Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монголдоо тэргүүлэх үүрэн холбооны компаниудад шалгалт хийж, торгуулийн арга хэмжээ авсан талаар өнөөдөр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам/2019.06.03/ мэдээлэл хийв. Тодруулбал, "Мобиком корпораци" ХХК-ийг хэрэглэгчиддээ үйлчилгээнийхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөөгүй, гэрээ нь өөрсөддөө давуу байдал үүсгэсэн гэж үзэн 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан бол "Юнивишн" ХХК-д хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллаагүй гэж үзэн таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
"Мобиком", "Юнивишн" корпораци нь хэрэглэгчдэд үнэн бодит мэдээллээ хүргэдэггүй
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс ирүүлж буй гомдол мэдээллийн дийлэнх хувийг үүрэн холбооны компаниуд буюу харилцаа холбооны салбар эзэлдэг байна. Тухайлбал, “Мобиком" корпораци нь хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний үйлчилгээний талаарх бодит үнэн зөв мэдээллийг өгч ажилладаггүй, тус компаниас иргэдтэй байгуулж буй гэрээ нь хэрэглэгчдийн эрхийг дордуулсан нөхцөл байдал тусгасан зэрэг зөрчлийг ШӨХТГ-аас шалгалтаар тогтоожээ. Иймд тус корпорацийг Зөрчлийн тухай хуулийн 10.2. 3 дахь зүйл заалтаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүрэн холбооны корпорациуд нь шинэ үйлчилгээнийхээ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд өнгөрөх биш хэрэглэгч бүрт хүрсэн үйлчилгээний тухай мэдээлж, энэ дагуу хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагыг тавьжээ.
Мөн "Юнивишн" компани нь нөхөж үзэх үйлчилгээний төлбөрөө 5000 болгож нэмэгдүүлсэн байна. Тус компани нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тухай үнэ тарифын талаар хэрэглэгчдэдээ үнэн бодит мэдээлэл өгч ажилладаггүй болох нь тогтоогджээ. Иймд IPTV –ийн үнэ тарифын нөхцөл байдлыг иргэдэд танилцуулж байхыг шаардаж Зөрчлийн тухай хуулиар таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Цахилгаан бараагаа монгол хэлний тайлбаргүй борлуулдаг зөрчил илэрчээ
Электрон бараа импортолж, худалдаалдаг компаниуд импортын бүтээгдэхүүндээ хэрэглэх зааврыг нь монгол хэлний тайлбартай хүргэдэггүйгээс болж хэрэглэгчид хохирдог зөрчил түгээмэл аж. BSB компанийнхан цахилгаан барааны бүтээгдхүүнд хэрэглэгчдэд хүргэх заавраа монгол хэлээр хүргэдэггүй нь Монгол хэлний тухай хуулийг зөрчсөн тул тухайн аж ахуй нэгж байгууллагыг холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож Зөрчлийн тухай хуулиар таван мянган нэгжтэй тэнцэх буюу таван сая төгрөгөөр торгожээ. Монгол хэлний тухай хууль Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд заасны дагуу хэрэглэгчийг үнэн бодит мэдээллээр хангах ёстой ч энэ хуулийг аж ахуй нэгж компаниуд дагаж мөрддөггүй байна. Энэ хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнд нь эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой аж. Гэтэл уг хуулийн заалтыг дагаж мөрддөггүйгээс иргэд хохирлоо барагдуулахаар тухайн аж ахуйн нэгж компанид ханддаг боловч өөрсдийнх нь буруу буюу гаднын нөлөөтэй гэх тайлбар өгч хүлээн авдаггүй байна.
ШӨХТГ-аас нэгдүгээр улиралд 11 төрлийн хяналт шалгалтыг 60 орчим аж ахуйн нэгжид хийсэн байна. Түүнчлэн махны үнийг бууруулах асуудлаар холбогдох байгууллагад шаардлага хүргүүлжээ.
Холбоотой мэдээ