Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчлах үеэрээ өөрийгөө ижил хүйстэн байсан гэдгээ зарлажээ. Байнга хурц ширүүн үг яриагаараа шуугиан тарьдаг тэрбээр Япон улсад ажиллаж амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр өмнөх эхнэр Элизабет Зиммермантайгаа амьдарч байхдаа ижил хүйстнийг бага зэрэг сонирхдог байсан гэж ярьсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татжээ. Тэр өмнөх эхнэрээсээ 2000 онд салсан. Харин одоогийн эхнэр Хонейлэт Авансенатайгаа учирснаас хойш энэ хандлагаа өөрчилж чадсан гэнэ.
“Нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй намайг эмчилсний үр дүнд би дахин эр хүн болсон. Түүнээс хойш би эрчүүдийг харахаа больсон. Одоо надад үзэсгэлэнтэй бүсгүйчүүд л таалагддаг” гэж Дутерте ярьжээ.
Тэрбээр өмнө нь ижил хүйстнүүдтэй холбоотой болчимгүй үг хэлж, шүүмжлүүлж байсан түүхтэй. 2016 онд Филиппин улсад суух АНУ-ын элчин сайдыг ижил хүйстэн хэмээн цоллосон нь хоёр орны дипломат харилцаанд асуудал үүсгэж байв. Дараа жил нь Мьянмар дахь иргэдтэйгээ уулзахдаа Филиппин улсад ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ