Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах уу?

Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах уу?

Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгууль товлон зарласан үндэслэл болох Сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ энэ долоо хоногт шийднэ. Тодруулбал, нэр бүхий  дөрвөн иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол болон нөхөн сонгууль товлон зарласан тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц энэ асуудлаар маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцэд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар гомдол гаргасан бол тавдугаар сарын 27-нд болсон дунд суудлын хуралдаанд УИХ-аа төлөөлж, гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон юм.

Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Харин нөхөн сонгууль товлон зарласан тогтоол буюу нөхөн сонгууль товлох  Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол, 2019 оны 22, 23 дугаар тогтоол, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм.

Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль товлон зарлахдаа үндэслэл болгосон Сонгуулийн заалт болох санал авах өдрөөс 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам сонгуульд оролцох, нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах бус тухайн жилийн төсөвт суулгах ёстой гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Товчхондоо нөхөн сонгууль хэн нэгэнд ашиггүй, эсвэл хэн нэгэн зохион байгуулахыг хүсэхгүй байгаа учраас нөхөн сонгууль болохоос нэгхэн сарын өмнө ийм гомдол гаргасан. Харин түүнийг нь Цэц маш яаралтайгаар хэлэлцэж, шийдвэрээ гаргасан.  Харин одоо Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв олонх болсон МАН дүгнэлтийг хүлээж авах юм бол тэд нөхөн сонгуулийг хүсээгүй гэсэн үг.

Гэвч тэд муухай харагдахгүйн тулд Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх олонхын шийдвэр гаргах болов уу.

Харин Цэц түүнийг нь их суудлын хуралдаанаараа хэлэлцээд   дунд суудлын хуралдаанаар гаргасан дүгнэлтээ бататгана. Хэдийгээр МАН дүгнэлтийг хүлээж авахгүй, Их суудал хэлэлцэх гээд хуулийн хугацаа, процесс өрнөж болох ч Хэнтий аймгийн нөхөн сонгууль болохгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс намууд нөхөн сонгуульд цаг үрэхгүй, 42-р тойргийн 17 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй, сөрөг хүчин болон жижиг намууд ирэх өдрүүдэд нөхөн сонгуулиар улстөржих сонголт л үлдэж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж