Р.Амаржаргал АН-ын шинэчлэлийн залуустай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал АН-ын шинэчлэлийн залуустай уулзжээ

 

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн /АНШХ/ үүсгэн байгуулагдаж, аймаг, дүүргийн анхан болон дунд шатны намын хорооны удирдлага, гишүүдээсээ нэлээдгүй дэмжлэг авч эхэлсэн байна.

 

Тэд АН-ын Их хурлыг зургадугаар сард хуралдуулж, намынхаа Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж байгаа юм.

 

АНШХ намынхаа Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах “хадаас-12” саналыг намдаа хүргүүлээд байгаа бөгөөд уг саналд нь АН-ын даргыг шударга өрсөлдөөний зарчмаар, намын бүх гишүүдийн саналаар сонгох, анхан шатны намын үүрийн дарга нар нь автоматаар дунд шатны намын хорооны гишүүн болдог байх, намын дэргэдэх үүсгэл санаачилгын байгууллага болох АЭХ, ААХ, АЗХ-оос ҮЗХ-д квоттой болох, хэн мөнгөтэйг нь биш мэдлэг, чадвартайгаа төрийн сонгуульд сойдог МЕРИТ тогтолцоонд шилжих зэрэг чухал саналуудыг тусгасан аж.  

 

Тус хөдөлгөөний зохицуулагчид Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг урьж, санал бодлоо солилцсон байна. Энэ тухай эрхэм гишүүн өөрийн фэйсбүүктээ “Ардчилан Намын Шинэчлэлийн Хөдөлгөөний залуучуудын хүсэлтийн дагуу уулзалт хийлээ. Тус хөдөлгөөний залуучуудтай АН-ын дотоод асуудал хийгээд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцож байр сууриа илэрхийллээ” хэмээн бичжээ.

 

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний залуусыг албан тушаалын шантааж хийж байгаа, эсвэл хэн нэгэн том лидерийн захиалгаар хөдөлж байгаа гэх хардлага байгаа юм. Үнэн худлыг нь цаг хугацаа харуулах биз ээ.

 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж