МАН: Сонгуулийн нэг тойрогтой байх санал дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

МАН: Сонгуулийн нэг тойрогтой байх санал дэвшүүлэв

МАН: Сонгуулийн нэг тойрогтой байх санал дэвшүүлэв

МАН-ын бүлгийн өнөөдрийн  /2019.06.03/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Тус хуулийн төсөл нь УИХ-аас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүхэд хянахгүй байх зохицуулалттай хууль юм. Үүнийг эсэргүүцэн Ерөнхийлөгчийн зүгээс хуульд бүхэлд нь хориг тавьсан ч  МАН-ын бүлэг хоригийг хүлээж авсангүй.

Хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь  ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор түүний орны хүнийг томилох асуудлыг хэлэлцээд   УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж буй Г.Баясгалангийн нэрийг санал оруулж ирснийг  мэргэжлийн хүн гэж үзээд  бүлгийн гишүүд дэмжсэн байна.

Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй төслийн талаар ажлын хэсгээс мэдээлэл сонсчээ. Өнгөрсөн онд УИХ-ын даргын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах  ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж байгаа юм.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өглөө. Тэрбээр “Бүлэг дээр манай ажлын хэсгийн боловсруулсан төслийн талаарх мэдээлэл сонслоо. Сонгуулийн тухай гурван хуулийг санаачилж өргөн барих ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Уг ажлын хэсэгт дан ганц МАН-ын гишүүд гэлгүй  УИХ-д суудалтай улс төрийн нам, бие даагчийн төлөөллийг оруулж  УИХ-ын 12 гишүүн болон бусад хуульч, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Өмнө нь 2015 онд УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах  хуулийг баталж байсан. Энэ хуулийн дагуу 2016 оны шат шатны сонгуулиудыг зохион байгуулсан. Цаашид гурван өөр сонгуулийг нэг хуулиар явуулах эрхзүйн боломжгүй байна гэдэг том сургамж авсан. Үүний дагуу энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүрийнх нь хуулиар явуулах зайлшгүй шаардлага  бий болсон гэж үзэн өөрчлөлт оруулж байна. Өмнө нь манай улс долоон удаа сонгууль явуулахдаа дөрөвд нь жижиг мажоритараар хийсэн бол гурван удаад нь том мажоритар болон холимог тогтолцоогоор явуулсан байна.

Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоогоор явуулах нь зөв гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа эрх барьж буй намын талд баталдаг байсан. Цаашид ард түмэнд ашигтай байх талаас Сонгуулийн хуулиа өөрчлөх  нь зөв гэж ажлын хэсэг үзээд  дөрвөн хувилбар дээр ярилцсан.

1-рт, том мажоритар

2-рт, бүс нэг буюу бүсчилсэн тойрог

3-рт, жижиг мажоритар

4-рт улс нэг тойрог байх хувилбар оруулж ирсэн. Эдгээр дөрвөн хувилбараас аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлоготой нийцэх вэ гэж үзээд Монгол улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүн  улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойргийн, жалгын систем дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хэдэн хэсэг хуваадаг байсан. Иймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх шийдвэрт хүрсэн" гэлээ.

Хууль  тогтоомжийн тухай хуулиудын дагуу хэлэлцүүлэг, үнэлгээг хэдэнтээ зохион байгуулж  зөвхөн Засгийн газраас л санал авах үлджээ. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг улс төрийн 26 нам, төрийн бус байгууллага найман байгууллага, төрийн байгууллага /УБЕГ, СЕХ гэх мэт/-ыг оролцуулсан хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, 230 гаруй санал ирснээс  135 саналыг нь хүлээж авах боломжтой гэж үзсэн байна.

Тухайн улс төрийн нам хамгийн дээд тал нь 76 хүнийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах юм байна. Тухайлбал,  700 хүн нэр дэвшинэ гэж тооцоход хамгийн олон санал авсан эхний 76 хүн  УИХ-д сонгогдох аж.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Сонгуулийн тухай хуульд цахим орчинтой холбоотой ямар заалт орох вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Нэг л зарчмыг баримтална. Сонгуулийн үеэр тухайн иргэний  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдахгүй. Бүртгэгдээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох гэх мэт бусад улс орнуудад сонгуулийн үеэр ашигладаг зохицуулалтыг хэрэглэнэ. Фейсбүүк компани манай улсад гурван удаа ирж ажиллахдаа бусад улстай сонгуулийн үеэр яаж хамтарч ажилладаг болох талаарх туршлагаа хуваалцсан. Энэ хүрээнд Фейсбүүк компани нэлээд хэдэн санал өгсөн. Улс орнууд сонгуулиа тусгаар тогтносон хэлбэрээр хийж чадаж байгаа эсэх өнөөдөр ч гэсэн эргэлзээтэй байгаа. Гаднын нөлөөлөл буюу троллиудыг яаж зохицуулах уу гэдэг асуудал. Сонгуулийн үеэр улс орнуудтай Фейсбүүк компани маш ойр ажиллаж байгаа юм билээ. Тус компани дотроо улс орнуудын сонгууль хариуцсан бүтэцтэй болж, үүгээрээ дамжуулж сонгуулийн үеэр хамтарч ажиллах боломжтой гэдэг саналаа хэлсэн.

-Сонгуулийн сурталчилгааны хоногт өөрчлөлт орох уу?

-Хоног өмнөхөөрөө хэвээр.

-Нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танай бүлэг хүлээж авах уу?

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ талаар хэлэлцээгүй.  Хэнтийн 42 дугаар тойргийн сонгууль явагдах ёстой гэж үзэн УИХ шийдвэрээ гаргасан. Энэ нь баталгаажих болов уу гэж бодож байна.

-АН-ын зүгээс Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа гэж хэлж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Би хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон. Өөрийнхөө гаргасан тогтоолыг би 100 хувь хамгаалсан. Захиалга гэж юу байх вэ. Үндсэн хууль зөрчөөгүй гэж би хэлнэ. Сонгуулийн хуулийн зарим заалт салаа утгатай байна гэж хэлж байсан. Бид хуулиа уншиж, тайлаад нөхөн сонгуулийг зарлах тогтоолыг баталсан. Гуравдугаар сарын 1-нээс өмнө нөхөн сонгуулийг зарлахгүй бол Аудит 120 хоногийн өмнө зардлын дүгнэлт гаргадаг учраас хоёрдугаар сарын 02-ны өдөр тогтоолыг баталсан.

-Одоо энэ асуудал хэрхэх вэ. Нөхөн сонгуулийг явуулах боломж байгаа юм уу?

-Энэ долоо хоногт Цэцийн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Би дээрх байр сууриа илэрхийлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж