Гадаадад төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг Монгол Улс ашиглаж чадаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Гадаадад төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг Монгол Улс ашиглаж чадаж байна уу?

Гадаадад төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг Монгол Улс ашиглаж чадаж байна уу?

Үндэслэл: Өнөөдөр өөр өөрийн хэл, соёл, онцлог дүр төрх, эдийн засаг нийгмийн ижил болон ялгаатай, баян, ядуу, баялагтай, баялаггүй, олон, цөөн хүн амтай, том, жижиг газар нутагтай, далайгаар хүрээлэгдсэн, хүрээлэгдээгүй гээд 200 гаруй улс орнууд манай гараг дээр өөр өөрийн өнгө төрхтэй аж төрж байна. Тэднийг том зургаар нь авч үзвэл хоорондоо хөгжлийн төлөө өрсөлдөж байна. Тэд өмнөх зуунд цэрэг дайн байлдан дагуулалтаар өрсөлдөж газар нутгаа тэлэх сонирхол давамгайлж байсан бол өнөөдөр хэдэн хүнийг хамгийн богино хугацаанд ядуурлаас гаргаж чинээлэг дундаж давхаргад оруулж байгаагаараа, зах зээлд хамгийн бага өртгөөр хамгийн их ашиг авч ирэх технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон оронд зарж борлуулж, өндөр мэдлэг ур чадварыг бий болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хөгжил дэвшлийн төлөө өрсөлдөж байна.

Хөгжиж буй улс орнууд өндөр хөгжсөн улс орнуудад өндөр мэдлэг, шинэ технологи, суралцуулахаар төрийн бодлоготойгоор инженер техникийн ажилчид, оюутан залуусаа олноор нь суралцуулж эх орондоо эргэн ирэхэд нь ухаалаг бодлого хэрэгжүүлж нарийн зохион байгуулалтад оруулж, өрсөлдөхүйц цалин хангамжийг тэдэнд олгож, зөв удирдан тэдний мэдлэг ур чадварыг ашиглан харилцан ашигтай зарчмаар улсынхаа хөгжил дэвшилд татан оролцуулж хөгжлөө түргэтгэж байна.

Товч түүх: 2200 гаруй жилийн өмнө Хүннү гүрнээс улбаатай Монгол цэцэглэн мандахдаа мандаж бууран доройтохдоо доройтож, бусдын заавар хяналт дор амьдарч захиран жолоодохдоо дэлхийн хуурай газрын гуравны хоёрыг эрхшээж, захирагдах үедээ хоёр зуу гаруй жил бусдын бодлогод захирагдаж явсаар хорьдугаар зуунтай золгосон. Өнөөгийн шинэ Монгол Улс эрх чөлөө, үнэн тусгаар тогтнолоо 1990 онд одоогоос 29 жилийн тэртээ олж авсан. Энэ бол 200 жилээр ардчиллыг хөгжүүлж байгаа зарим улс орнуудын хажууд бага хугацаа юм. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдал, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хувийн өмчтэй болох эрх, газар өмчлөх, сонгох, сонгогдох эрх, гадаад улсуудад чөлөөтэй зорчих боломж, гээд хүн төрөлхтний нийтлэг ололт амжилтын мэдэрч эхэлсэн. Үүний үр дүнд олон эерэг болон сөрөг өөрчлөлтүүд манай нийгэмд бий болж өнөөгийн Монгол Улс ололт амжилт, сорилт бэрхшээлүүдийг хамтатган туулж урагшлан тэмүүлсээр байгаа.

Дээрх эрх чөлөө, гадаадад суралцах, ажиллах, боломжийг олж харсан Монголчууд өндөр боловсрол, өндөр цалин хангамж гэсэн хоёр зорилгод хуваагдан олон арван мянгаараа гадаадад ажиллаж бас суралцаж байна. 2019 оны байдлаар албан бус тоогоор Монгол Улсын 300,000 орчим мянган иргэд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад  хууль ёс, болон хууль бусаар ажиллаж тэдний 10 орчим хувь нь өөр өөрийн хүссэн мэргэжлээр сургуулиудад элсэн суралцаж байна. Энэ нь чухамдаа аливаа хөгжилд хүрсэн улс орнуудын нийтлэг туулдаг зам юм. Бид одоо сул талаа давуу тал болгон хувиргах хэрэгтэй, тэд ингэж байж л өндөр хөгжилд хүрсэн.

Дээд Боловсролын зарим тоон мэдээлэл:

Сүүлийн 5 жилийн хугацаанд буюу 2013 оноос хойш Монгол Улсын засгийн газар Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд элсэн суралцахаар тэнцсэн оюутнуудад болон Монгол Улсын дээд боловсролын төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудад  суралцаж буй оюутан залуусын сургалтын төлбөрт, Монгол Улсын Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны дэргэдэх “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан нэг жилд 80 тэрбум төгрөг буюу 33 сая ам доллар сүүлийн 5 жилийн хугацаанд 165 сая ам доллар зарцуулсан байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөнөөс энэхүү төсвийг зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулж байгаа бөгөөд түүний үр шимийг Монгол Улсын хөгжилд үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлэх талаар энэхүү нийтлэлийн дүгнэлт чиглэгдэх юм.

2018 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсад нийт 95 Улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд ажиллаж байна. Тэдгээрийн 17 нь төрийн оролцоотой Үндэсний болон шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн сургууль бол 74 сургууль нь бүх төрлийн мэргэжил олгох зорилготой хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан их дээд сургуулиуд, үлдсэн 4 сургууль нь олон улсын хөрөнгө оруулалттай гаднын сургуулийн салбар сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна.

Тэдгээр 95 их дээд сургуульд нийтдээ 157,138 оюутан сурагчид суралцаж байгаа бөгөөд тэдний 86,3% нь Бакалавр, 11,7% нь Магистр, 2% нь Докторын зэргээр сонгон суралцаж байна. Нийт суралцаж байгаа оюутан залуусын 59% төрийн оролцоотой 41% хувийн хэвшлийн оролцоотой сургуулиудад суралцаж байна. тэдгээр 95 их дээд сургуульд суралцаж байгаа 157,138 оюутны 87% нь зөвхөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрөн суралцаж үлдсэн 13% нь хөдөө орон нутагт байрлах их дээд сургууль түүний салбар сургуулиудад суралцаж байгаа нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, агаар орчны бохирдол, хотжилт, замын түгжрэл гээд олон нийгмийн асуудлуудтай шууд болон шууд бусаар холбогдож байгааг харуулж байна.

Нийт суралцагчдын 6.6 хувь нь 18 хүртэлх насны, 69.9 хувь нь 18-24 настай, 12.6 хувь нь 25-29 настай, 10.9 хувь нь 30 ба түүнээс дээш насны хүмүүс байна. Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад: их, дээд сургууль, коллежид сурч байгаа 18 хүртэлх насны хүүхдийн тоо буурч байсан бол сүүлийн 2017-2018 оны хичээлийн жилд өссөн байна.

Хүн ам зүйн бүтэц, зарим тоон мэдээлэл:

Монгол Улсын хүн ам 2018 оны 12 дугаар сарын байдлаар нийтдээ 3,177,899 байгаа ба тэдний насны бүтцээр авч үзвэл 0-19 хүртэлх насны 1,201,507, 20-39 хүртэлх 1,080,377, 40-54 хүртэлх насны 565,313, 55-69 хүртэлх насны 255,921, 70-аас дээш насны 75,391 иргэд ажиллаж амьдарч байна. Хүн амын насны төлөв байдлын хувьд Монгол Улс бол залуу үе давамгайлсан үндэстэн юм. Иймдээ ч Монгол Улсын хувьд ирээдүйн хөгжлийн гарцыг залуу үеэс харах хэрэгтэй гэж олон судлаачид зөвлөдөг ба тэдний нэг бүрийн хүсэл мөрөөдлийг нэгтгэж Монгол Улсын хөгжлийн хүсэл мөрөөдөл болгож чадвал Монгол Улс маш хурдтайгаар хөгжлийн замд орох боломжтой гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас энэ чиглэлээр ажил хийгээгүй бус тодорхой бодлого дэвшүүлж ажилласан байдаг. Үүний хамгийн том хийж хэрэгжүүлэх гэж оролдсон үе бол 2010 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Сүхбаатарын Батболдын тэргүүлсэн засгийн газар 250 дугаар тогтоолоор “Зөгийн үүр” хөтөлбөр санаачлан баталсан юм. Энэхүү хөтөлбөрийг 2012 хүртэл хэрэгжүүлэх хугацаандаа нэг тэр бум төгрөг төсөвт төлөвлөн зарцуулсан бөгөөд бодлого хэрэгжиж эхлэх шатандаа бага ч гэсэн ахиц дэвшил гарсан. Харамсалтай нь Монгол Улс үндсэн хуулиндаа оруулсан долоон өөрчлөлтийн нэг буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран ажиллаж болно, гэсэн заалт, ээлжит парламентын сонгуулиудын үр дүнд сүүлийн 29 жилийн хугацаанд 15 засгийн газрыг байгуулж бас огцруулсан муу туршлагаас болоод дараагийн байгуулагдсан засгийн газар энэхүү бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй юм. Нэг засгийн газрын дундаж нас 18 сар  1.5 жил байсан нь Монгол Улсын төрийн бодлого тогтвортой тууштай урт хугацаанд үргэлжилж, засгийн газрын бодлого үр дүн гартал тууштай хэрэгжүүлж чадахгүй байгаа улмаас Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаануудын нэг гэж үзэж болно.

Монгол Улсын засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийн тухайд:

2010 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр 250 дугаар тогтоолоор засгийн газар “Зөгийн үүр” хөтөлбөрийн үндсэн санаа зорилго бол Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 4.8.3-т "гадаадад ажиллаж, амьдарч байгаа, өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих" стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д гадаад оронд удаан хугацаагаар ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх, нийгмийн асуудлаар хөтөлбөр, хууль боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улс бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт шаардагдах ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр нийт 40000 гаруй ажлын байр шинээр бий болохоос, 6000 гаруй нь инженер, техникийн ажлын байр байна.

Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн ажиллах хүчнийг бэлтгэж, нийлүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхааран ажиллаж байгаа хэдий ч хөдөлмөрийн зах зээл дээр нарийн мэргэжил, өндөр ур чадвартай хүний нөөц хангалттай бус байна. Нөгөө талаас өнөөдрийн байдлаар (2010 оны тоо баримт) албан бус тоогоор 116000-200000 Монгол Улсын иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийнхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улс орны бүтээн байгуулалтад татан оролцуулах нь хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хилийн чанадад өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар эзэмшин ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо урт, богино хугацаагаар эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон хэлбэр, чиглэлээр эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулсан байдаг юм.

Боловсрол эдийн засагт үзүүлсэн Япон, Сингапурын хоёр жишээ:

Дээр өгүүлсэн боловсролын салбарын хүрээнд төр, хувийн хэвшилд амжилттай хэрэгжсэн хоёр жишээг танилцуулж байна. Нэгдүгээрт судалгаа шинжилгээг бизнесийн салбарт амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн тэргүүлэгч авто машин үйлдвэрлэгч Тоёота компаний Lexus брэндийн талаар, Хоёрдугаарт олон улсад өндөр мэдлэг боловсролыг засгийн газрын тэтгэлгээр суралцаж өндөр мэдлэг эзэмшиж, түүнийгээ улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэг баг болон хамтран ажиллаж улсаа хөгжүүлэх үйлсэд зөв бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж чадсан Сингапур улсын засгийн газрын танхимын гишүүдийн мэдлэг боловсрол ур чадварын талаар танилцуулах болно.

Тоёота компани судалгаа шинжилгээг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн байдал:

Авто машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон Улсын Тоёота корпораци 1990 оны дунд үед Америкийн Нэгдсэн Улсын хамгийн өндөр хэрэглээтэй 10 хотуудад, хамгийн тансаг орчинтой чинээлэг оршин суугчдын дунд амьдруулах зорилготойгоор 2 жилийн хугацаатай судалгаа хийлгэхээр нийтдээ 2000 инженер техникийн ажилчдаа илгээсэн байдаг. Тэдгээр инженер техникийн судлаачид дунд тус үйлдвэрийн бүх салбар шат дамжлага тус бүрт ажилладаг мэргэжилтнүүд болон тухайн улсын шилдэг судлаачдын төлөөллийг багтаасан бөгөөд хоёр жилийн дараа тэднийг нутагтаа буцаан авч ирж хоёр зуун хүний бүрэлдэхүүнтэй 10 багт хуваасан юм. Гол зорилго нь Тоёота компани Америкийн зах зээлд худалдан борлуулах ямар машин үйлдвэрлэх вэ? гэсэн асуултыг даалгавар болгон тэдгээр 10 багт өгсөн юм.  Тэд чинээлэг Америк хүмүүсийн хэрэглээ, хүсэл хэрэгцээнд нийцсэн ямар машин үйлдвэрлэх нь зах зээлд амжилт олох вэ? гэсэн гол шийдлийг эрэлхийлж төслийг эхлүүлсэн байдаг. Тэдгээр багуудыг шийдлүүдийг Тоёота компани хэсэг хугацааны дараа судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцээд өөрийн үйлдвэрийн шат дамжлага технологид суурилсан тансаг зэрэглэлийн LEXUS брэндийг шинээр бий болгож түүнийгээ үйлдвэрлэж АНУ-ын зах зээлд амжилттай борлуулж дараа нь Европын зах зээлд нэвтэрч улмаар олон улсын зах зээлд амжилттайгаар танилцуулан борлуулж өндөр борлуулалт хийж тэдний хэрэгцээг хангаж амьдралын өдөр тутмын хэрэглээ үнэнч анд нөхөр нь болгож чадсан түүхтэй.

Сингапурын засгийн гарын гишүүдийн боловсролын байдал:

Сингапурын 2011.05.21-2015.09.30 хооронд ажилласан одоогийн Ерөнхий сайд Ноён Лее Шин Лоонгийн тэргүүлсэн засгийн газрын гишүүдийн боловсролын талаар судлахад тэдгээр сайд нарын 80 хувь нь олон улсын нэр хүндтэй дэлхийн шилдэг сургуулиудад мастер, докторын зэрэг хамгаалсан байна.

  • Ерөнхий сайд Лее Шин Лоонг нь Сингапурын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Сингапурын зэвсэгт хүчний гадаадад суралцуулах тэтгэлгээр төрийн албаны сонгон шалгаруулалтаар Математикийн шинжлэх ухааны чиглэлээр Тринити коллеж, Английн Кембрижийн их сургуулийг дүүргэж, дараа нь 1973 онд ахлах судлаачаар ажиллаж, 1974 онд математикийн шинжлэх ухаан болон компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг (энэ нь Компьютерийн шинжлэх ухааны мастерын зэрэгтэй ижил), 1980 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэрэгт тус тус суралцаж төгссөн.
  • Шадар сайд, Дотоод хэргийн сайд, Төрийн албаны зөвлөлийн сайд, бөгөөд Үндэсний аюулгүй байдлын сайд Тео Чен Хеан нь Сингапурын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Сингапурын зэвсэгт хүчний тэтгэлэгт 1973 онд тус тус хамрагдаж Менежментийн шинжлэх ухаан, цахилгааны инженерийн чиглэлээр Манчестерийн их сургуулийг 1976 онд, Компьютерийн шинжлэх ухааны мастерын зэргээр Лондонгийн Империал коллежийг 1977 онд дүүргэж, 1986 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын мастерын зэргээр суралцаж төгссөн.
  • Шадар сайд, Сангийн сайд, Хүний нөөцийн сайд Тарман Шанмугаратнам Лондонгийн эдийн засгийн их сургуульд эдийн засгийн ухаанаар суралцаж эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг, дараа нь 2011 онд хүндэт төгсөгчдийн нэг болсон, сүүлд нь эдийн засгийн ухааны чиглэлээр Кембрижийн их сургуульд мастерын зэрэг, мөн Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэргээр тус тус суралцаж төгссөн. Тэрээр 1970 аад оны үед Их Британид суралцаж байхдаа идэвхтэй оюутан байсан ба суралцаж байх хугацаандаа Социалист эдийн засгийн загвараар түлхүү мэргэжил эзэмшсэн бөгөөд түүний Социалист эдийн засгийн үзэл баримтлал нь ажиллах явцдаа өөрчлөгдсөн.
  • Гадаад харилцаа, Хууль зүйн сайд К.Шанмугам Рафлес Институтийг 1972-1977 оны хооронд дүүргэж дараа нь Сингапурын Хууль Зүйн Их сургуулийг 1984 онд шилдэг төгсөгчөөр төгссөн юм.
  • Батлах хамгаалахын сайд Энжи Енг Хэн нь Англо хятад ахлах сургуулийг дүүргэж дараа нь Сингапурын Үндэсний Их сургуулийн эрүүл мэндийн их сургуульд мэс засалч мэргэжлээр суралцаж төгссөн.
  • Худалдаа, Үйлдвэрийн Сайд Лим Хинг Кианг Рафлес Институтийг дүүргэж дараа нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Сингапурын батлан хамгаалахын тэтгэлгээр 1976 онд Кембрижийн их сургуульд Инженерийн чиглэлээр суралцаж төгссөн.
  • Үндэсний хөгжлийн сайд Кав Боон Ван нь 1973 онд Чунг Линг болон Англо хятад ахлах сургуулийг дүүргэж, 1977 онд Сингапурын Боловсролын сайдын тэтгэлгээр Инженер болон Худалдааны хос зэргээр Австралийн Нью Кастеле их сургуулийг Бакалаврын зэргээр, 1982 онд Сингапурын Үндэсний Их сургуульд үйлдвэрийн инженерийн шинжлэх ухаан Мастерын зэрэг, 2002 онд Австралийн Нью Кастеле их сургуульд инженерийн чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан байна.
  • Эрүүл мэндийн сайд Ган Ким Ёнг нь Католик ахлах болон Үндэсний ахлах коллежийг дүүргэж, дараа нь 1981 онд гадаад оюутны тэтгэлгээр Кембрижийн Их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр бакалавр, 1985 онд Кембрижийн Их сургуулийг мастерын зэргээр тус тус төгссөн.
  • Байгаль орчин, усны нөөцийн сайд Виван Балакришнан нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Сингапурын Үндэсний Их Сургуульд анагаах ухааны чиглэлээр суралцсан, тэрээр суралцах хугацаандаа Сингапурын Үндэсний Их Сургуулийн оюутны холбооны Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажилласан бөгөөд дараа нь удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон. Нүдний их эмч мэргэжлээр суралцаж төгссөний дараа 1991 онд Эдинбүргийн мэс заслын коллежийг дүүргэсэн.
  • Боловсролын сайд Хэнг Свээ Кеат нь их сургуулийн өмнөх боловсролыг Рафлес Институтэд суралцсан 1983 онд Кембрижийн их сургуулийг эдийн засгийн ухаанаар бакалавр хүндэт зэргээр, дараа нь Кембрижийн их сургуулийг эдийн засгийн ухаанаар мастерын зэргээр, 1993 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэргээр суралцаж төгссөн.
  • Мэдээлэл харилцаа холбоо, урлагийн сайд, Исламын шашинтнуудын асуудал эрхэлсэн сайд Яакоб Ибрахим нь 1980 онд Сингапурын үндэсний их сургуулийг барилгын инженерийн чиглэлээр, 1989 онд Стэнфордын Их Сургуульд Философийн докторын зэрэг хамгаалсан дараа нь 1990 онд Сингапурт эргэн ирж Сингапурын үндэсний их сургуульд тэнхимийн эрхлэгч хийсэн.
  • Тээврийн сайд, Гадаад харилцааны дэд сайд Лиу Тюк Юев нь Сингапурын зэвсэгт хүчний гадаад суралцуулах тэтгэлгээр 1983 онд Кембрижийн их сургуулийг дараа нь Тринити коллежийг байгалийн шинжлэх ухаанаар, 1994 онд АНУ-ын Туфтс их сургуулийн Флетчерын Хууль, Дипломатын сургуульд Олон улсын харилцааны мастерын зэрэг хамгаалсан.
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Лим Свээ Сэй Сингапурын зэвсэгт хүчний гадаадад суралцуулах тэтгэлгээр Их Биртани улсын Лоугброуг Их сургуулийг, 1976 онд Электроник, Компьютерийн шинжлэх ухаан, Систем инженерийн чиглэлээр хүндэт төгсөгч болсон, 1991 онд АНУ-ын Стэнфордын их сургуульд менежментийн мастерын зэрэг хамгаалсан.
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд, Дотоод хэргийн дэд сайд, Худалдаа, Үйлдвэрийн дэд сайд С.Исваран нь АНУ-ын Ст.Андрэвийн нэрэмжит их сургуулийг дүүргэж, Эдийн засгийн ухаанаар Австралийн Аделиадын их сургуулийг хүндэт зэрэгтэй мөн Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд төрийн удирдлагын чиглэлээр мастерын зэргээр тус тус суралцаж төгссөн.
  • Орон нутгийн хөгжил, Залуучууд, Спортын сайд Чан Чун Шинг нь Рафлес Институт, Рафлес ахлах коллежийг дүүргэж, 1988 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Сингапурын зэвсэгт хүчний тэтгэлгээр Эдийн засагч мэргэжлээр Английн Кембрижийн Их сургуулийг, 2005 онд Ерөнхийлөгч Ли Куан Юугийн нэрэмжит тэтгэлгээр АНУ-ын MIT Их сургуулийн Менежментийн сургуулийг тус тус суралцаж төгссөн байна.

Шийдэл: Мэдээллийн технологийн ухаалаг шийдэл, үүлэн технологи дээр суурилсан хүчирхэг мэдээллийн бааз бий болгож Гадаадад болон дотоодод суралцаж буй болон суралцаж төгссөн оюутан залуусын үнэн зөв мэдээллийг бүртгэлжүүлж зөв удирдан зохион байгуулж мэдлэгт суурилсан технологийн давуу талыг хүний нөөцийн нарийн чухал мэдээллүүдтэй нэгтгэж Монгол Улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагаа мөрийн хөтөлбөрийн зохих зүйл заалтуудтай уялдуулж хөгжлийн бодлого болгон боловсруулж зоригтой хэрэгжүүлж бодит үр дүнд хүргэх юм.

Энэ нь хэдэн оюутан ямар мэргэжлээр хаана суралцаж байна, ямар сургуульд ямар сэдвээр дипломын ажлаа бичиж байна, тэдгээр бичигдсэн дипломын ажил нь ажил амьдралд нь  бас Монгол Улсад хэрэгцээтэй байж чадаж байна уу, мэдлэг ур чадварын түвшинд, салбарын түвшинд нэгтгэн дүгнэх, шаардлагатай сонголтуудаар түргэн шуурхай хайлт хийж, үр дүнг харуулах гээд олон төрлийн чухал хэрэгцээт мэдээллийг нэгтгэн гаргаж түүнийг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд ашиглах явдал юм. Олон талаас нь эрсдэл, боломж, давуу болон сул талыг сайтар тооцсон үнэн бодит мэдээлэлд тулгуурласан судалгаанд суурилсан шийдвэрүүд амжилттай хэрэгжсэн байдаг.  Тэдгээр гадаадад гучин мянган гаруй суралцаж байгаа болон суралцаж төгссөн оюутан залуусын мэдлэг ур чадварыг веб технологийн шийдэл ашиглан хүчирхэг мэдээллийн бааз үүсгэн бүртгэлжүүлж зохион байгуулсны үр дүнд тэдний мэдлэг ур чадвар, өндөр хөгжсөн улс орнуудын хөгжлийн нууц, сайн туршлага, ноу-хау, иновацийг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд татан оролцуулах боломжийг эрэлхийлсэн гэсэн үг.

Гадаадад суралцсан дор бүрнээ, судалгаа, шинжилгээ хийж зохих хэмжээний мэдлэг хуримтлуулсан Монгол хүн бүрийн мэдлэг, шинэ санаа, судалгааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж зөв зохион байгуулснаар Японы Тоёота кропрацийн Lexus брэнд шиг, Импортыг орлох экспортын баримжаатай олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг олноор бий болгож дотоодын болон олон улсын зах зээлд олноор нь гаргах, өндөр мэдлэг ур чадвар суралцаж эзэмшсэн шилдэг мэргэжилтнүүдийг төр, нийтийн алба болон хувийн хэвшлүүдэд санал болгон томилон ажиллуулж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байгаа болно.

Ардчилал нээлттэй нийгмийн талаар:

Бид ардчилал хүний эрхийг нэгдүгээрт тавьж үүргийг орхигдуулсан нь ардчилал, эрх чөлөөт байдалд шилжсэний 29 жилийн дараах нүдээр харахад  Монгол Улсын хөгжил дэвшил төдийлөн зөв замаар замнаж чадахгүй байгааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал бидэнд харуулж байна. жишээлбэл олон улсын өрсөлдөх байдлын судалгаагаар Манай улс сүүлийн байруудад удаа дараа тэргүүлж байна. бидний сонгосон энэ ардчилал чөлөөт байдал 20 гаран сая хүнтэй 20 гаруй мянган долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй өндөр хөгжилтэй улс орнуудад ч адилхан сорилт бэрхшээлүүдийг хурдан хугацаанд авч ирж нийгмийг хямралт байдалд оруулж байна. Энэ нь эдийн засгийн асуудалтай шууд утгаараа холбогдож байна.

Иймд бидэнд засаж сайжруулах, хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг бий болгох, баялгийн тэгш хуваарилалтыг шударгаар хийх, чинээлэг дундаж давхаргыг төрийн зөв бодлого боловсруулан хэрэгжүүлж яаралтай бүтээх, экспортын баримжаатай үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг олноор бүтээж, олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээнд мөрдөгддөг чанар стандартыг яаралтай нэвтрүүлэх, үндэсний бүтээмжээ дээшлүүлэх, чанартай боловсролыг нэмэгдүүлэх гээд олон хэрэгцээнүүд илүү тодрон харагдаж байгаа. Иймд дараагийн гучин жил бид нээлттэй эрх дураараа явж ирсэн чөлөөт ардчиллыг хариуцлагатай ардчилал руу чиглүүлж нийгэмд үүсээд буй шийдлээ хүлээсэн олон асуудлыг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Монголчуудыг бүтээмжтэй, хариуцлагатай, эерэг хандлагатай, хамтач сэтгэлгээтэй үндэстэн болгох хэрэгцээ нэн чухал байна.

Тайваний Нанхуа Их Сургуулийн Төрийн удирдлага, нийтийн бодлогын мастерын ангийн оюутан Шагдарсүрэнгийн Отгон-Өлзий.

2019 оны 6 дугаар сарын 03.

Дурдагдсан эх сурвалжууд:

2010 оны 9 дүгээр сарын 28 ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын 250 дугаар тогтоол “Зөгийн үүр” хөтөлбөр,

Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэл (i),

Монгол Улсын статистикийн мэдээллийн эмхтгэл (2018 он)nso.mn,

Сингапур Улсын Засгийн газрын сайд нарын боловсролын байдал, https://en.wikipedia.org/wiki/Third_Lee_Hsien_Loong_Cabinet

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж