Г.Сүндэрмаа: Эрэгтэй дуучны дүрд хувираад сурч байна

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Г.Сүндэрмаа: Эрэгтэй дуучны дүрд хувираад сурч байна

Г.Сүндэрмаа: Эрэгтэй дуучны дүрд хувираад сурч байна

Монголын рок попын ертөнцөд 22 жил оршин тогтнож буй “Sweetymotion” хамтлагийг хүмүүс сайн мэднэ. Тус хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчийн нэг болж, дөрөвдүгээр улиралд дахин үзэгчидтэйгээ уулзаад байгаа билээ.

Авьяаслаг дуучин бүсгүй хоёр хүүхдийн ээж болсон ч охид бүсгүйчүүдэд эрүүл хооллолт, зөв дадал зуршлыг уриалж, түүнийгээ ч өөрийн биеэр үлгэрлэдэг. Тэрбээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дараагаар өөрийн бие даасан уран бүтээлдээ ханцуй шамлан орох төлөвлөгөөтэй гэдгээ дуулгасан юм. Ингээд түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа хүргэе.


-“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдоос бүрдсэн нэвтрүүлэгт оролцох болсон тухай яриагаа эхлэх үү. Өмнөх улиралд оролцож байснаас юугаараа онцлог болж байна вэ?

-“Яг түүн шиг” шоуны гуравдугаар улирал дуусах үеэр “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “Шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улиралд шилдэг оролцогчдоо оролцуулж, шоугаа сүүлчийн удаа хийнэ” гэж хэлж байсан. Тэгээд “Сүндэрээ эгч та орно шүү” гэхэд нь “Ёстой хэлж мэдэхгүй байна. Тухайн үедээ л болъё” гээд өнгөрсөн юм. Миний хувьд энэ зун хувийн уран бүтээл гээд олон ажил төлөвлөчихсөн байсан л даа. Тэгээд шоунд оролцох санал ирэхээр нь хамтлагийнхантайгаа, гэр бүлтэйгээ ярилцахад “Чи өөрөө л мэд” гэсэн. Би нэлээд бодсоны эцэст шоу нэвтрүүлэгт дахин оролцохоор болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоунд шилдэг оролцогчид оролцож байгаа учраас дугаар бүр их сонирхолтой, өгөөжтэй болж байгаа. Зөвхөн энэ шоунд оролцох гэж хүн чинь өөрийгөө маш их бэлддэг юм билээ. Дуу хоолойгоо хувиргахаас гадна өөрийгөө нээж, задарч өгдөг гэх юм уу. Энэ жилийн шоугаа өөрийгөө илүү нээж, задалж өгөхөөр шийдсэн. Нөгөө талаас өөрийгөө илүү завгүй, идэвхтэй байлгах нь их сонирхолтой санагдсан.

-“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын хувьд ч илүү туршлагажсан нь үзүүлбэрүүдээс харагдаж байна?

-Бусад долоон оролцогчид маань их мундаг шүү дээ. Надад “Яг түүн шиг”-ийн оролцогчид ард түмнийг найм хуваачихсан юм шиг санагддаг. Бидний хувьд ч илүү туршлага суусан. Өмнөх жилүүдэд яах учраа олохгүй, дүр хувиргалт дээрээ хэрхэн ажиллахаа ч мэдэхгүй байсан. Энэ жил арай туршлагажсан гэж хэлж болно. Гэхдээ дүр бүрийг босгоход тийм ч амар байдаггүй. Хөгжим, бүжигчдийн хувцас, дэлгэцэн дээр гарч буй дүрс, үг цээжлэх, бүжиглэх гээд маш их ажиллагаатай байдаг болохоор дүрээ судлах долоо хоног нэг л мэдэхэд өнгөрсөн байдаг.

-Өнгөрөгч ням гаригт "Outkast" хамтлагийн дуучинг яг адилхан дууриасан шүү дээ?

-Өнгөрсөн долоо хоногт Outkast хамтлагийг дуулж, дууриалаа. Яг дүрээ судалж үзэхэд эвсэлгүй ч юм шиг мөртлөө их эвгүй хөдөлгөөнтэй нөхөр байна лээ. Дуучны бүжгийн хөдөлгөөнийг дууриахад илүү судалгаа хийсэн. Тухайн үедээ бас хит болж байсан уран бүтээл л дээ. Одоо бараг эрэгтэй хүний дүрд хувираад сурч байна даа.

-Бүжиглэх гэснээс дуучин Г.Сүндэрмаа бүжиглэх авьяасаа шоуны үеэр харуулаад амжсан байх аа?

-Яана аа. /инээв/ Манай хамтлаг ч гэсэн огт бүжиглэдэггүй биш бүжиглэдэг хамтлаг шүү дээ. Яахав миний хувьд “Яг түүн шиг” шоунд оролцож, орчин үеийн бүжгээс суралцаж байна. Надад жаахан ч гэсэн хөдөлгөөний эвсэл байх шиг байгаа юм. Шоуны хоёр дахь дугаарт базер таарсан K-Pop од Hyoryn дуучныг дууриаж, бүжиглэхэд хэцүү санагдсан. Үзүүлбэрийн үеэр хөлөө тосолчихоод гарсан чинь тайзан дээр хальтарч унах дөхсөн. Гэхдээ үзүүлбэрээ амжилттай хийж дуусгасан.

-Өмнө нь “Яг түүн шиг” шоунд оролцож байхдаа LP дуучны “Lost on you” дууг нь дуулж, үзүүлбэрээрээ ялалт байгуулсан. Энэ удаа ямар дүрээр тэсрэлт хийж, түрүүлэх бодолтой байна вэ?

-Яг тэр дүрээр ялагч болно гэж хэлэхийн арга алга. Цаана нь шоу нэвтрүүлгийн таван дугаар үлдээд байна. Өнгөрсөн дөрвөн дугаарыг харахад дотроо “С.Сарнайгийн үзүүлбэр маш сайн байлаа. Ялагч болно доо” гэж бодохоор шүүгч, оролцогчдын оноогоор өөр хүн гараад ирэх жишээтэй. Энэ нь шоу маш өрсөлдөөнтэй болж байгаагийн л илрэл байх.

-Шүүгч, оролцогчдын онооны талаар үзэгчид санал хуваагдаж, шүүмжилдэг. Үнэхээр шүүгчид оролцогчдыг оноогоор дардаг асуудал байдаг уу?

-Тийм асуудал огт байхгүй. Шүүгчид өөрсдийнхөө таалагдсан дүрүүдэд л шударгаар оноогоо өгч байгаа. “Яг түүн шиг” шоу дууссаны дараагаар сошиалд санал, шүүмжлэлүүд өрнөдөг. Шоу нэвтрүүлэг юм чинь энэ байх л ёстой асуудал шүү дээ. Тэр болгонд эмзэглээд байхыг боддоггүй ээ.

“Э.Ганболор маань ээж болсон, Бельги улсад амьдарч байна”

 

-“Sweetymotion” хамтлагийн талаар асуухгүй өнгөрч болохгүй. Одоо хамтлагийнхан нь хаана, юу хийж байна вэ. Хамтлагийн ахлагч Ц.Сарнайгийн хувьд анхны бие даасан цомгийн сингл "Хуурч болохгүй" дууны клипээ цацсан?

-Хамтлагийн гишүүн Э.Ганболор маань ээж болж, Бельги улсад амьдарч байгаа. Хамтлагийн ахлагч Ц.Сарнай маань анхны бие даасан цомгоо гаргахаар тун завгүй ажиллаж байна. Саяхан анхны цомгийнхоо сингл болох “Хуурч болохгүй” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргээд байгаа. Миний хувьд шоу нэвтрүүлгээ дуусгаад хувийн уран бүтээлийн ажил руугаа орохоор төлөвлөөд байна. Одоогоор “Яг түүн шиг” шоундаа анхаарлаа хандуулаад ажиллаж байгаа. Манай хамтлаг тараагүй хэвээрээ байгаа. Болороогоо иртэл бид хоёр тус тусынхаа уран бүтээлийг хийж байх болно. Монголын рок попын ертөнцөд 22 жил болж буй хамтлаг тус тусын уран бүтээлийн өнгө аясыг мэдрүүлбэл бас сонирхолтой байх.

Хамтлагийнхан маань анх байгуулагдахдаа ямар байсан яг л тэр сэтгэлээрээ байгаа. Өнгөрсөн хугацаанд өөрчлөгдсөн зүйл гэвэл гэр бүлтэй л болцгоосон байх. Нөхөрлөл, бие биеэ хайрлах, хүндлэх сэтгэл гээд хэвээрээ. Бид бараг л эгч дүүс болсон доо.

-Хамтлагаараа Америкийн зах зээлд гарна гэсэн хүсэл, мөрөөдөлтэйгээр алс холыг зорьсон. Гэвч энэ зорилгодоо хүрч чадалгүй эх орондоо эргэн ирсэн шалтгаан юу байв?

-Одоо эргээд бодоход биднийг АНУ-д очиход Ази хүмүүс хөгжмийн зах зээлд гарна гэдэг тийм амар байсангүй. Гэхдээ бид тэнд очоод супер од болоогүй ч уран бүтээлч хүнийхээ хувьд ахиж, маш их зүйлийг сурсан. Ганцхан уран бүтээл гэлтгүй амьдралдаа олон зүйлийг сурч, мэдсэн. Биеэ даасан гэх юм уу. Бид анх эндээс явахдаа АНУ-ын “intertainmant one” компанитай гэрээ байгуулаад, хөгжмийн чиглэлээр хамтран ажилласан. Анх очиход хэлний бэрхшээлээс эхлэн гэр орноо санах гэх мэт бэрхшээл олон гарч байсан. Тэр болгоныг хамтдаа байсан учраас дэм дэмэндээ туулж, өнгөрүүлсэн дээ.

Охидын хамтлагт 22 жил болсон уран бүтээлчийн хувьд хамтлагийнхан нэг л зорилготой байх ёстой гэдгийг ойлгосон. Хоёрдугаарт бие биенийгээ хайрлаж, хүндлэх ёстой юм билээ. Эмэгтэйчүүд янз бүрийн зан араншинтай хүмүүс шүү дээ. Манай хамтлагийн хувьд бүр багаасаа нэгдсэн болохоор үл ойлголцох асуудал гарч байгаагүй. Мэдээж хоорондоо уран бүтээлийн маргаан өрнүүлэлгүй яахав. Ямар ч хамтлагийг нэг зорилго дор авч явах амаргүй байдаг. Манай хамтлагийн хувьд продюсер Б.Чинбатын нөлөө маш их. Продюсер маань дөрвөн гишүүнийг нэг хүн шиг базаж, өдий зэрэгтэй авч явж байна. Хамтлагаас маань С.Сэрчмаа гарахад шинэ гишүүн олдохгүй байж байгаад Т.Солонгоогоо олж авсан. Т.Солонгоо маань ар гэрийн шалтгаанаар Монгол руу эргэн ирсэн байдаг.Тэгээд бид гурав хамтлагийн уран бүтээлээ дахин шинээр эхэлж байлаа.

-Тэгвэл та хувийн уран бүтээлийн ажлаа хэдийнэ төлөвлөөд эхэлжээ?

-Одоогоор дууныхаа хоолойн бичлэгт ороогүй ч дуугаа нэг нэгээр нь бэлдээд л яваад байна. “Яг түүн шиг” шоугаа дуусгаад л хувийн уран бүтээлийн ажилдаа орно доо. Надад хүн болгон л ийм стиль, жанр тохирно гэж хэлэх юм. Тэр дундаас л өөрийгөө илэрхийлсэн жанраар уран бүтээлээ хийнэ гэж төлөвлөж байна.

ЭХ ОРОНДОО ИРЭЭД УДААГҮЙ БАЙХДАА ХАНЬТАЙГАА ТАНИЛЦСАН

-Таны хувьд фэйсбүүк хуудсаар дамжуулан охид, бүсгүйчүүдэд дасгал зааж, зөвлөгөө өгдөг. Бас чамгүй олон дагагчтай шүү дээ. Таны хувьд жирэмсэн байхдаа хэдэн килограмм жин нэмж, эргэн хасаж чадсан бэ?

-Би 2015 онд өөрийн фитнесс ангиа нээж байсан юм. Тухайн үед өөрийн фэйсбүүкээр дамжуулан дөнгөж төрсөн ээжүүд болон охид бүсгүйчүүддээ эрүүл зөв хооллолт, эрүүл дадал зуршлын тадаар зөвлөгөө өгдөг болсон. Тэрнээс хойш хоёр жил үйл ажиллагаагаа явуулж байгаад завсарласан. Гэхдээ одоо ч охид бүсгүйчүүд, ээжүүд рүүгээ хандсан постыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан өгдөг. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад л өөрийгөө хаячихдаг. Тийм учраас бүсгүйчүүд маань төрсний дараа ч эрүүл хооллож, жингээ барьж сураасай гэдэг үүднээс урмын үгийг байнга хэлдэг. Цаашдаа ч өөрийн сошиал зөвлөгөөгөө өгсөөр байх болно.

Би анх ээж болохдоо 12 кг жин нэмж, том охин маань 3.200 грамм гарсан. Миний анзаарснаар ээжүүд хүүхдээ гэдсэндээ тээж байхдаа л эрүүл хооллох нь зүйтэй юм билээ. Тэгвэл төрсний дараа жингийн асуудалтай тулгарахгүй шүү дээ. Жишээлбэл, витамин, эрдэс бодистой хүнс хэрэглэж, сүү оруулах хүнсээ сайтар судалсан. Төрсний дараа өөр дээрээ олон зүйлийг туршсан.

-Нууц биш бол гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу. Гэр бүлдээ хэр цаг зав гаргаж байна вэ?

-Миний хувьд хувийн амьдралаа олон нийтэд дэлгээд байхыг хүсдэггүй. Би ханьтайгаа 2011 онд анх танилцаж байлаа. Тэр үед манай хамтлаг АНУ-аас эх орондоо ирээд удаагүй байсан. Тэгээд хоорондоо үерхэж байгаад бэр гуйгаад л хурим найр болсон доо. Одоо том охин маань есөн настай, бага охин маань таван настай. Охид маань аавыгаа дууриагаад их нуруулаг болохоор наснаасаа том харагдах гээд байдаг. Сошиалаар явж буй гэр бүлийн зургийг бараг хоёр жилийн өмнө авахуулсан юм. Хань маань “Эрдэнэс Монгол” компанийн Зам тээврийн ложистикийн даргаар ажилладаг.

Уран бүтээлчид маань үргэлж л цаг наргүй ажилладаг. Гэхдээ би болж өгвөл гэр бүлдээ цаг гаргахыг боддог. Зарим тохиолдолд ар гэрийн асуудал орхигдох болбол хоёр талын ээж, аавууд маань тусалж, дэмжинэ. Хань маань намайг завгүй үед гэр орноо цэвэрлээд, хоол хийчихсэн угтдаг.Энэ л гэр бүлийн аз жаргал юм уу даа. Миний хувьд өөрийгөө гайгүй ээж гэж боддог./инээв/ Ямар ч байсан хүүхдүүдээ их зөв хүн болж төлөвшөөсэй гэж боддог. Аль болох хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, сайн найз нь байхыг хичээдэг. Тэрнээс биш тэг, ингэ гэж захирах дургүй.

-Охидоос нь дуулах авьяас илэрч байна уу?

-Манай бага охин их дуу, хөгжимд дуртай. Гэдсэнд байхдаа хэмнэлтэй ая явахаар л их хөдөлдөг хүүхэд байсан. Би чинь төрөн төртлөө хамтлагийнхаа “Зүрхэн аялгуу” цомгийн ажил гээд завгүй ажилласан. Том охин маань бас их мэдрэмжтэй. Зураг их хөөрхөн зурчихна. Дуулбал бас дуулчихна.

Гэрэл зургийг Г.Бэлгүтэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж