Б.Бат-Эрдэнэ: Багийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ: Багийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ

Б.Бат-Эрдэнэ: Багийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн зарим сумдад ажиллаж, Малчдын зөвлөгөөнд оролцов.

Тэрбээр иргэд, малчдад УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулаад тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар тайлагнав. Мөн сумын иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Малчдын бүлэг”-үүдийн сайн жишиг, туршлагуудтай танилцсан юм.

АЙМАГТАА АНХНЫ “МЯНГАТ МАЛЧДЫН ХОЛБОО”-Г БАЙГУУЛЛАА

Улсын тэргүүний Өмнөдэлгэр сум “Мянгат малчдын зөвлөгөөн-2019”-өө (2019.05.30) хийлээ. Тус сум 5800 гаруй хүн амтай, 7 багтай бөгөөд 1300 гаруй малчин өрхтэй. Энэ оны байдлаар 131 мянгат малчинтай болсон нь Хэнтий аймагтаа эхний хоёрт орох үзүүлэлт юм. Мөн 572.6 мянган мал тоолуулж, улсын хэмжээнд хамгийн олон малтай сумаар шалгарчээ.

Уг зөвлөгөөнөөр аймагтаа анхны “Мянгат малчдын холбоо”-г албан ёсоор байгууллаа. Ингэснээр малчид нэгдсэн зохион байгуулалтад орж, өөрсдийн эрх ашгаа хамгаалах, дотооддоо асуудлаа бие даан шийдвэрлэх, хамтын хөдөлмөр эрхлэх, нийгэмд тустай ажил хийх, бэлчээрийг зөв зохистой ашиглах зэргээр ажиллах юм байна. “Мянгат малчдын холбоо” нь төрийн бус байгууллагын түвшинд ажиллах бөгөөд дундын санг үүсгэж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэнэ гэдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар хэлсэн юм.

Зөвлөгөөний үеэр “Бэсрэг наадам” зохион байгуулж, буухиа тэмцээний аваргуудаа тодруулсан юм.

Б.БАТ-ЭРДЭНЭ: БАГИЙН ХӨГЖЛӨӨС УЛСЫН ХӨГЖИЛ ЭХЭЛНЭ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн нар (2019.05.31) Хэнтий аймгийн Баянмөнх суманд ажиллаж, “Малчдын бүлэг, хэсгийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Баянмөнх сум 2019 оныг “Малчдын бүлэг, хэсгийг дэмжих жил” болгон зарлаж, малчны бүлэг, хэсгүүдийн ажиллах журмыг баталсан байна. Нийт 29 малчны бүлэг байгуулагдаж, малчид хамтран ажиллаж эхэлжээ. 2007 оноос өрхүүдээ бүлгийн зохион байгуулалтад оруулсан бөгөөд энэ жилээс аравтын тогтолцоотой болж эхэлжээ. Тухайлбал, “Мөнх-Оргил” бүлэг нь 11 өрхийн 52 гишүүнтэй. Тэд сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, орон нутгийн нөөцөд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлж амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран төлөвлөж, зохион байгуулж ажилладаг. “Малчид бид л өөртөө эзэн, нутагтаа эзэн, эх орондоо эзэн нь болж, хөгжүүлэх ёстой.  Түүнээс дээрээс хэн нэг нь ирээд хөгжүүлнэ гээд хүлээгээд сууж болохгүй. Орон нутгаа хөгжүүлэгч нь иргэн бид өөрсдөө. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүдэд өөрсдийн дуу хоолойг өргөж, санал бодлоо тусгуулж болдог юм байна гэдгийг ойлгосон. Бид өөрсдөө оролцож, хэлэлцсэний үр дүнд иргэдийн санал санаачилга, хүсэлтийг харгалзан төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа шийдвэр нь бодитой, хэрэгжихүйц, иргэдийн хүсэн хүлээсэн шийдвэр болж чаддаг юм байна” гэж бүлгийн ахлагч Ж.Пүрэвчулуун хэлж байлаа.

“Манай баг малчны 7 бүлэгтэй. Багийн Засаг дарга болон сумын удирдлагатай хамтран айл өрх бүрээр орж, цаг үеийн асуудлуудыг танилцуулж, малчдын санал бодлыг сонсож ажилладаг. Тухайлбал, Малын генетик нөөцийн тухай, 
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад орон нутгийн мэргэжлийн байгууллага, малчид, аж ахуй эрхлэгчдийг оролцоог хангахад чиглэсэн уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, хуулийн танилцуулгыг хийсэн. Багийн иргэдийн нийтийн хуралдаан ирц сайтай болдог болсон. Хүн мэдээлэл болоод ирэхээр идэвхтэй болдог юм байна. Мөн бүлгээрээ хамтран нийгэмд тустай ажил хийдэг. Саяхан малжуулах төсөлд дөрвөн залуу малчинг тус бүр 4 сая төгрөгийн төсөлд хамруулсан. Баг, бүлгээрээ хамтран бэлчээр ашиглалтыг төлөвлөгөөтэйгөөр сайжруулах бэлчээр менежментийн төлөвлөгөөг боловсруулаад хэрэгжүүлж байгаа. Ингэснээр бэлчээр, өвөлжөө хаваржааны газрын маргааныг шийдвэрлэсэн” хэмээн Баянбулаг багийн дарга Б.Лхагвасүрэн танилцуулав.

Хэнтийн аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх өөрийн суманд хэрэгжүүлж буй “Аравтын зохион байгуулалттай малчдын бүлэг”-ийн талаар танилцуулж, “Хандлага ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус сумын “Аравтын зохион байгуулалттай малчдын бүлэг”-ийн зохион байгуулалт нь аймагтаа төдийгүй улсдаа жишиг болж байгаа юм. Баян-Овоо сум 4 багийн 28 малчны бүлэгтэй.

Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх “Аль ч орон нутагт бэлчээрийн ашиглалт, малчдын өвөлжөө хаваржааны газар олголт, хилийн цэс, иргэдийн шилжилт хөдөлгөөн, төрийн мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдээс мэдээлэл авах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудал тулгамдаж байдаг. Иймд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр “Аравт” төслийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх асуудлуудыг бүгдийг нь шийдэж чадсан.  Орон нутгаа хөгжүүлэхэд иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй, оролцоотой байх нь хамгийн чухал. Мэдээлэлгүйгээсээ болж хийж байгаа ажлыг шүүмжилдэг, үл ойшоодог, оролцдоггүй. Иргэдийн саналыг авч, хэлэлцүүлээгүй хийсэн ямар ч ажил явдаггүй. Иргэдээ сайн сонсож, иргэн төвтэй үйлчилгээг үзүүлэх ёстой. Мөн иргэдийн хандлагыг өөрчилж чадвал зорилгоо зөв тодорхойлж, үйл ажиллагаанд ч өөрчлөлт дэвшил гардаг. Аравтын зохион байгуулалт аж ахуйн, цэргийн, захиргааны шинжтэй үүргүүдийг гүйцэтгэдэг. Манай сумын тухайд сумын Засаг дарга, багийн даргад мэдээлэл өгөөд багийн дарга аравтууддаа дамжуулдаг” гэлээ.

Сум болон аймаг хоорондоо харилцан туршлагуудаас хуваалцаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ илэрхийлсэн юм. Тэрбээр “Багийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ. Монголын эзэнт гүрний үед гэр бүл бүрийг хүчирхэг байлгахын тулд ижил чадвар, хүчтэй аравтын бодлого баримталж байсантай холбоотой. Өрх гэрт төрт ёс тогтвол, улс гэр төрт ёс тогтоно гэдэг. Өөрсдийн санаачилгаар нэгдэж, сэтгэлтэй, зүтгэлтэй байгаа цагт хөгжлийн гарцаа төвөггүй олно. Сум, багийн хөгжлийг дэмжиж ажиллана” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нутгийн зөвлөлийн төлөөлөгч нар Хэнтий аймгийн Баянмөнх сумын хэрэгжүүлж буй малчдын бүлэг, хэсгийн зохион байгуулалт, аравтын тогтолцооны талаарх сайн туршлагуудтай таницсан юм.

“Бэлчээр ус нэгтэй малчид маань эвлэлдэн нэгдэж бэлчээр ашиглалтын “Малчдын бүлэг”-ийг байгуулаад байна. Эдгээр бүлгүүд нь бэлчээр усаа зүй зохистой ашиглах талаар хамтран ажиллах, хамтын хөдөлмөрөө хоршиж байна. Нэг худаг гаргалаа гэхэд тухайн хэсгийнхээ бүх хүний эрх ашгийг бодож худгаа гаргах ёстой. Нэг үгээр хэлбэл хамтын ажиллагаа маш чухал.  Мөн малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулахын тулд хэсэг бүлгээрээ ямар ажлыг шат дараатай хийвэл зохистой вэ гэдгийг өөрсдөө шийдвэрлэх ёстой. Үүний дараа хэсэг бүлгийн малчид маань өөрсдийн ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр хамтарч ажиллах юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд малчдын хэсэг нь дундын санг бүрдүүлэх ёстой. Нэг өрх хэдэн төгрөг гаргаж дундын сангаа бүрдүүлэх вэ гэдгээ ярьж тохиролцоод, дараа нь санд хуримтлагдсан мөнгөө өөрсдөө захиран зарцуулна. Дээр дурдсан зүйлсийг ажил хэрэг болгоход зарцуулна гэсэн үг. Тэгэхээр малчид санхүүгийн хувьд хараат бус болж, өөрсдөд нь яг юу хэрэгтэй байна түүндээ зарцуулах боломжтой болох юм. Суманд тодорхой үр дүн, ахиц дэвшлүүд гарч байгаа. Нэгдэж чадвал хөгжиж чадна. Хийе гэсэн сэтгэл хэрэгтэй” гэдгийг Баянмөнх сумын Засаг дарга М.Цэнгэл хэлсэн.

Зөв төлөвшилтэй, ёс суртахуунтай иргэний бага наснаас нь бэлтгэх зорилгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд 32 цэцэрлэгт “Монгол бөхийн өгөөж” төслийг хэрэгжүүлж, бөхийн дэвжээ байгуулжээ. Мөн өмнө нь ерөнхий боловсролын сургуулиудад “Нутгийн салхи” төслийг хэрэгжүүлж, спортоор дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх олон ажлыг зохион байгуулсан байна.

УИХ-ын гишүүдийг Баянмөнх суманд ажиллах үеэр тус сумын есдүгээр цэцэрлэгийн төгсөлтийн баярын үйл ажиллагаа таарсан юм. Уг үйл ажиллагааны үеэр Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэрэмжит цэцэрлэгийн насны хүүхдийн Үндэсний бөхийн “Аваргын хишиг” барилдаан болж, аваргуудаа шалгаруулсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж