- Эдийн засгийн өсөлт
2019 оны I улирлын эдийн засгийн өсөлт 8,6% гарав. Нийт эрэлтийн талаас энэхүү өсөлтөнд өрхийн эцсийн хэрэглээний зардал 2,7%, үндсэн хөрөнгийн хуримтлал буюу бүрдэлт 11,8%, цэвэр экспорт – 6,6%, түүний дотор экспорт – 25,2%, импорт 31,8% тус тус хувь нэмрээ оруулсан байна. (2018 онд экспорт – 11,8%, импорт 17,2% байв). Өмнөх оноос ялгаатай нь үндсэн хөрөнгийн бүрдэлтийн хувь нэмэр огцом нэмэгдсэн, өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлтөнд оруулсан хувь нэмэр 2018 оны улирлуудад байгаагүй хэмжээнд нэмэгдсэн байна. Улирлын нөлөөллийг арилгаж тооцсон ДНБ өсөлт 6,2% байгаа нь өмнөх оны улирлуудад гарсан жилийн өсөлтөөс их байна. ДНБ-ий дефлятор (6,4%) өмнөх оны эхний хагас жил, жилийн дүнтэй ижилхэн, өрхийн эцсийн хэрэглээний зардлын дефляторын өсөлт хэрэглээний үнийн индексээр тооцсоноос бага, өмнөх оны эхний хагас жилийнхээс их байна. Материаллаг эргэлтийн хөрөнгө (inventory), үнэт зүйлсийн өөрчлөлтийн хувьд эхний улиралд абсолют хэмжээний өөрчлөлт, өсөлтөнд оруулсан хувь нэмэр аль алин нь өмнөх жилээс эрс бага (0,3%) байгаа нь өмнөх оны эцсээс хөрөнгө оруулалт, эдийн засгийн идэвхижил нэмэгдсэнтэй холбоотойгоор тайлбарлаж болно. Гадаад секторын хувьд экспортын дефлятор 4,5%, импортынх 6,4% өссөнөөр худалдааны нөхцлийн индекс 104,5% болсон байна. Гэхдээ энэ нь өмнөх жилийн эхний хагастай харьцуулахад буурч буй хандлагатай байна. Эдийн засгийн нийт нийлүүлэлтийн хувьд авч үзвэл 2019 оны эхний улирлын өсөлтөнд аж үйлдвэр, барилгын секторын оруулсан хувь нэмэр нэмэгдэж (3,8%) өмнөх оны улирлуудаас эрс өссөн байна. Үйлчилгээний секторын хувь нэмэр 3,9% болсон нь мөн өмнөх оны улирлуудаас нэмэгдсэн дүр зургийг харуулж байна. Өсөлтөнд оруулсан бүтээгдэхүүний цэвэр татварын хувь нэмэр өмнөх оны улирлуудынхаас багасаж 0,8% болсон нь секторуудын идэвхижил бүтээгдэхүүний цэвэр татваргүйгээр нэмэгдэж өсөлтөнд оруулсан хувь нэмэр нь өссөнийг харуулж байна. Гэхдээ эдийн засгийн секторуудын үнийн дефляторуудын өсөлт нь бодит үйлдвэрлэлийн өсөлтөөс илүү, ялангуяа үйлчилгээний секторын дефляторын өсөлт эрс нэмэгдсэн нь нийт эдийн засагт инфляцийн дарамт нэмэгдсэнийг харуулж байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтөнд тогтвортой чанар (sustainability), хүртээмжтэй чанар (inclusiveness) хоёрыг онцгой анхаарах, бизнес, хөрөнгө оруулалтын орчины реформ хийх (зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулах, хөрөнгө оруулалтын орчины тогтвортой байдал гэх мэт) асуудал 2019-2020 оны гол, хойшлуулшгүй зорилт юм.
Холбоотой мэдээ