УИХ өнгөрсөн пүрэв гаригт Харилцаа холбооны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.
–УИХ-аас Харилцаа холбооны салбарын багц хууль баталлаа. Энэ салбарын хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлтүүд оров?
-Анх 2001 онд УИХ -аас харилцаа холбооны тухай хуулийг баталснаар салбарын хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Тухайн үеийн хуулийн гол зорилго бол салбарын дэд бүтцийг бий болгож, харилцаа холбоог хүн бүрт хүргэх л байсан. Одоо бол анхны хуулийн зорилго бүрэн биелсэн гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байна гэхээр Монгол Улсад одоогоор үүрэн утасны 4,2 сая хэрэглэгч байна. Өөрөөр хэлбэл, хүн бүрт үүрэн холбооны үйлчилгээ хүрсэн, гар утсаараа дамжуулан интернетийн үйлчилгээг хаанаас ч авах боломж бүрдчихсэн. Энэ нь хуулийн үндсэн зорилго биелснийг харуулж байгаа юм. Тэгэхээр бид одоо бий болгосон энэ дэд бүтцээ нийгэм, эдийн засгийн бусад салбаруудад ашиглуулах, төрийн болоод хувийн хэвшлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр иргэдийн цаг зав, хөрөнгө хэмнӨэгдэнэ. Энэ бол шинэчлэн батлагдаж байгаа Харилцаа холбооны тухай хуулиудын үндсэн зорилго юм. Бид 10 орчим жил цахим засаглалын тухай ярьсан, харин одоо л хөрсөнд бууж биеллээ олох эрхзүйн орчин бүрдэж байна шүү дээ. Тодруулж хэлбэл, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон.
-Цахимаар үйлчлүүлж, хэрэгцээт мэдээлэл, үйлчилгээгээ авдаг болж байгаа. Тэгэхээр цаашдаа цахим засаг гэдэг нь төрийн үйлчилгээг иргэдэд хурдан хүрэхийн тулд цахим хэлбэрт бүрэн шилжинэ гэсэн үг үү?
-Ер нь дэлхий нийтэд цахим засгийн хөгжлийн дөрвөн үе шат гэж байдаг л даа. Нэгдүгээрт, уламжлалт буюу цаасан суурьтай, хоёрдугаарт, байгууллагууд тус бүр өөрийн гэсэн цахим системтэй болох, гуравдугаарт, байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжтой болох, дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулж, шийдэл гаргах боломжтой үе гэж бий. Дөрөвдүгээр үе шат буюу хиймэл оюун ухааныг одоогоор өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж байна. Монгол Улсын тухайд гуравдугаар шат буюу байгууллага хоорондоо мэдээлэл солилцож, цахимаар үйлчилгээ үзүүлдэг энэ үе шат руу л шилжих шилжилтийн үедээ явж байна гэж харж байна. 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн давхардлыг арилгаж, цахим хэлбэрт шилжүүлэх суурь ажлыг эхлүүлсэн. Ингээд 2012 онд ажлаа өгөхөд бүх иргэдээ шинэчлэн бүртгэж, иргэн болгонд цахим үнэмлэх олгож, биеийн давхцалгүй өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажуулалт хийсэн дээ.
-Олон жилийн өмнө цахим үнэмлэхтэй болсон ч иргэд одоо болтол цахим үнэмлэхээ бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байгаа. Шинэ хуулиар ямар боломжууд бий болж байгаа вэ?
-Насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүр мэдээллээ цахимжуулах хурууны хээгээрээ баталгаажуулах энэ ажилд оролцсон. Улс орон даяар өрнөсөн маш том ажил болсон. Энэ ажлын гол зорилго, үзэл баримтлал бол ерөөсөө төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэн заавал бичиг баримтаа канонддог, нотариатаар батлуулдаг, олон байгууллага дамждаг байдлыг нь халах байсан. Яагаад гэхээр тухайн үед бүртгэлийн байгууллага маш их ачаалалтай ажилладаг, очер дараалал их үүсдэг, иргэд ч үүнд бухимдалтай ханддаг байсан. Саяхныг хүртэл бид ийм л байсан. Тиймээс бүртгэлийн багц хуулийг боловсруулж, батлуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан ийм л цаг үе байсан.
–Бүртгэлийн тухай багц хууль батлагдаад хэрэгжиж эхэлснээс хойш ямар үр дүн гарч байгаа вэ. Ачаалал хэр зэрэг буурсан бэ?
-Бүртгэлийн тухай багц хууль өнгөрсөн онд шинэчлэн батлагдаад одоо хэрэгжиж байгаа. Шинэ хууль хэрэгжсэн даруйдаа иргэд олон нийтэд шууд хүрч мэдрэгдэж, тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгч эхэлсэн. Жишээлбэл, хуулийн этгээдийн зарим мэдээлэл нээлттэй болсон. Ингэснээр ямар компани хэний эзэмшилд бүртгэлтэй байгаа талаарх мэдээллийг хүн бүр харах боломжтой болсон. Ер нь иргэд бүртгэлийн тухай хуульд ам сайтай байгаа, цахим үйлчилгээ, нээлттэй мэдээлэл, байгууллага хооронд мэдээлэл солилцох боломжийг бий болгосон гэх мэт олон асуудлыг шийдвэрлэсэн. Бүртгэл цахимжихаас өмнө иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн давхцал маш их байсан. Гурван иргэн тутмын нэг нь иргэний бүртгэлийн ямар нэг давхардал зөрчилтэй байсныг цэгцэлж, нэгдсэн мэдээллийн баазтай болгосон.
–Иргэний мэдээлэл цахимжсанаар бүртгэлээс гадна бусад төрлийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломж бүрдэж байна. Цаашдаа төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа бол?
-Иргэний нэгдсэн мэдээллийн сантай болсноор олон давуу тал бий болж байгаа юм л даа. Одоо бол байгууллага хоорондын, дундын мэдээлэл солилцох “Хур” гэж систем ажиллаж байгаа. Тус системд 27 төрийн байгууллага, 60 хувийн хэвшлийн байгууллага буюу банк, даатгал, үүрэн утасны оператор байгууллагууд холбогдсон байна. 2018 онд үүссэнээс нь хойш 5,2 сая орчим мэдээлэл “Хур” системээр дамжигдан солилцсон гэх статистик тоон мэдээлэл бидэнд байна. Тэгэхээр энэ тоо юуг илэрхийлж байна гэхээр иргэд цахимаар үйлчлүүлэх сонирхол, хэрэгцээ шаардлага төдий хэмжээний өндөр байгааг харуулж байгаа юм. “Хур” системийн дараагийн алхам бол иргэнийг цахим орчинд таних “Дан” систем юм. Бүх иргэний хурууны хээг баталгаажуулсан нь “Дан” системийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. “Дан” гэдэг нь decentralized authentication network буюу иргэнийг цахим орчинд таних систем юм. Энэ системд одоогоор төрийн таван, хувийн хэвшлийн 13 байгууллага холбогдсон байна лээ.
Иргэн өөрөө зөвшөөрч хурууны хээгээ уншуулахад “Хур” цахим мэдээллийн санд холбогдож иргэний мэдээллийг тухайн үйлчилгээний байгууллага үзэх боломжтой болж байгаа юм. “Дан” систем бий болсноос хойш хагас жил хүрэхгүй хугацаанд 21 мянга гаруй удаа хурууны хээ таниулж мэдээлэл авсан байна.
Тоон гарын үсэгтэй иргэнийг ч таних боломжтой гэдгээрээ давуу талтай. Цаашдаа үүрэн утасны дугаар таних боломжтой болгочихвол гар утасны аппликейшнээр үйлчилгээ авах боломжтой болно гэсэн үг. Ингээд бид нэгдсэн мэдээллийн системтэй болчхоор төрийн үйлчилгээг авах нь хялбар, түргэн шуурхай болсон. Гэвч үйлчилгээний хураамж төлөх болохоор банк орох шаардлага гардаг. Банкны пос /карт уншигч/ машиныг байрлуулаад төлбөр хураамжийг авах боломжтой ч ямар банкны карт, ямар пос машин гэдгээс шалтгаалаад банк хоорондын гүйлгээ шимтгэлийн асуудал гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөх үнэ нэмэгдэж, нөгөө талаар төрийн үйлчилгээний хураамжийн үнэ нэмэгддэг учраас ийм байдлаар зохион байгуулж болохгүй байсан. Ийм учраас асуудлыг шийдвэрлэх нэгдсэн төлбөрийн системийг Монгол банк, Дата төв, Харилцаа холбооны агентлаг хамтраад бэлэн болгосон байна. Дээрх ажлууд үе шаттайгаар хэрэгжээд эхлэхээр төрийн цахим үйлчилгээг бүрэн хэрэгжүүлэх, дараагийн шатанд шилжих боломжтой болно.
Хур, Дан гэдэг хоёр систем нэгдмэл утгаараа бол “хурдан” гэсэн агуулгыг гаргаж байгаа. Энэ нь төрийн үйлчилгээ хурдан, шуурхай болгон л гэсэн үг.
-Төрийн үйлчилгээ иргэдэд хурдан, шуурхай хүрэхэд энэ хоёр системээс өөр систем нэмэх үү, эсвэл хөгжүүлэлт хийгээд явах уу. Яагаад гэвэл бид төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэнэ гээд маш олон жил ярьж байна л даа?
-Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах, үйлчилгээний хэлбэрийг операторын горимд шилжүүлж, иргэнд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гарсан. Энэ ажлыг аравдугаар сараас бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсанчлан суурь нөхцөлүүд бүрдсэн, иргэний мэдээлэл баталгаажсан учраас технологийн дараагийн үе шат руу шилжих бэлтгэл хангагдаж байгаа. Төрийн үйлчилгээ операторын горимд шилжсэнээр иргэд маань үйлчилгээ авахдаа байгууллагаас байгууллага дамждаг, цаг хугацаа алддаг байдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, оператороор дамжуулан аль ч байгууллагын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэнэ. Иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй “Хур” системээр дамжуулан байгууллага хоорондоо мэдээллээ солилцоод иргэнд аль болох хүндрэл учруулахгүйгээр үйлчлэх ийм боломж бүрдэх юм. Цаашид Бүртгэлийн тухай хууль болон харилцаа холбооны салбарын тухай багц хууль гарснаар энэ хоёр салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж байгаа юм. Одоогийн хүрсэн түвшин бол төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн утгаар нь шилжүүлэхэд хууль эрхзүйн болон технологийн боломж бүрдсэн. Тэгэхээр Засгийн газар яаралтай зохион байгуулж, иргэдэд ээлтэй, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг үзүүлэх боломжоор хангах хэрэгтэй. Ингэснээр төрийн үйлчилгээнд маш том дэвшил гарна. Ер нь цахим засаг, цахим төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргасан нь одоогийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хамгийн гол ажлуудын нэг болж байна гэж харж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ