Титэм вирусын халдвар ихэсч байгаа талаар олон улс мэдээлж байна. Тэгвэл энэ асуудалд хэрхэн анхаарч, хяналтаа чангатгаж байгаа талаар МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас тодрууллаа.
-Титэм вирусын халдвар ихэсч байна. Танай байгууллагаас хэрхэн анхаарч байна вэ?
-Арабаас гаралтай тэмээний ханиад гэж нэрлэх вирус олон улсад тархаад байгаа. Өнөөдрийн байдлаар Ойрхи Дорнодын 12, Европын ес, Ази тивийн есөн улсад вирусын дэгдэлт бүртгэгдсэн. Хамгийн сүүлд БНСУ-д энэ өвчний улмаас таван хүн нас барсан гэх мэдээ бий. Халдварын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа талаар олон улс мэдээлж байна. БНСУ-д л гэхэд хүүхэд олноор цугларахаас сэргийлэн сургуулиудыг тарааж, хориг арга хэмжээ авч байна.
Харин МХЕГ-аас улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврыг гаргасан. Халдварын тархалт өндөр байгаа улсын зорчигчдыг хилээр нэвтрүүлэхэд дээд зэргийн хяналт тавихыг үүрэгдсэн. Тухайлбал, сэжигтэй тохиолдолд зорчигчдоор судалгаа бөглүүлэх. Дээрээс нь хил нэвтэрч буй зорчигчдын халууныг хэмжих зэрэг арга хэмжээ авахыг даалгасан. Мөн сэжигтэй тохиолдолд яаралтай арга хэмжээ авч, тусгаарлаж, холбогдох байгууллагуудад хүргэх зэрэг үүргийг хилийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад өгсөн.
-Зорчигч ихтэй, томоохон боомтуудад анхаарлаа илүү хандуулах уу?
-Монгол Улс руу ордог хилийн бүх боомтуудад албан даалгаврыг хүргүүлсэн. Ялангуяа зорчигчдын гол нэвтэрдэг Буянт Ухаа, Алтанбулаг, Замын Үүдийн боомтуудад дээд зэргийн хяналттай ажиллах даалгавар хүргүүлсэн. Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан Замын үүд, Сүхбаатар, Буянт Ухаа боомтуудад ажилладаг. Бусад аймгуудад тухайн хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа.
Сүүлийн хоёр хоногт вирусын халдвар нь олон улсын санааг улам зовоогоод байгаа. Өнөөдрийн мэдээллээр БНСУ-д титэм вирусын халдвараар таван хүн нас барж, 87 хүн өвчлөөд байгаа юм. Олон улсын агентлагуудын өгч буй мэдээллээр титэм вирусээр амь алдсан тав дахь хүн нь 75 настай эрэгтэй байжээ. Титэм вирусын халдвараар нас барагсад нь 58-82 насны хүмүүс аж. Үүнээс үзвэл титэм вирусын халдварт дархлаа султай өндөр настнууд илүү эмзэг байна.
Б.ЗАЯА