“News” агентлаг “76:1” булангаараа дамжуулан парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Содномын Чинзоригийг онцолж байна.
Өнөөгийн парламентын танхим дахь хамгийн туршлагатай улстөрчдийн нэг нь С.Чинзориг. Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд насаараа төрд ажиллаж байгаа. Өвөрхангай аймгийн уугуул тэрбээр ажил амьдралын замналаа ч төрсөн нутгаасаа эхэлж байжээ. 1986 онд аймгийн Захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга гээд төрийн албаны доод түвшнээс аажуухан урагшилжээ. Ялангуяа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд олон жил ажилласан нийгмийн хамгааллын салбарт мэргэшсэн гэж тодорхойлж болно.
Түүний CV-ыг харахад сонгогдох боломжоо хоёр ч удаа алдсан “сонгуульд одгүй хүн” гэмээр. Гишүүн болохынхоо оронд Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх, намынхаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга зэргийг хашиж байжээ. Учир нь 2008, 2012 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан ч тус аймгийн сонгуулийн маргааны золиос болон үлдсэн. Товчхондоо тэрбээр Өвөрхангайд ялсан ч АН-ынханд саналаа луйвардуулсан гэдэг. Гэхдээ нам нь түүнийг гудамжинд хаяагүй сайдын суудлаар шагнаж байв.
Сонгуульд унаж, босч, саналаа луйвардуулж байсан гээд бартаат замыг туулж 2016 онд гишүүнээр сонгогдсон тэрбээр хал үзэж, хашир суусан улстөрч юм. Монгол Улсын хөдөлмөрийн бодлогыг тодорхойлж яваа нэгэн. Мэдээж, хийсэн, хэрэгжүүлсэн бодлогоосоо болоод олон нийтийн сүлжээнд сайн муугаараа дуудуулах нь цөөнгүй ч элдэв холбогдсон хар муу мөр ховор. Улс төрийн хүрээнийхэн түүнийг алтан дундаж гэдэг. Учир нь С.Чинзориг сайд тийм ч их улстөржөөд, байдаггүй. Бас ямар ч асуудлаар популизм хийгээд, цойлоод байдаггүй. Хэдий түүний нэр эр зоригийг илэрхийлсэн утгатай ч тэрбээр амьдрал дээр төлөв, даруухан, "бөөрөнхий" хүн. Энэ салбарын сайдаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байгаа түүний хувьд улс төрчийн хувьд хэн нэгний тал гэхээс илүү алтан дундаж байдаг гэдэг утгаар нь "бөөрөнхий" гэх нь бий. Улстөрч бүхэнд өөр өөрийн цаг хугацаанд өөрийн гэсэн автор бүхий улс төрийн имиж бий. Харин С.Чинзориг сайдын хувьд ийм имиж бүрдүүлээгүй нь "бөөрөнхий" улстөрч, сайд гэж тодотгож болмоор. Гэхдээ төрд ажилласан жил, төрийн ажлыг авч явааг нь дүгнэвэл илүү өөр тодотгол ч байж болмоор.
Тэрбээр насаараа төрд алба хашиж байна. Амьдралдаа нэг л удаа компани байгуулж, тэр нь "Соёмбо консалтинг" гэдэг зөвлөх үйлчилгээ явуулдаг байна.Түүний ХОМ-ийг сонирхвол 91 сая төгрөгийн орон сууц, нэг авто гражтай, өөрийн орлого нь 24.3 сая бол гэр бүлийн нийт орлого 31 сая төгрөг аж. 25 сая төгрөгийн үнэтэй Volkswagen Touareg машинтай. Хонь-160, 30 толгой адуутай. 16 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд 10.4 сая төгрөгтэй. Эрдэнэс таван толгой ХК-д 3216 ширхэг эзэмшдэг гэж мэдүүлжээ.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
- 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга
- 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга
- 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
- 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
- 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
- 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга
- 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
ШАГНАЛ:
- 2001 онд Алтангадас одон
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 1995 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
- 2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
- 2011 онд өӨвөрхангай аймгийн Хужирт сумын хүндэт иргэн
Холбоотой мэдээ