-15 жил мега төслүүд саатаж байгаа нь улстөрийн тогтворгүй байдал, тогтолцооноос болсон-
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригттой Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд ярилцлаа.
-Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж байна. Бодлогын баримт бичиг баталж болно. Гэхдээ хэрэгжүүлэх асуудал түүнээс чухал шүү дээ. Хэр чамбай баримт бичиг болсон гэж үзэж байгаа вэ?
-2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хууль, 2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, 2005, 2007 онд УИХ-аас баталсан бодлогын баримт бичгийн хүрээнд арав гаруй жил энэ салбарын бодлого хэрэгжиж ирсэн. Эрчим хүчний хөгжлийн дараагийн үе шат ирж байгаа учраас бодлогоо шинэчлэн батлах шаардлага тулгарлаа. Өөрөөр өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн бодлогоо дүгнээд дараагийн цэгцтэй бодлогыг гаргахаар зорьж байна. Үндсэндээ сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ салбарын эрдэмтэн судлаачид, ТББ, энэ салбарт ажиллаж байгаа ахмадууд, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой бодлогын баримт бичгийг боловсрууллаа. Энэ үүднээсээ харьцангуй сайн баримт болсон гэж үзэж байна.
-Хэлэлцүүлгийн шатанд олон шүүмжлэлтэй асуудал, саналууд гарч байсан. Ер нь энэ салбарт төрийн оролцоо, зохицуулалт ямар хэмжээнд байх ёстой юм бэ?
–Эрчим хүчний салбар өмчлөлийн хувьд, үнэ тарифын хувьд зах зээлийнхээ зарчимд шилжээгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл төрийн оролцоотой 20 гаруй жил явлаа. Үүнээс үүдээд бодлогоо эргэж харах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ салбарт үүссэн олон асуудлын эх үүсвэр нь төрийн өмч дээр ажиллаж буй компаниуд, үнэ тарифыг төрөөс зохицуулдаг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ түүнээс хямдаар зарж ирсэнтэй холбоотой. Үүнээс үүдээд хэд хэдэн хүндрэл бий болсон. Тухайлбал төрийн өмчит компаниуд олон жил алдагдалтай ажиллаж, сүүлийн 30-аад жил томоохон хөрөнгө оруулалт хийгдсэнгүй, хуучин станнцууд 30-50 жил ажиллаж байгаагаас техник технологийн хоцрогдол их байна. Алдагдалтай ажиллаж байгаа компаниуд өөрийн хөрөнгөөр шинэчлэл хийж чадахгүй байна. Шинэ станц баригдахгүй байгаа учраас гаднаас эрчим хүч худалдаж авах байдал жилээс жилд нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийт хэрэглээнийхээ 20 хувийг Хятад, ОХУ-аас авч байна. Энэ мэт асуудал их бий. Ийм байхад гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь ойлгомжтой. Үүнийг засахын тулд бодлогын баримт бичиг, Эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж байгаа юм.
-Бодлогын баримт бичиг өмч хувьчлалтай яаж уялдах вэ, дамжуулах компаниудыг төрийн мэдэлд үлдээх нь хэр оновчтой бол?
-Аль ч улсад төр нь дамжуулах шугамаа өөрийн хяналтад байлгадаг. Үүний адил манай улсад ч 2001 оны хууль эрхзүйн орчин хэвээр байгаа. Харин эрчим хүч, цахилгаан, дулаан үйлдвэрлэж, түгээж, худалдаж байгаа хэсэг хувийнх байж болно. Одоо бол манайх төрийн өмч давамгайлсан байна. Тиймээс хувьчлалыг үе шаттай явуулна. Эхний ээлжинд компаниудын 30 хүртэлх хувийг хөрөнгийн бирж дээр нийт хөрөнгө оруулагчдад арилждаг нээлттэй хувьцаат компани болгоё. Ингэж байж компаниуд хувьцаагаа бирж дээр зарсан орлогоороо техник технологио шинэчлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаас олон нийтийн хяналтад орно. Энэ нь компанийн засаглалд эерэг нөлөөтэй. Эх үүсвэрүүд, цахилгаан станцууд, түгээх сүлжээнд хамаарна. Цаашдаа энэ үе шаттай явсаар 2024 он гэхэд хувийн хэвшил давамгайлсан салбар болох зорилгыг бодлогын баримт бичиг тусгасан. Хувьчлал, бүтцийн өөрчлөлтийн бодлогыг Засгийн газраас УИХ-д санал болгосон. Төрийн өмчийг 2015, 2016 онд хувьчлах үндсэн чиглэлд хэд хэдэн цахилгаан станц, түгээх сүлжээ компаниудыг хэсэгчлэн хувьцаат компани болгож, хөрөнгийн биржид 30 хүртэлх хувийг нь арилжаалах, нүүрсний уурхайнуудын төрийн оролцоог бууруулах асуудлыг хэлэлцээд явж байгаа.
“ҮНЭ НЭМЭХЭЭР НИЙГМИЙН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРНА ГЭЖ ЭМЭЭДЭГ”
-Үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх нь хувьчлалын нэг чухал хэсэг байх болов уу?
-Үнэ тарифыг чөлөөлснөөр хүссэн хүнээ хэлж болох юм шиг ойлгоод байгаа нь маш буруу. Компаниудыг алдагдалгүй ажиллуулахын тулд үе шаттайгаар, иргэдийнхээ худалдан авах чадварыг харгалзаж тодорхой өөрчлөлт хийх шаардлага бий. Энэ ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Бага орлоготой, амьдралын боломж тааруу иргэдээ хамгаалсан механизмыг суулгаж өгсөн. Ингэснээр энэ салбарт үүссэн өр авлагыг бууруулах, зарим нэг компанийн ашиг нэмэгдэх, алдагдал буурахад үнэ тарифийн чиглэлээр эхлүүлсэн ажил нөлөөлж байгаа.
-Үнэ зах зээлийн зарчимдаа орж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь төрийн оролцооноос болов уу. Жишээ нь цахилгаан дулааны үнэ нэмэхээр нийгмийн эсэргүүцэлтэй тулгарна гэж эмээх ч юмуу?
-Хуулиараа бол эрчим хүчний үнэ зах зээлийн зарчмаараа тогтох ёстой. Эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа компанидаа ашигтай байх ёстой гэсэн зарчим 2001 оны хуульд бий. Асуудлын гол нь энэ хуулиа мөрдөж ирээгүйд байгаа юм. Үнэ тогтоодог газар нь яам биш Эрчим хүчний зохицуулах хороо. Эндээс эрчим хүчийг үйлдвэрлэсэн үнээс нь доогуур үнэлж, хэрэглэгчдэд түгээж ирсэн. Дээгүүр үнэ тогтооё гэхээр улстөр, сонгууль болдог, улстөрчид, УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Ингэж үнийг барьсаар энэ салбар хүнд байдалд орсон. Одоо үнийг чөлөөлөхдөө огцом биш үе шаттай, нийгмийн олонхид дарамт болохгүйгээр чөлөөлөх хэрэгтэй. Нөгөө талаас манай эрчим хүчний үнэ олон улсын түвшингээс хямд. Өрхийн орлогын тав хүрэхгүй хувийг цахилгаан, дулаан, халуун усны хэрэглээнд төлж байна. Жишээ нь нэг айл бензин шатахуун, гар утас, интернэтийн хэрэглээндээ хэдийг төлдөг билээ. Ингэж харьцуулбал эрчим хүчний хэрэглээндээ маш бага мөнгийг зарцуулж байгаа.
“2019 ОН ГЭХЭД ОЮУТОЛГОЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА”
-Эрчим хүчний салбарын бас нэг чухал зорилтод дотоодынхоо хэрэгцээг 100 хувь өөрсдөө хангах, цаашлаад эрчим хүч экспортлогч орон болох асуудал багтаж байгаа. Энэ зорилтод хүрэх бодит хугацааг та хэлээч?
-Манай улс эрчим хүч гаргаж авдаг анхдагч эх үүсвэрээр баян. Нүүрс, нар салхи, усны эх үүсвэр байна. Харамсалтай нь сүүлийн 30 жил дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй учраас импортлогч орон болж хувирсан. Энэ бодлогын бичиг баримт хэрэгжсэнээр 1-р үе шат 2015-2023 онд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах, 2-р үе шат 2024-2030 онд экспортын томоохон эх үүсвэр, улс дамжсан томоохон шугам бий болгон экспортлогч орон болох зорилт тавьсан. Тэгэхээр 2030 он гэхэд урд хөршдөө эрчим хүч экспортлох хэмжээнд очно гэж үзэж байгаа. Ингэхийн тулд хэд хэдэн томоохон төслүүдийг бодит ажил болгох шаардлагатай. Одоогоор бодитой ажлууд явж байна. Эрчим хүчний эх үүсвэр, том станц байгуулна гэдэг 6-7 жил шаардагддаг нүсэр ажил. Энэ бол орон сууц, жижиг үйлдвэр барихтай адилгүй. ТЭЗҮ, инженерийн шугам сүлжээ байгуулахад 2-3 жил, барж байгуулахад 3-4 жил зарцуулдаг. Тиймээс хугацаа их шаарддаг. Нөгөө талаас том төслүүд төлөвлөгөөний дагуу хэрэгжихэд Засгийн газар ойр ойрхон солигдох, улстөрийн тогтворгүй байдал ихээхэн нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл залгамж чанар алга. Нэг станц барих гэхээр байршил нь хэд хэд өөрчлөгддөг, хөрөнгө оруулалт зогсдог. Энэ мэт их саадтай явж ирсэн юм билээ.
ТЭЦ-5-ын тухайд өнгөрсөн жил концессийн гэрээ байгуулагдсан. Үүнийг дагаж 10 гаруй гэрээ байгуулагдах ёстой. Эрчим хүчний, нүүрсний, усны гэрээ байгуулагдах шатандаа яваа.
-Жишээ нь, ТЭЦ-5 байна. 2003 оноос яригдаж эхэлсэн гэдэг билүү?
-Тийм. 2003 онд анхны санаа гарснаас хойш 12 жил өнгөрч байна. Газрыг нь шийдээд 5-6 жил болж, энэ хугацаанд байршил нь хэд хэд солигдлоо. Үүнийг явуулъя гээд яриа хэлэлцээ хийгээд явж байна. 1990 онд ТЭЗҮ нь хийгдээд яригдаж байсан Багануурын уурхай бий. Энэ уурхайг явуулах гээд эцсийн шатны гэрээ хэлэлцээр дээр сууж байна. Говийн бүсэд нэг ч цахилгаан станц байхгүй учраас Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах талаар олон жил ярьлаа. Ирэх жил Тавантолгойн станцыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Эгийн голын усан цахилгаан станц янз бүрийн шалтгаанаар хойшилж, саатсаар 30 жилийн нүүр үзэж байна. Бас л Засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотой хэрэгжиж чадалгүй өдийг хүрсэн. Одоо Хятадаас авах хөнгөлөлттэй зээлээр ирэх жилээс эхлүүлнэ. Энэ жил урьдчилсан дэд бүтцийн ажил эхэлнэ. Ингээд олон жил яригдсан том төслүүдийг бодит ажил болгох нь бодлогын баримт бичгийн эхний үе шатны зорилтод хүрэхэд маш чухал нөлөөтэй.
-Одоогоор бодитой ажил нь эхэлсэн хэдэн цахилгаан станц байна вэ?
-ТЭЦ-5-ын тухайд өнгөрсөн жил концессийн гэрээ байгуулагдсан. Үүнийг дагаж 10 гаруй гэрээ байгуулагдах ёстой. Эрчим хүчний, нүүрсний, усны гэрээ байгуулагдах шатандаа яваа. Энэ бол том ажил л даа. Том төслүүдийн хүрээнд Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүтийн гэсэн дөрвөн цахилгаан станцын ажил бодитойгоор эхлээд байна. Бас Дорнод, Увс аймагт 60-100 мвт-ын станц барих хэлэлцээр хийгдэж байна. Мөн зүүн, баруун бүсэд эрчим хүчний хэрэглээ өсч байгаа учир станцуудыг өргөтгөх ажлууд хийгдэнэ.
-Нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний хангалттай нөөцтэй гэж ярьдаг. Гэтэл бодит амьдрал дээр хэрэгжилт тааруу байна. Юутай холбоотой вэ?
-Олон жил ярьсан. Гэхдээ анхны станц ашиглалтад ороод одоо л хоёр жил ажиллаж байна. Араас нь хоёр, гурав дахь салхины станцууд, анхны нарны станц орох ёстой. Гэтэл хууль эрхзүйн орчноо сайжруулахгүй бол асуудал үүсч байна. Үүнийг бодлогын баримт бичигтээ оруулсан. 2020 он гэхэд эхний үе шатны зорилт болох нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авдаг болох ёстой. Одоо дөнгөж тав хүрэхгүй хувь байгаа. Үүний тулд Эгинй голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой. Одоо санхүүжилтээ шийдэх асуудал үлдсэн. Хятадын Засгийн газартай ярьж байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь таатай гарсан.
-Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцын дэд бүтцийн ажлыг концессор хийхээр болсон гэж мэдээлсэн. Гэтэл концесс гэдэг үг “бүтэлгүйтэх” гэдэгтэй адил сонсогддог болоод байна. Дахиад л ажил удаашрах юм биш биз?
-Станц барих ажил нь тусдаа, хөнгөлөлттэй зээлээр явна. Цахилгаан станц барихын тулд замаа барих, уул дамнасан гүүр барих, цахилгааны шугам татах зэрэг дэд бүтцийн ажил хийх ёстой. Энэ ажлуудыг нь энэ жил эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ ондоо багтаад эхэлчих байх.
-Өнөөдөр Оюутолгой Хятадаас жилдээ 100 сая ам.долларын эрчим хүч импортоор авч байна. Хэзээ бид Оюутолгой компанийг өөрийн эх үүсвэрээр эрчим хүчээр хангадаг болох вэ?
–Говийн бүсэд нэг ч том станц байхгүй учраас Оюутолгой компанийг эрчим хүчээр хангах боломжгүй байна. Аргагүйн эрхэнд шугам татаад Хятадаас эрчим хүч авч байна. Үүнтэй холбогдуулаад Тавантолгойн 400 мвт-ын нүүрсний дэд станц барих ажил бэлтгэл шатандаа явж байна. Энэ станц ирэх жилээс ажил нь эхэлнэ. Сая Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаар Тавантолгойн станц барих асуудал нэлээд нааштай болж байна. Энэ станцыг барихад гурван жил шаардагдана. Тэгэхээр 2019 оноос Оюутолгой компанийг дотоодоосоо эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
“МЕГА ТӨСЛҮҮД 15 ЖИЛ СААТАЖ БАЙГАА НЬ УЛСТӨРЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ”
-Усан цахилгаан станц ашигтай, ашиггүй гэдэг маргаан байдаг. Ер нь манай улсад усан цахилгаан станц байгуулах нь хэр оновчтой шийдэл юм бол?
-Гучаад газарт усан цахилгаан станц барих боломжтой гэдэг судалгаа бий. Усан станц хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа зардал хямд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Тийм ч учраас дэлхийн улсууд усан станцыг хөгжүүлж байна. ОХУ-ын Эрхүү зэрэг хотуудад усан цахилгаан станцыг хөгжүүлж, хямд эрчим хүч үйлдвэрлэдэг, өрсөлдөх чадвартай. Тэндээс бид тодорхой хэмжээний эрчим хүчийг өндөр үнээр худалдаж авч байна. Монголд усан цахилгаан станц амжилттай ажиллаж болохыг баталсан жишээ бий. Тайширын усан станц, Дөргөний усан цахилгаан станц гээд багавтар хүчин чадалтай станцууд эрчим хүчний хангалтад хувь нэмэр оруулж байна. Эхэндээ орон нутгийн иргэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг байсн бол одоо энэ хандлага өөрчлөгдсөн. Төлөвлөгөөнд хэд хэдэн усан цахилгаан станц бий. Шүрэнгийн усан цахилгаан станцын тухайд ТЭЗҮ хийх ажил дөнгөж эхэлж байгаа. Сэлэнгэ мөрөн дээр баригдах учраас ОХУ-ын холбогдох байгууллагатай Байгаль нуурт нөлөөлөх байдлыг судлах, мэдээлэл солилцох, тохиролцох зүйлүүд бий. Баруун аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Баян-Өлгий аймагт бас нэг станц барих төсөл яригдаж байна.
-Бодлогын баримт бичигт тусгагдсан томоохон ажлуудыг хэрэгжүүлэх, энэ салбарыг өрсөлдөх чадвартай болгоход 6-7 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн. Энэ мөнгийг төр гаргах нь зөв, буруу гэдэг маргаан гишүүдийн дунд байна лээ. Энэ талаар нэг мөр ойлголт өгөөч?
-Бодлогыг хэрэгжүүлэхэд олон бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүний тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг бүгдийг нь улс гаргана гэсэн үг биш. Цахилгаан станцыг барихад улсаас мөнгө гарахгүй. Дандаа хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр бариад хөрөнгө оруулалтаа нөхөх зарчмаар явна. Харин цахилгаан дамжуулах шугам төрийн мэдэлд байх учраас төр өөрөө мөнгө гаргаж барихаас аргагүй. Монгол Улс өнөөдөр эрчим хүчний нэгдсэн систем, сүлжээгүй байгаа. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө зарах шаардлагатай.
-Эрчим хүчний салбарт улстөржилт их байна гэж шүүмжилж байна. Улстөржилт, эрх ашгийн зөрчил, талцлаас мега төслүүд гацаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тогтвортой урт хугацаанд төлөвлөлт хийх эрхзүйн орчин бага байна. Ерөөсөө дөрвөн жилээр л ажлаа төлөвлөж байна. Сонгууль болгоноор, Засгийн газар солигдох тоолонд бодлого солигдож байна. Дөрөвхөн жилийн хугацаанд Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлаад явдаг. Гэтэл бусад улсууд багадаа 15-30 жилээр төлөвлөж, бодлогоо тодорхойлж байна. Бас Хөгжлийн агентлаг, хөгжлийн яамтай байна. Хоёрт, Засгийн газрын тогтворгүй байдал нөлөөлдөг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 17 Засгийн газар, 14 Ерөнхий сайд солигдсон байх жишээтэй. Энэ тоолонд бодлого, төлөвлөгөө, төсөв өөрчлөгдөж, ажил хойшилж байна л даа. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гээд шинэ хууль гаргаж засахаар оролдож байна. Эдгээр хуулиуд батлагдвал гайгүй болох байх гэж найдаж байгаа.
-Хүрч болох хөгжлөөс нь хойш татсан зүйл бий болов уу?
-Үндсэндээ 15 жил мега төслүүд саатаж байна л даа. 1997 онд Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлээд 2000 оны эхээр ашиглалтад оруулах боломж байсан. Гэтэл өнөөдөр эхлэх талаар ярьсаар л байна. Үүнд улстөрийн тогтворгүй байдал, тогтолцоо нөлөөлсөн. 1990 онд Багануурын станцын ТЭЗҮ хийгдсэн байсан ч гацсан. Нөгөө талаас Монгол Улсын хөрөнгө мөнгөний боломжоос хамаарсан. Концессын хууль гараад 2-3 жил л болж байна. Хувийн хэвшил бариад төр дараа нь мөнгийг нь өгдөг, эсвэл хувийн хэвшил барьж ашиглаад, хөрөнгө оруулалтаа нөхдөг тогтолцоо байгаагүй. Нэг үе Монголын эрчим хүчний салбарыг хөрөнгө оруулагчид, дэлхийн улсууд тоодоггүй байсан. Одоо бол манай яаманд нарны, салхины, усан цахилгаан станц барих саналууд олон ирдэг боллоо. Манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээ бага. Тэгэхээр Хятадын зах зээлд гарах боломж, хууль эрхзүйн орчин бий болж байгаа юм байна гэдэг ойлголт төрөөд эхэлсэн. Энэ бол сайны дохио.
“БИ ЭКСПОРТЛОГЧ ОРОН БОЛОХ МӨРӨӨДӨЛД ИТГЭДЭГ”
-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хоёр дахь үе шат нь экспортлогч орон болох. Энэ салбарыг тэргүүлж байгаа хүний хувьд “Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох” мөрөөдөлд итгэдэг үү?
-Итгэлтэй байдаг. Яагаад гэхээр Мрнгол Улс дэлхийн эрчим хүчний хамгийн том зах зээлийн хажууд байна. Одоо Америк тэргүүлж байгаа бол Хятад хоёрт яваа. Удахгүй хөрш Хятад улс тэргүүлнэ. 1.3 тэрбум хүн амтай, эрчим хүчний хэрэглээ нь өдрөөс өдөрт өсч байгаа зах зээлд нэвтрэх боломж бий. Гол нь зөв, тууштай бодлого явуулж, хөрш орнуудтайгаа хэл амаа ололцож чадвал бидэнд боломж бий. Үүнд хугацаа хэрэгтэй. Энэ хугацааг 2030 он гэж харж байгаа. Уул уурхайн салбарт л хөрөнгө оруулах сонирхол байдаг байсан бол одоо эрчим хүчний салбар эдийн засгаа солонгоруулах том боломж болж хувирч байна.
-Хоёулаа энэ салбар хөгжөөгүй шалтгааны талаар их ярьлаа. Тэгвэл өнгөрсөн хугацааны ололт амжилт нь юу байсан бол?
-Хэдийгээр томоохон бүтээн байгуулалт хийж чадаагүй, гаднаас эрчим хүч авдаг хэвээрээ, экспортлогч орон болох мөрөөдөл төдий байгаа ч энэ салбарт гарсан 2-3 томоохон ололт гарсан. Нэгдүгээрт, энэ салбарын 10 мянга гаруй ажилтнуул, мэргэжлийн хүмүүс өнгөрсөн шилжилтийн үед улс орноо эрчим хүчээр тасалдалгүй хангаж ирлээ, хоёрт 300 гаруй сумынхаа дөрвөөс бусдыг нь эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холболоо. Энэ бол маш том амжилт. Үлдсэн дөрвөн сумыг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Энэ жил гурван сумыг төвлөрсөн эрчим хүчинд холбох төсөв нь шийдэгдлээ. Гуравт, өнөөдөр малчин айл бүхэн нар, салхины эрчим хүчийг амьдралдаа ашиглаж байна. 160 -170 мянган малчин өрх сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна. Сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй айл өрхийнхөө тоогоор Монгол Улс боломжийн өндөр түвшинд байна. Энэ бүхэн энэ салбарынхны ажлын үр дүн. Голж болохгүй.
-Таны ярианаас улстөржилтгүй байж мэргэжлийн хүмүүсээр удирдуулах нь эрчим хүчний салбар хөгжихөд чухал юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Зөв үү?
-Ганц эрчим хүчний салбар биш. Бүх салбарт улстөрийн тогтвортой байдал, урт хугацааны бодлого дутагдаж байна. Засгийн газар тогтвортой байх нь энэ салбарын хөгжилд чухал нэмэртэй гэдгийг л хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.ОТГОНСҮРЭН