Хятадын Жианли хотноо Хөх мөрөнд хөлөг онгоцтой живж амь үрэгдсэн 434 хүний цогцосыг өнөөдөр /VI.8/ чандарлаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байна. Хохирогчдыг ар гэрийхнээр нь таниулалгүй, тэдний өгсөн ДНК-гийн дээжтэй харьцуулан хэн болохыг нь тогтоосон аж. Гэхдээ Хятадын албаныхан хохирогчдын цогцосыг чандарлахын өмнө сүүлчийн удаа ар гэрийнхэнд нь харах боломж олгосон байна.
“Дорнын од” аялалын хөлөг энэ зургадугаар сарын 1-нд Хөх мөрөнд живж осолдсон юм. Ослоос ердөө 14 хүн амь аврагдсаны дунд хөлгийн ахмад, инженер зэрэг хүмүүс байжээ. Хөх мөрөнд живсэн 77 метр урт хөлгийг өчигдөр /VI.7/ татан гаргаснаар илүү олон зорчигчийн цогцосыг олж гаргасан аж. Одоогийн байдлаар найман хүний цогцосыг олж чадаагүй байна.
Хятадын албаныхан хөлгийн ахмад, инженерийг осолд сэжиглэн баривчилсан боловч мөрдөн байцаалтын мэдээллийг олон нийтээс нууцалж байна. Ослыг хүчтэй шуурганаас болсон хэмээн тайлбарлаж буй.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА