УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төсвийн тогтворжилтын сан, Хүний хөгжил сантай холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт орж байгаа. Тогтворжилтын санд байршиж буй 500-аад тэрбум төгрөг бий. Энэ мөнгийг Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагад ашиглах зорилгоор төв банкны тусгай санд байсан мөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансанд татаж авахаар ярьж байна. Ингэснээр мөнгөний удирдлага сайжирна гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ энэ хуулийн нэг ноцтой зүйл нь корпараци байгуулна гэж орж ирсэн. Бусад улс оронд байгалийн баялгаар олсон орлогыг ирээдүйд ашиглахаар хадгалдаг. Ирээдүйн өв сангийн мөнгийг хөрөнгө оруулалт болгох гэж байна. Хэрвээ ингээд алдвал дуусна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ирэх долоо хоногт Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Ингэдээ Монгол Улсыг таван бүс болгож жагсаалтаар оруулж ирдэгийг хуульчилж байна. Энэ нь УИХ-д олон жил суусан хүмүүс өөрсдийн нэрээрээ гарч ирэх боломжийг бүрдүүлж байна. Таван бүсэд нэр дэвшигчдийн нэрийг зоогоод ард нь намыг нь тавина. Ингэхээр ард иргэд өмнө нь сонсогдож байсан хүнийг нэрийг дугуйлахаас биш шинэ гарч ирсэн хүнийг сонгохгүй. УИХ-д шинэ агаар орохыг хаасан хууль болж байгаа учраас бие даагчдын бүлэг эсэргүүцэж байгаа. Эрх барьж байгаа нам өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дөрвөн жил тутамд Сонгуулийн хуулийг өөрчилж байна” гэлээ.
Түүнчлэн бие даагчдын зөвлөл нийслэл хотын татварын хуульд үзүүлсэн үйлчилгээ бүрийнхээ нэг хувийг татварт төлнө гэж оруулж ирснийг сайтар хэлэлцэх ёстой гэж үзжээ.
С.ОТГОН