АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид гурван өдрийн төрийн айлчлал хийхээр даваа гаригийн /2019.06.03/ өглөө хүрэлцэн очжээ. Тэрбээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн хувиар тус улсад айлчилж байгаа нь энэ юм.
Их Британийн Хатан хаан Элизавета Букингемийн ордонд даваа гаргийн орой Ерөнхийлөгч Трамп, түүний гэргий Мелания Трамп нартай төрийн хүндэтгэлийн зоог барина. Энэхүү арга хэмжээнд Кембрижийн гүн, гүнгийн ахайтан нар оролцох бол Суссексийн гүнгийн ахайтан сар хараахан хүрээгүй хүүтэй тул оролцож чадахгүй ажээ. Хатан хааны хувьд өнгөрсөн хугацаанд АНУ-ын 12 Ерөнхийлөгчтэй уулзаж байсан юм.
Дараа өдөр нь буюу мягмар гаригийн өглөө Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей нар “Гэгээн Жеймс”-ийн ордонд ажил хэрэгч өглөөний зоог барина. Уг уулзалтад “Barclays” компанийн гүйцэтгэх захирал Жес Стейли, “GlaxoSmithKline” компанийн гүйцэтгэх захирал Эмма Уолмсли, “BAE Systems” компанийн тэргүүн Рожер Карр, “National Grid” компанийн гүйцэтгэх захирал Жон Петтигрю нар оролцоно.
Айлчлалын сүүлийн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Нормандад холбоотны цэрэг буусны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд оролцохоор Портсмут хотод зочлох ажээ. Үүний дараа тэрбээр Ирландын Ерөнхий сайд Лео Варадкартай уулзахаар Ирландын Шэннон тосгоныг зорино.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ