Хятадын алдарт Тянь ань миний талбай дээр байлдааны сүрлэг танкнуудын цувааг зогсоохоор эрс шийдэмгий байдалтай зогсч буй гартаа хоёр ууттай зүйл барьчихсан, цагаан цамцтай залуугийн зургийг мэдэхгүй хүн дэлхийд ховор биз ээ. Одоо хэр нь хэн байсан нь тодорхойгүй тэрхүү зоригт залуу нь Тянь ань миний талбай руу нэвтрэхээр ирж буй танкны цувааг амь биеэрээ дэнчин тавьж хэсэг хугацаанд зогсоосон бөгөөд түүний гэрэл зураг дэлхий дахинд эрх чөлөө, ардчилал, эр зоригийн бэлгэ тэмдэг болсон. Тус улсын түүхэнд “хар өдөр” болон тэмдэглэгдсэн Тянь ань миний хядлага буюу эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцсэн мянга мянган оюутан залуусын эсрэг төр засаг хүч хэрэглэн, жагсаал цуглааныг цус урсган нухчин дарсан тэр өдрийг өнөөдөр Хятадын ард түмэн огт санахгүй байгаа гэнэ.
Ердөө гучхан жилийн өмнө болсон энэ үйл явдлыг тэд гэнэт мартсан нь түүхийн хуудаснаас өөрсдийн харгис үйлдлийг арчин хаях гэсэн эрх баригчдын хатуу бодлоготой холбоотой байж магадгүй юм. Өнөөдөр /2019.06.04/ Тянь ань миний тэмцлийг нухчин дарсны 30 жилийн ой тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан “BBC” агентлагийн сурвалжлагч өдгөө мянга мянган жуулчны хөлд дарагдах болсон Тянь ань миний талбай дээгүүр алхаж буй Хятад хүмүүст танкны цувааг хаан зогсож буй залуугийн зургийг үзүүлээд зурагны талаар ямар нэгэн зүйл мэдэх эсэхийг нь асуужээ. Хөгшин залуу, хүүхэд багачууд гээд бүхий л насны төлөөллийн маш олон хүнээс асуухад нэг нь ч энэ зургийн талаар юу ч мэдэхгүй, зарим нь огт хараагүй гэж хариулж байна гэнэ. Тийм байх боломжгүй. Гурав дөрвөн зуун жилийн өмнө биш дөнгөж гучин жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ.
1989 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног орчим үргэлжилсэн тэмцлийг зургаадугаар сарын 3-4-нд шилжих шөнө цус урсган дарсан байдаг. Энэ үйл явдлын талаар ярих, бичихийг Хятадад хатуу хориглодог бөгөөд Бээжингийн эрх баригчид ч энэ үйл явдлын талаар тэр бүр ам нээдэггүй. Тэгвэл саяхан Хятадын батлан хамгаалахын сайд Тянь ань миний тэмцлийг зэвсгийн хүчээр дарсан явдлыг өмгөөлсөн мэдэгдэл хийсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татжээ.
Сингапурт болж буй бүс нутгийн худалдаа, аюулгүй байдлын чуулганд оролцсон Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэгээс энэ талаар байр суурийг нь асуухад тэр “Энэ үйл явдал бол улс төрийн үймээн самуун байсан бөгөөд засгийн газрын авсан арга хэмжээ зөв байсан. Тухайн үед зөв арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятадын нийгэм эдийн засаг тогтвортой хөгжлийн замдаа орсон” хэмээн хариулсан байна.
Жил бүрийн зургаадугаар сард 1989 онд Тянь ань миний талбайд гарсан хэрэг явдлыг дурсах ямар нэг албан ёсны арга хэмжээ огт зохион байгуулагддаггүй. Харин хэлмэгдсэн иргэдийн төлөөлөл болон тэдний ар гэрийнхэн энэ өдрүүдэд янз бүрийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэхийг оролддог ч Хятадын интернэт, хэвлэл мэдээллийн хатуу цензур энэ үед улам хүчтэй ажилладаг аж.
1978 оноос удирдагч Ден Сяопин эдийн засаг, улс төрийн цуврал реформ хийж эхэлсэн нь 10 жилийн дараах цуст тэмцлийн галыг өрджээ. Ден Сяопиний өөрчлөлт шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс төрийн тогтолцоог хангалттай өөрчилж чадахгүй байгаад сэтгэл дундуур оюутан залуус, сэхээтнүүд энэ үед Хятадын өнцөг булан бүрт бий болж байв.
ЗХУ-д М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хүсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос “гажууд” өөрчлөлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүрхний шигдээсээр гэнэт нас барлаа гэсэн мэдээлэл гарсан нь оюутнуудын бослогыг өдөөж өгчээ.
Ху Яобаны дурсгалыг хүндэтгэн дөрөвдүгээр сарын 15-ний өдөр Тянь ань миний талбайн дундах Ардын баатруудын хөшөөний өмнө хэсэг залуус сайн дураараа цугларав. Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод үүнтэй ижил үйл ажиллагаа эхэлжээ. Энэ бол түүхэнд Тянь ань миний хядлага хэмээн тэмдэглэгдсэн хар өдрүүдийн эхлэл байв. Ингээд жагсаал цуглаан улам өргөжиж, оюутнуудаас гадна Бээжингийн жирийн иргэд ч жагсаалд нэгдэн жагсагчдын тоо аль хэдийн 100 мянга даваад байсан юм.
Удалгүй байдал улам хурцдаж, чөлөөлөх армийн цэргүүд болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон их сургуулийн гудамжуудыг хааж эхлэв. Зургадугаар сарын 3-ны оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь ань миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Дараа өдөр нь буюу зургадугаар сарын 4-ний үүрийн дөрөв, таван цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг сүйрүүлж, үүнээс ганцхан цагийн дараа буюу үүрийн 5.40 цагийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн байжээ.
Амь үрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгүй Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгүй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.Хятадын ойрын холбоотнуудаас бусад бүх улс хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бүрийн хориг тавьсан юм. Ден Сяопиний гадаад дахь айлчлалын төлөвлөгөө нурж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тус улсад өгөх гэж байсан зээлээ буцаажээ.
Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хориглосон байна. Тухайн үеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад цахим хуудсаар Тянь ань миний бослогын талаархи мэдээлэл хайхад гарч ирдэггүй. НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй. Гэхдээ 2006 оны дөрөвдүгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд “гэмшсэн” хамгийн анхны тохиолдол юм.
Эх сурвалж:BBC, GUARDIAN
Холбоотой мэдээ