэг сараас гуравдугаар сар хүртэл “All that” шоуны шалгаруулалтыг Америк даяар зохион байгуулж, хийсэн. Уг шоуны шалгаруулалтад орох хүсэлтэй 20 мянга гаруй хүүхдээс 5000 хүүхэд орох эрхээ авч, өрсөлдсөн.

Миний хувьд гуравдугаар сарын дундуур шоуны жүжигчнээр ажиллах болсон тухайгаа мэдсэн юм. Ингээд дөрөвдүгээр сараас бэлтгэл ажилдаа орж, тавдугаар сараас зураг авалтад орсон. Шоуны маань зураг авалт ирэх наймдугаар сар хүртэл үргэлжилнэ. Зургадугаар сарын 15-наас эхлэн долоо хоног бүрийн бямба гаригт шоу цацагдана. Америкчуудын дунд бүтэн хоёр жил хүлээлттэй байсан шоуны шалгаруулалтын эцсийн шийдвэр гарч, ямар жүжигчид сонгогдсон бол гэдэг таамаг, хүлээлт их байсан.

-Шоуны шалгаруулалтын үеэр чамайг Монгол хүн гэдгийг мэдсэн үү?

-Шалгаруулалтад ороход чи ямар үндэстэн байх нь чухал биш. Харин С.Чингүүн гэж ямар ертөнцтэй, зан төрхтэй, хошин шогийн мэдрэмжтэй вэ гэдгийг л онцолж хардаг. Би Ази хүн гэдэг нь асуултгүй тодорхой учраас шалгарсан долоон өөр жүжигчин дундаа би ганцаараа цэвэр “Asian american”. Тиймээс намайг Монгол гэхээсээ илүү Азийн төлөөлөл хэмээн харж байгаа.

-Саяхан фэйсбүүкээр холбогдоход шоуны ажлаар Нью-Иорк хотод явна гэж байсан. Ямар ажлаар явсныг сонирхож болох уу?

-Америкийн “Nickelodeon” телевизийн төв байр нь Нью-Иорк хотод байдаг. Уг шоу нь 1994 оноос эхлэн 2005 оныг хүртэл амжилттай хийгдэж, хит болсоор ирсэн. Энэ алдартай шоу эргэн ирж байгаад америкчууд их баяртай байгаа. Телевизийн уран бүтээлчдийн хувьд асар их зардлыг зар сурталчилгаанд зарцуулж байна.

Би саяхан тав хоног шоуны сурталчилгааны ажлаар Нью-Иорк яваад ирлээ. Энэ үеэр “People”, “The Today Show”, “Build Series” гээд олны танил, нэр хүндтэй нэвтрүүлгүүдэд шууд ярилцлагад орсон. Удахгүй мэдээллүүд нь цахимаар бүрэн цацагдаж, эхэлнэ.

-Шүтэн биширдэг жүжигчин гэвэл?

-Яг тэр гээд шүтдэг жүжигчин одоогоор байхгүй. Маш олон жүжигчинг шүтдэг. Заримаас нь дурдвал Adam Sandler, Steve Carrell, Chris Pratt, Randal Park, The Rock, Kevin Hart, Ken Jeong нарын тоглосон кинонуудыг илүү сонирхож үздэг.

-Хамгийн сүүлд хэзээ Монголд ирсэн бэ?

-Би Америкт төрж, өссөн. Одоогоор Монголдоо очиж амжаагүй л байна. Өнгөрсөн хоёр жил зуны улиралд Монголдоо очих төлөвлөгөөтэй байсан ч театрын ажлын гэрээний хугацаа дуусаагүй байсан учраас амжаагүй. Энэ зун “All that” телевизийн шоуны зураг авалттай тул бараг л амжихгүй байх. Миний хувьд боломж олдвол Монголдоо очихыг маш их хүсдэг. Яг хэзээ очихыг хэлж мэдэхгүй ч Монголдоо удахгүй очно.

-Гэр бүлээ танилцуулж болох уу. Ойр дотныхон дунд нь урлагийн хүн бий юу?

-Гэр бүлийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна, уучлаарай. Манай гэр бүлд урлагийн хүн бараг байхгүй. Миний эргэн тойронд надад нөлөөлөхөөр хүн байгаагүй ээ.

-Авьяаслаг С.Чингүүн хүү морин хуураар хичээллэдэг гэсэн үү?

-Намайг Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголдоо элэгтэй хүн болоосой гэж ээж маань дандаа Монголын тухай кино, мэдээ мэдээлэл үзүүлдэг. Бас дууны клип үзүүлж, урлаг соёлтой бага багаар танилцуулдаг. Тэр ч утгаараа би үндэсний хөөмий, морин хуур сурах сонирхолтой болж, морин хуураар хоёр жил гаруй хичээллэж байна. Харин монгол хэлээ сурах гэж нэлээд оролдсон боловч цаг зав бага учраас анхаарч чадахгүй л байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би чөлөөт цагаараа анимейшн кино үзэх дуртай. Мөн заримдаа видео тоглоом тоглодог.

-Ирээдүйн хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-Одоогийн байдлаар сонгосон мэргэжилдээ дуртай, дуртай зүйлээ хийж байгаа учраас өөр бодсон, төлөвлөсөн зүйл алга. Энэ шоугаа үргэлжлүүлээд олон жил ажиллахыг хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
122
ЗөвЗөв
31
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж