Сербийн нэрт найруулагч, жүжигчин, хөгжимчин Эмир Кустурица Монгол Улсын Их эзэн Чингис хааны амьдралаар 2020 онд шинэ кино хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр киногоо Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын “Чингис хааны цагаан үүл” нэртэй өгүүллэгээс сэдэвлэн бүтээх юм байна. Энэ талаар Эмир Кустурица Железноводск хотод болсон “Баатар ба цаг үе” кино наадамд оролцох үеэрээ мэдэгджээ.
“Надад Чингис хааны тухай кино хийх бодол байна. Чингис хаан гэж ямар хүн байсан тухай өгүүлэх кино маань ирэх жил олны хүртээл болно” хэмээн түүний хэлсэн үгийг ТАСС агентлаг иш татан мэдээлсэн байна. Кино зураг авалт ОХУ-ын нутаг дэвсгэрт хийгдэх ажээ.
Эмир Кустурица нь “The No Smoking Orchestra” рок хамтлагийн ахлагч бөгөөд 40 гаруй жил кино урлагт зүтгэж, 30 гаруй киноны жүжигчин, найруулагчаар ажилласан байна. Тэрбээр "Баатар ба цаг үе" кино наадмын үеэр хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан гаргасан “Эмир Кустурица ба “The No Smoking Orchestra” номоо танилцуулжээ. Кустурица Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан дал модны мөчир”-ийг хоёр удаа хүртсэн байна.
Эх сурвалж: Российская Газета
Холбоотой мэдээ