Тахарын ерөнхий газрыг ШШГЕГ-ын харьяанд шилжүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Тахарын ерөнхий газрыг ШШГЕГ-ын харьяанд шилжүүлж магадгүй

Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч татан буулгана, цомхотгоно, чиг үүргийг нь өөрчилнө гэж байнга л шүүмжлүүлж буй Тахарын ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтаас дараах мэдээллийг бэлтгэлээ.


Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусламж хүсдэг ч тахарчууд туслах боломжгүй

Тахарын ерөнхий газарт хандан хамгаалалт хүсч байгаа иргэдийн дийлэнх хувийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөн хохирогч болж буй охид, эмэгтэйчүүд эзэлдэг байна.

Тэд байнгын дарамт, зодуур нүдүүрт амьдардгийн улмаас амь нас эрүүл мэндээрээ хохироход хүрээд байгаа тул хамгаалалтад авч, тусламж үзүүлэхийг хүсдэг гэнэ. Гэсэн ч энэ тохиолдолд Тахарын ерөнхий газраас тэдэнд туслах ямар ч бололцоогүй тул цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөдөг ажээ.

“Манай байгууллагаас эрүүгийн хэрэг үүсч, өөрөөр хэлбэл шалгагдаж, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, ялангуяа шүүхэд шилжсэн хэргүүдийн гэрч хохирогч, тэдэнд хамаарал бүхий иргэн шүүгчдийг хамгаалах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг үүсээгүй тохиолдолд бид хохирогч нарт туслах бололцоогүй. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргахыг зөвлөдөг” гэж Тахарын ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах тасгийн дарга Д.Жанчивдорж хэллээ. 

Жилд 34 гэрч, хохирогчийг хамгаалах нь хангалтгүй дүн

Тахарын ерөнхий газрын гол үүргийн нэг бол гэрч хохирогч, шүүгчийг хамгаалалтад авч, тэдэнд туслалцаа үзүүлэх явдал. Өнгөрсөн 2014 онд 34 /Шүүгч гурав, хохирогч 19, хамаарал бүхий иргэн 11, гэрч нэг/, он гарсаар 35 хүнийг элдэв эрсдлээс хамгаалж, туслалцаа үзүүлсэн байна. Жилдээ улсын төсвөөс 13 тэрбум төгрөг авчихаад цөөхөн хүнд үйлчилж байгаа нь хангалттай тоо биш гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүс үзэж буй.

Тахарын ерөнхий газрыг ШШГЕГ-ын харьяанд шилжүүлж магадгүй

500 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй Тахарын албыг “Хэтэрхий данхайсан бүтэцтэй байна, татан буулгана, цомхотгол хийнэ, бусад байгууллагад шилжүүлнэ” гэх яриа  он гарснаас хойш сонсогдох болсон.

Харин сүүлийн үед энэ байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд шилжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулагдаж, асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.

Тус хуулийн шинэчилсэн найруулгад Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд шилжүүлэхээр тусгажээ.

“Биднийг аль байгууллагыг харьяанд шилжүүлсэн ч гэрч, хохирогч, шүүгчийг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ чандлан сахих болно” гэж тус газрын удирдлагууд онцолж байлаа.

Д.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж