МХЕГ-аас алт олборлогчдыг дэмжихээ илэрхийлж, Газрын дарга Ш.Раднаасэд, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэ үеэр МХЕГ-ын газрын дарга Ш.Раднаасэд “Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид алт олборлогч, аж ахуйн нэгжийг дэмжин ажиллана. Гэхдээ хүний амь насанд халтай, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулсан тохиолдолд хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна. Харин бусад тохиолдолд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлмээр байна” гэдгийг онцлов.
Энэ үеэр Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-МХЕГ-тай хамтран ажиллах баримтад гарын үсэг зурснаар алт олборлогч, байгууллагуудад ямар боломж нээгдэх вэ?
-Нэг зүйлийг дурьдахад, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс алт үйлдвэрлэлээрээ эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломж бий гэдгийг харуулж чадсан.
2014 онд 13.8 тонн алт буюу 560 сая ам.долларыг дотоодын нөөцөөрөө бий болгож, улсдаа тушааж чадсан. Өр, зээл, бонд биш, зөвхөн дотоод нөөцөөрөө үүнийг бүрдүүлсэн. Цаашид энэ мэтчилэн өөрсдийн дотоод нөөцөө дайчлан ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр МХЕГ-тай хамтын ажиллагааны баримтад гарын үсэг зурлаа. Нэг дор бүх боломжийг нээнэ гэж байхгүй. Цаг хугацааны дарааллаар боломжийг нээж байна. Мэдээж алтны салбарт хатуу, чанга хууль мөрдөгддөг. Бодит амьдрал дээр нийцэх нь бага. Амьдрал дээр нийцэх нь бага байдгаас хууль бус явдал гардаг. Гэвч нөгөө талаас татвар төлөгч, баялаг бүтээгчид бид хуулийнхаа хүрээнд ажиллахыг эрмэлзэж өнөөдрийн баримтад гарын үсэг зурж байгаа юм.
-Энэ жил манай улс 20 тонн алт олборлох зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар хэр биелэлттэй байна вэ?
–Өнөөдрийн байдлаар нэг тонн 800 кг алтыг Монголбанкинд тушаагаад байна. Сөрөг талаас нь харвал жил дундаа орсон байхад дөнгөж тонн гаруйхан алт тушаасан гэж болно. Урт нэртэй хуулийг мөрдөх журамтай холбоотой хуулийн зохицуулалт, хил хязгаарыг нь тогтоох процесс нь өөрөө техникийн болон ойлголцлын маш их зөрүүтэй байна. Энэ мэт байдлаас үүдээд удаашралтай байгаа. Эерэг талаас нь харвал, 7-9 дүгээр сард алтны өндөр ургацын жил байдаг. Тиймээс энэ саруудад эрчимжинэ гэж найдаж байна. Төлөвлөөд байгаа 20 тонндоо хүрэхэд найдвар тасраагүй байна.
-Төлөвлөгөөндөө хүрэхэд наад зах нь алт олборлогчдын техникийн хоцрогдсон байдал хүндрэл үүсгэдэг гэдэг. Үүнийг шийдвэрлэж чадсан уу?
-Техникийн боломж, ажилчдын ур чадварын хувьд нэг үе хоцрогдоод байсан. Харин сүүлийн үед харьцангуй сайжирсан гэж болно. Нөхөн сэргээлт, олборлолтын технологи, техникийн хувьд харьцангуй сайжирсан.
Б.ЗАЯА