"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн дөрөвдүгээр ботийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2019.06.03) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулсан шийдвэрийг шүүгч, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй хараат бус ажлын хэсэг шалгаруулж хамгийн өндөр үнэлгээ авсан шийдвэрүүдийг эмхэтгэдэг уламжлалтай. Бүх шатны шүүхээс ирүүлсэн 337 шийдвэрээс ажлын хэсэг 57-г нь шалгаруулж "Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть”-д нийтлүүлжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж энэхүү бүтээлийг "Монгол Улсын эрх зүйн хөгжлийн түүхийн чухал эх сурвалж болж үлдэнэ” хэмээн үнэлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн брэнд бүтээгдэхүүний нэг болох уг бүтээл нь Монголын хуульчдын, хууль зүйн ертөнцийн толь болж үлдэхээрээ ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцоллоо. Мөн "Шүүхийн ерөнхий зөвлөл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтарсан төслийн хүрээнд шүүхийн шийдвэр бичих, үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулсан. Энэ аргачлалыг сонгомол шийдвэрийг сонгон шалгаруулахдаа ашиглаж байгаа” гэж тодотгосон юм.
Сонгомол шийдвэр шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Оюунтунгалаг "Шүүхийн шийдвэрийг хуулийн толь гэж үздэг. Хуулийг шүүх хэрэглэвэл ямар үр дагавар үүсэхийг толь мэт харуулж байдаг зүйл бол шүүхийн шийдвэр. Шүүхийн сонгомол шийдвэрийг хараат бусаар, тодорхой шалгуураар сонгодог. Сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь хууль зүйн хөгжлийн чиг хандлагыг харуулах учраас шийдвэрийг сонгохдоо тодорхой шалгуураас гадна олон төрлийн маргаанд хуулийг хэрхэн хэрэглэж байгааг харуулах нь зохимжтой гэж үзсэн. Мөн хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой гэж үзсэн магадлал, тогтоолыг оруулах нь зохимжтой гэдэг чиглэлийг барьж ажиллалаа” гээд уг эмхэтгэлийг "Хууль амьдралд хэрхэн бууж байгааг харуулж байгаагаараа түүхэн ач холбогдолтой” гэж онцоллоо.
Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь судалгаа, сургалт болон иргэдэд эрх зүйн боловсрол олгоход өндөр ач холбогдолтойг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Н.Норовсамбуу тодотгосон юм. Цаашид хэргийн материалыг сонгож эмхэтгэх, шүүхийн шийдвэрүүдийг сэдэвчилж, судлаачдын байр суурьтай хамтатгах саналыг тэрбээр гаргав.
Энэхүү эмхэтгэлд шийдвэр нь орсон шүүгчдийн төлөөлөл болох Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг "Хуульчийн оргил нь шүүгч. Энэхүү оргилын бүтээл нь шүүхийн шийдвэр байдаг учраас шүүгчид хууль хэрэглээ, үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг оновчтой тодорхойлохдоо анхаарч, чин сэтгэлээ зориулдаг. Энэ ажилд шүүгчээс гадна шүүхэд ажиллаж байгаа бүх хүн зүрх сэтгэлээ зориулдаг. "Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” бол шүүгчдийн хувьд ширээний ном, гарын авлага болдог. Шүүгчдийн гаргаж буй бүтээл бүр сонгомол байгаасай” гэв.
"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн дөрөвдүгээр ботийн нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн Цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, судлаачид оролцлоо.
"Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть” -ыг ЭНД дарж татаж авна уу.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС