Европыг эзэгнэсэн Ливерпүүлын аялал

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Европыг эзэгнэсэн Ливерпүүлын аялал

Европыг эзэгнэсэн Ливерпүүлын аялал

Английн алдарт Ливерпүүл клуб Европын клубуудын ноён оргил дээр гарлаа. Тэд Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн “дэлдэн чихт” цомыг 6 дахь удаагаа өргөснөөр Английн хамгийн шилдэг баг гэдгээ дахин батлан харуулав. Өнгөрсөн жил аваргуудын лигийн шигшээ шатанд Реал Мадрид клубт харамсалтайгаар хожигдож байсан бол энэ жил Ю.Клоппын удирдсан залуус хасагдах шатнаас дэндүү сайн тоглож, маш итгэлтэйгээр аваргуудын лигт түрүүллээ. Одоогоор Ливерпүүл клубтэй дүйх амжилтыг үзүүлсэн баг Англид төдийгүй Европт тун цөөхөн. Англидаа бол тэдэнтэй дөрөө харшуулах клуб байхгүй. Харин Европт Реал Мадрид 13 түрүүтэй, АС Милан 7 түрүүтэй эхний 2-т бичигдэж байгаа бол Ливерпүүл тэдний араас 6 цомтой эхний 3-т бичигдэж эхэллээ.

Ливерпүүл клубын аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудыг харвал тун ээдрээтэй байсан. Хэсэгтээ 3 хожиж, 3 хожигдсон. Нэг хэсэгт багтсан багууддаа бүгдэд нь хожигдсон бол бас бүгдийг нь хожсон. Ялангуяа хэсгийн сүүлийн тоглолтоо Наполи клубтэй талбай дээрээ хийж М.Салахын гоолоор ялалт байгуулснаар хасагдах шатны эрхээ дөнгөж л авсан юм. Хэрвээ Наполи клубтэй тэнцэх эсвэл хожигдоход л тэмцээнээ өндөрлүүлэх байсан. Гэхдээ хасагдах шатанд Ливерпүүл клуб Европын дэвжээнд хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж Бавари Мюнхен, Порто болон Барселона клубуудыг ээлж дараалан буулгаж авснаар шигшээ тоглолтонд шалгарсан юм.

Шөвгийн 16-д Бавари Мюнхен клубтэй эхний тоглолтоо өөрсдийн талбайдаа хийж 0-0 харьцаатай өндөрлөсөн. Нэг талаар энэ үр дүн тун аюултай боловч хариу тоглолтонд Германы аварга загас Бавари Мюнхен клубыг талбайд нь 3-1 харьцаатай хожиж дунд шөвөгт шалгарсан. Дунд шөвгийн сугалаагаар Порто клубтэй таарахад хагас шигшээд шалгарах нь бараг л тодорхой болсон. Учир нь өнөөгийн Ливерпүүл клуб Порто клубээс толгой илүү байгаа. Үүнийг ч Ливерпүүл клуб талбай дээрх тоглолт болон үр дүнгээр хангалттай харуулсан юм. Ингээд дунд шөвөгт Испаний хүчирхэг баг Барселонатай таарсан. Барселона клубтэй хийсэн эхний тоглолтын дараа Ливерпүүл клубын аялал энд хүрээд өндөрлөлөө гэж харагсад дэндүү олон байсан болов уу? Арга ч үгүй биз. Хоёр багийн эхний тоглолтын үр дүн 3-0. Үр дүн Барселона клубын талд байв.

Хариу тоглолт хэний ч таамаглаж байгаагүй үр дүн гарсан. Тоглолтын дараа Барселона клубын довтлогч Л.Месси “миний Барселона клубын ахлагчийн туузтай эхний улирал гайхалтай байлаа. Гэхдээ энэ бүгдийг Ливерпүүл клуб үгүй хийлээ” хэмээн хэлсэн. Үнэхээр ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Барселона клубын шинэхэн ахлагч Л.Месси ба түүний нөхдийг Ливерпүүл клубын тоглолт, “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгал бүтэн үгүй хийсэн. Барселона клубт 3-0 харьцаатай хожигдоод хариу тоглолтонд 4 гоол оруулж эргэн ирэлт хийнэ гэдэг тийм ч амаргүй даалгавар. Гэхдээ үүнийг Английн алдарт ЛИВЕРПҮҮЛ клуб хийж чадсан юм. Испаний Барселонаг буулгаж авсан Ливерпүүл клубын хувьд шигшээ тоглолтонд өрсөлдөгчөө буулгаж авна гэдэг тийм ч хүнд даалгавар биш байсан. Эрэмбэ, зангарага, түүх, амжилт гээд яриад байвал Ливерпүүл клуб яалт ч үгүй Европын шилдэг клуб. Үүнийгээ ч тэд “Ванда Метрополитано” цэнгэлдэх хүрээлэнд батлан харуулж 2-0 харьцаатай Тоттенхэм Хотспур клубыг хожин аваргуудын лигийн 6 дахь цомоо өргөлөө. Өнгөрсөн улирал шигшээ тоглолтонд нулимастайгаар хожигдож байсан бол энэ жил тэд дэндүү итгэлтэйгээр аваргуудын лигийн цомыг хүртэж чадлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж