С.Баярын бахархал ба ШХАБ-ын шахалт

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

  С.Баярын бахархал ба ШХАБ-ын шахалт

  С.Баярын бахархал ба ШХАБ-ын шахалт

    Хаа ч юм бэ, бяцхан хулганууд хамтдаа амьдарч,тоглож наадан, нэг насыг элээдэг байж. Тэд бас бидэн шиг өөрсдийн парламенттай байв. Парламентынх нь сонгууль дөрвөн жилд нэг удаа болно. Тэгээд засгийн газраа сонгодог, засгийн газар нь бүдүүн, тарган, хар муурнуудаас бүрдэнэ. Хууль тогтоомжууд бүгд л сайн байв. Муурнуудад. Харин хулгануудад хүндхэн л байлаа. Амьдрал нь улам л дордсоор, улам л муудсаар. Тэгээд байдал тэсвэрлэхүйеэ бэрх болж ирмэгц хулганууд бүгдээрээ сонгуульд оролцоцгоов. Саналын хуудсан дээр хар муурнууд хусагдаж, хулганууд цагаан муурнуудыг сонголоо.

Цагаан муурнууд энэ удаа маш хүчтэй кампани явуулжээ. “Хулганы оронд илүү ил тод байдал хэрэгтэй байна” гэж тэд зарлав. Мөн “Хулганы орны гол бэрхшээл бол энэ муусайн дугуй нүхнүүд юм. Хэрэв та нар биднийг сонговол бид дөрвөлжин хулганын нүхнүүд барих болно” гэж сурталчилжээ. Муурнууд амласнаа биелүүллээ. Харин дөрвөлжин нүхнүүд нь дугуйгаасаа хоёр дахин том байв, ингээд одоо муур хоёр савраа зэрэг оруулах боломжтой болжээ. Амьдрал бүр барзгар болох нь тэр.

Энэ бол одоогоос 75 жилийн өмнө Канадын Шинэ ардчилсан намын тэргүүн Томми Дагласын олонд ярьж “Хулганы орны түүх” хэмээх улс төрийн хошигнолын товчлол.  Монголын амьдрал энэ хошигнолд тэр чигээрээ дүрслэгджээ гэмээр.

Д.Тэрбишдагваар ахлуулсан Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар ид хэлэлцэх үеэр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад худалдааны хэлтсийн дарга Ван Яжун МАН-ын дарга нарын урилгаар Монголд ирж, тус уурхайгаар ороод гарсан нь санамсаргүй давхцал гэхэд дэндүү гэнэн тайлбар болох биз.  Хятад дарга айлчлалынхаа гол зорилгыг тайлбарлахдаа “Хоёр улсын удирдлагуудын тохирсон  асуудлаар хамтын ажиллагааг идэвхжүүлж, сайн сайхны төлөө хамтран ажиллахад чиглэгдэж байгаа”-г тодотгожээ.

УИХ-аас 2018 оны гуравдугаар сард Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулсан бөгөөд өнгөрсөн хавар дүгнэлтээ гаргаж, ахалж ажилласан Д.Тэрбишдагва нь “Гэрээг цуцлах ёстой” гэсэн товч тайлбар хэлсэн нь хувь хүний үг  гэхээсээ Монголын парламентын байр суурь болж сонсогдсон юм.

Монголын парламентын 75 гишүүн дунд Оюутолгойг гэрээг цуцлах, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг “шоронд” хорих сонирхолтой улстөрч цөөнгүй. Чаддаг бол Рио-Тинтог хөөж гаргах сонирхол тэдэнд бий, гэхдээ энэ сонирхлын ард дахь эрх ашиг нь харин Монголын төлөө юу, баавгайн талын байр суурь уу гэдгийг ялгахад үнэндээ хэцүү. Яагаад гэвэл адгийн шаарууд эх орончийн дор амь хоргоддог гэж үгтэй.

Гишүүдийн байр суурийг тоймловол, “ Рио-Тинто хөрөнгө оруулагч биш мөнгө хүүлэгч байна”, “Монголчуудын толгой дээр гараад суучихаж”, “Гэрээг цуцлах үндэслэл олон байна”, “Ашиг хүртэх нь битгий хэл харин ч өрөнд орох нь”, “Тал еэвэнгийн үлгэр боллоо” гэх мэт дан популимз.  Сонгууль ойртсон, Рио-Тинто руу дайрах зуух ноход Монголын улс төрд угаасаа дэндүү олон.

Оюутолгой бол зуун жилийн настай Монголд төдийгүй дэлхийд томдоо тооцогддог төсөл. Том төслийн ашиг нь хамгийн сүүлд гардаг.   Төсөл хэрэгжүүлэх явцад  ТЭЗҮ нь 5-6 удаа гарна, дэлхийн зах зээл дээрээс санхүү босгох үйл явц мөн 5-6 удаа хийгдэнэ. Харамсалтай нь, үүнийг ойлгох гишүүн Монголын парламентад тун цөөн.

Гүний уурхайн бүтээн байгуулалтад одоогоор  9 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2022 онд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт санхүүжилт нь  12 тэрбум ам. доллар болох гэнэ. Харин үндсэн зээлээ хувьцаа эзэмшигчид төлж дууссаны дараагаас 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхлэх тооцоотой.

Гэтэл Монголын парламентын гишүүд энэхүү төслийг ЖДҮ сангаас зээл “хусаад” банк бус санхүүгийн байгууллагаараа мөнгө хүүлдэг шигээ төсөөлж буй.

Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархаж явдгаа Ерөнхий сайд асан С.Баяр хэзээ нуудаггүй. Учир нь, Оюутолгойн гэрээг цуцалбал, эхний ээлжид уурхайд ажиллаж буй 17 мянган хүн ажил, орлогогүй болно. 618 ханган нийлүүлэгчид дампуурлаа зарлана. Төсөвт төвлөрүүлдэг 322 сая ам.доллар байхгүй болно. Эмч, багш нар цалингүй үлдэнэ. Энгийнээр тайлбарлавал нэг ийм.

Харин том агуулгаар нь авч үзвэл Оюутолгой бол үндэсний аюулгүй байдлыг хамгаалагч. Хоёр том гүрний дунд орших Монголын тусгаар тогтнолын нэг “баталгаа”. Хэрэвзээ С.Баяр бахархах зүйлгүй болбол Монгол ШХАБ-д элсэнэ гэсэн үг. Шанхайн ломбардад улсаараа барьцаанд тавигдах тийм сайхан гэж үү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж