УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тодорхой шийдвэр гаргасан талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “МАН-ын бүлгээс гаргасан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Тэтгэврийн шинэчлэлийн бодлогод суулгасангүй харин ч нийгэмд эсрэгээр тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, арилжааны банкуудтай тохиролцож тэтгэврийн хүүг бууруулах бололцоотой. Ганц тэтгэврийн зээл гэлтгүй эдийн засгийн хүнд үед цалин, орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бий” гэсэн юм.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг манай бүлгээс гаргасан. Гэтэл Засгийн газар өнгөрсөн баасан гаригт гэнэт хурал зарлаж, нэн яаралтай хэлэлцэх гэсэн горимоор 34 хүртэл хувийг төр эзэмших санал оруулж ирж байна. Тиймээс бүлэг Гацууртын ордын хувь эзэмшлийн талаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй гэж үзсэн” тухай тодотголоо.
Мөн тэрээр уул уурхайн том төслүүд дээр Засгийн газар харилцан адилгүй хандаж байна. Нэгийг нь УИХ дээр уяж, заримыг нь ямар ч хараа хяналтгүй хэлэлцүүлж байна. Орд бүр дээр хувийн байр сууринаас хандаж байна гэв. Гацууртын ордын эдийн засгийн үр өгөөжийг нягтлах ёстой гэнэ. Учир нь 10 жилд 250 сая ам.долларын үр өгөөжийг Монгол Улс хүртэнэ гэсэн тооцоолол байгааг нягтлах шаардлагатай гэсэн юм.
Г.ДАРЬ