УИХ болоод Засгийн газар гэсэн Монголын улс төрийн хоёр институц үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй гэсэн сануулгыг аваад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах саналаа хоёр дахь удаагаа 2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож мэдэгдсэн бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга Г.Занданшатарт 2019 оны тавдугаар сарын 31-ний нэгдсэн хуралдааны үеэр гардуулан өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол төрийн дээд байгууллага УИХ-ыг чадамжгүй гэж үзэн тарах саналыг хоёр дахь удаагаа тавьж байгаа нь энэ юм. Эхний удаа 2018 оны аравдугаар сарын 29-нд УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах саналыг хүргүүлж байсан юм.
Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд энэ саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Хууль эрх зүйн хүрээнд Ерөнхийлөгчийн саналыг УИХ хүлээн авч хэлэлцэн олонхийн саналаар хэлэлцэх зохицуулалт байхгүй. Тиймээс тухайн үеийн спикер М.Энхболд өөрийн эрх мэдлийн хүрээнд хариу өгсөн.
Харин энэ удаагийн хоёр дахь саналын хувьд нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Юун түрүүн УИХ-ын дарга өөрчлөгдөж, Ерөнхийлөгчийн “таашаал”-д нийцсэн хүн сонгогдсон. Хоёрдугаарт, УИХ-ын чадамжгүйг нотолсон үндэслэлүүд дээр нэг нөхцөл байдал нэмэгдсэн нь гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал юм. Тухайлбал, Ардчилсан намын нөлөө бүхий лидерийн нэг Г.Батхүү Төрийн ордон дотор амь насаа алдсан хэрэг. Хэдийгээр энэ хэргийг цагдаагийн байгууллага зохих ёсны дагуу шалгаж байгаа ч Ерөнхийлөгчийн үгэн дотор анхаарал татахуйц өгүүлбэр бий. “Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ” гэсэн төрийн тэргүүний үг дэмий сул унагасан үг биш байх учиртай.
Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан бусад үндэслэлийг сануулбал,
-Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон,
-УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон,
-Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдсанаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл,
-УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна хэмээн төрийн тэргүүн үзэж байна.
Ийнхүү 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонхийн суудал авч эрх баригч болсон МАН-ын парламент үнэнд гүйцэгдэх үү, үл тоох уу гэдгийг эдгээр өдрүүдэд харах байх.
УИХ дахь сөрөг хүчин Ардчилсан намын өнгөрсөн долоо хоногт улс төрийн томоохон акц өрнүүллээ. Эрх баригч МАН-ын Засгийн газрын хэд хэдэн сайд огцрох болзлоо хангаад байгааг Ардчилсан нам хангалттай санууллаа. Хариуцлага, ёс зүйг эрхэмлэдэг төрт улсад бол улс төрийн хариуцлагаа хүлээн огцрох цаг нь аль хэдийн болсныг сөрөг хүчин санууллаа.
Эрх хэмжээгээ хэтрүүлсэн эрх баригч хүчний Ардчилсан намаас өөр ийм тэмцэл өрнүүлэн зогсох чадвартай нам өнөөдөр Монголд үгүй. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам байх нэг хэрэг, бодит акц хийгээд байр сууриа тодорхой илэрхийлэх хүч нөлөөтэй байх нэг хэрэг.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол уг саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана, Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулах учиртай.
Ардчилсан нам эрх баригч МАН-ыг ийнхүү шахаанд орууллаа. Зургадугаар сарын улс төр халуухан өрнөх бололтой.
Холбоотой мэдээ