Алслагдсан хорооны сурагчид гурван ээлжээр хичээллэхгүй | News.MN

Алслагдсан хорооны сурагчид гурван ээлжээр хичээллэхгүй

СОШИАЛ БА БОДИТ БАЙДАЛ

Алслагдсан хорооны сурагчид гурван ээлжээр хичээллэхгүй

Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороонд 2018 оны байдлаар цэцэрлэгт хамрагдаагүй 10 мянга гаруй хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэдэг гэсэн судалгаа бий. Иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг албаны хүмүүсээс удаа дараа шаардаж буй. Засгийн газраас ч энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжээр хичээллэж байгааг таслан зогсоох амлалт өгсөн.

БСШУСЯ-аас гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2019-2020 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр хоёр ээлжид шилжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 142 цэцэрлэг, 97 сургууль барихаар төлөвлөөд буй.

Өнгөрсөн жилээс Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор гурван ээлжээр хичээллэхээ больсон юм байна.

Нийслэлийн хамгийн алслагдсан дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүрэг хүн амын тоогоор ч их учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй. Үүнтэй холбоотойгоор цахим ертөнцөд  “104-р сургуульд 640 хүүхдийн өргөтгөл бариад одоо нэг ээлжээр хичээллэж байна. Гэтэл 380 хүүхдийн сургууль хажууд нь бариад хүүхэд байхгүй аргаа бараад цэцэрлэг болгосон. Тэгсэн дахиад яг зэрэгцүүлээд том сургууль барьж байгаа. Ийм байж болохгүй” хэмээн сошиалд бичсэн нь олон хүний анхааралд өртсөн. Тиймээс ч бид энэхүү мэдээллийн дагуу 104-р сургуулийг зорихоос гадна Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сурвалжлахаар зорьсон юм.

Сонгинохайрхан дүүрэгт 2019 онд ашиглалтад орох сургуулийн барилга, өргөтгөлийн барилга нийт 11 байгаа аж. Хүчин чадал 6840 суудал.  Үүнээс сургуулийн барилга – 5 /7, 23, 25, 26, 32-р хороо/, сургуулийн барилгын өргөтгөл – 6 /9, 62, 106, 107, 122. Ирээдүй I бага/, шинээр эхлүүлэх сургуулийн барилга 5 /4, 6, 20, 28, 31-р хороо/, 2019 онд нийт 22 цэцэрлэг  /1, 2, 4, 5, 10, 11, 16, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 28, 31-р хороодод/-ийн барилга ашиглалтад оруулахаар төлөвлөж, барилгын ажлуудыг эхлүүлжээ.

Тус дүүргийн 104-р сургуулийн өргөтгөл ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрчээ. Өргөтгөл ашиглалтад орсноор гурван ээлжээр хичээллэж байсан сурагчид хоёр ээлжид сургууль амрахаас багагүй хугацааны өмнө оржээ. Сургуулийн сурагчдын зүгээс болон эцэг эхчүүдийн зүгээс ч гурван ээлжээр хичээллэхээ больж, хүүхдүүдээ оройн цагаар зөөх, харанхуйтай уралдахаа больсон гэдгийг хэлж байлаа. Тэдний төлөөлөл Б.Отгонжаргал “Зүүн салааны уулзвар өнгөрөөд долоо найман буудлын дунд ганцхан сургууль, цэцэрлэгтэй. Хэдэн жилийн өмнө хүүхдээ оройн цагаар зөөхөд бэрх байсан. Энэ хавьдаа ганцхан 104 сургууль байдаг болохоор хүмүүс хүүхдээ өгөхөөс аргагүй. Гуравдугаар ээлжийн хичээл орой тардаг болохоор хүүхдүүд гэртээ харихдаа согтуу хүн, нохойноос айх, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байсан. Нэг үеэ бодвол өргөтгөл нь ашиглалтад орсноор сургуулийн ачаалал эрс буурсан” гэж ярилаа.

104 сургууль  2006 онд ашиглалтад орсон бөгөөд 2008 оноос эхлэн 10 жилийн хугацаанд гурван ээлжээр хичээллэж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд бага ангийн найман  бүлгийг 376 сурагч гуравдугаар ээлжинд хичээллэж байсан юм байна.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах долоон сургууль, нэг цэцэрлэг барих төсөл өнгөрсөн жилээс эхэлжээ. Ингэхдээ алслагдсан хорооны хүүхдүүдэд дэлхийн хэмжээний боловсролыг хүргэхээр зорьж бүтээн байгуулалт эхэлсний нэг нь 104 сургуулийн өргөтгөл.Түүнээс гадна тус хороонд кембрижийн гэх тодотголтой сургуулийг шинээр барьж эхэлжээ.

Энэхүү сургууль нь 640 хүүхдийн суудалтай бөгөөд 104 дүгээр сургуулийн ачаалал буурч, хоёр ээлжинд бүрэн шилжих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцлов. Сургуулийн барилгыг 18 сарын дотор барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

КЕМБРИЖИЙН СУРГУУЛЬ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Энэхүү шинэ сургууль нь сошиал орчинд өрнөөд байсан нэг сургуулийг зэргэлдээ дахин нэг сургууль барьж буй гэх барилга аж. Угтаа бол ойр орчмын хороодын хүүхдүүдийг хамруулах, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын ачааллыг тэнцүүлж хоёр ээлжид шилжүүлэхэд энэхүү сургууль чухал үүрэгтэй гэнэ. Тиймээс ч биднийг очиход сургуулийн барилгын ажил ид өрнөж байлаа.

Барилгын үйл явцын талаар тус компанийн инженер  Г.Шийлэгбатаас тодруулахад  “Энэ сургууль нь олон улсын жишигт нийцсэн сургууль юм. Одоогоор гадна нь тохижилтын ажил дутуу байна. Нийтдээ 640 хүүхдийн сургууль бөгөөд  барилга угсралтын ажил дуусч, дотоод заслын ажил эхэлж байгаа. Ирэх есдүгээр сарын 10-ны дотор барилгыг хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй, хөрөнгө оруулалт саатахгүй бол хугацаандаа амжина" гэлээ.

Тус сургуулийн дэргэд сагсны талбай, хөлбөмбөгийн талбай зэрэг орчин үеийн бүрэн тохижилттой, Кембрижийн сургалтттай сургууль болох юм байна.

Дашрамд, тус сургууль нь хэдэн бүлэгтэй байх, багш боловсон хүчнийг хэрхэн сонгох шалгаруулах асуудал нь одоогоор тодорхойгүй байгааг салбар яамнаас мэдээллээ.

Мэдээж алслагдсан дүүрэг, хүн амын нягтрашил ихтэй хороодод, тэр дундаа нийслэлд нэг ч гэсэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох нь хаалганы цаана түгжээтэй хоцордог хүүхдүүд, гурван ээлжээр оройны бүрэнхийтэй уралддаг олон хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалт.

Эцэст нь онцлоход,  сошиал орчинд тарсан мэдээлэл бүхэн үнэн, бодит биш гэдгийг 104-р сургуулийн талаар сошиалд тараасан мэдээлэл тодотгов: Сошиал орчинд тарсан мэдээлэл болон бодит байдал хоёрыг харьцуулахад ийм байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-04 202.21.102.231

surguuli tsetserleg hezee ch iluudehgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж