Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд түлхэц болохуйц үйл явдлын талаар “Төмөр замын сургалт судалгааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал техникийн ухааны доктор Г.Сумхүүтэй ярилцлаа. Тэрбээр 1999 онд Төмөр замын коллеж, 2007 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг төгссөн юм. Мөн Испани, Австрали улсад мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Олон улсын зөвлөх инженер ажээ.
-Сайн байна уу. Манай улс олон жил төмөр замын асуудлаа шийдэж чадахгүй явж байна.Төмөр замын салбарын мэргэжлийн хүний хувьд бид яг юун дээрээ алдаад байна вэ?
– “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг” 2010 онд батлагдсан бөгөөд 2016-2020 онуудад хэрэгжих Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төмөр замын талаар хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөсөн байдаг. Дээрх бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд суурь судалгааны ажлыг илүү өндөр түвшинд зайлшгүй хийх шаардлага урган гарч байна.
Төмөр замын бүтээн байгуулалтыг хаагуур, хэдийд тавих, төлөвлөх тухай асуудал нь нарийвчилсан суурь судалгааны үр дүн дээр тулгуурлаж, бодлогын аливаа шийдвэр нь суурилдаг байх ёстой.
Суурь судалгааны ажил гэдэг нь тухайн улсын эдийн засгийн тэргүүлэх салбарууд, засаг захиргааны нэгж, түүнийг дагасан бусад дэд бүтэц, хүн амын суурьшилт, хот төлөвлөлт, байгаль орчин зэрэг 20 орчим чиглэлээр 5, 10, 15 жилийн өнгөрсөн болон ирээдүйн статистик тоо мэдээ, гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцсон тооцооллыг боловсруулж, гарсан үр дүнгээ хот төлөвлөлт, бусад бодлого хөтөлбөртэй уялдуулан төмөр замын ерөнхий төлөвлөлтийг гаргадаг. Үүний дараа урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл гэх мэт инженерийн түвшний ажлууд үргэлжлэх дараалалтай. Бид чинь энэ нарийн ажлуудыг хийлгүй алгасаад, зөвхөн уул уурхайн орд газруудтай холбоотой тооцоо судалгаа хийж байгаа нь учир дутагдалтай байгаа юм. Төмөр зам гэдэг бол өөрөө маш өндөр түвшний инженерийн нэгдэл бөгөөд их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг бүтээн байгуулалтын онцлог салбар. Төмөр замын далан, ул шорооны ажил бол тухайн цогц байгууламжийн зөвхөн 30-40 хувийг эзэлдэг. Зам төмөр, дохиолол холбоо, өртөө зөрлөг, эрчим хүч, зүтгүүр, вагон, ажиллах мэргэжлийн инженер-техникийн боловсон хүчин, нарийн технологи гэх мэт энэ бүгд нэгэн зэрэг цогцоор шийдэгдэж байж л сая төмөр замын үйл ажиллагаа явагдаж, эдийн засаг санхүүгийн үр өгөөжөө өгнө.
-Төр засгийн зүгээс бодлогын баримт бичгээ батлахдаа тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэсэн байх ёстой биз дээ?
-2007 оноос өмнө төмөр замын салбарт “Улаанбаатар төмөр зам” ХНН дангаар үйл ажиллагаа явуулж байсан учир төмөр зам барих, засварлах, замын нөхцөл байдлын талаарх тоо баримт, тооцоог тус байгууллагаас авч зарим баримт бичигт тусгасан байдаг. Төмөр замын тээврийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаандаа шаардлагатай төмөр замыг барихын тулд өөрсдийн хэмжээнд судалгаа хийж байна. Энэ бол төмөр замын нэгдсэн бодлого төлөвлөлт хангалтгүй байгаагийн нэг илрэл. Жишээ нь: шинээр баригдсан төмөр замын дэд бүтэц зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд зориулагдаж, төмөр замын ачаа тээврийн зонхилох түвшнийг эзэлж ашиг орлого олж байгаа боловч өнөөдрөөс ирээдүйд тухайн төмөр замыг ямар чиглэл баримжаагаар ашиглах бодлого төлөвлөлтийг давхар тооцоолох шаардлагатай байна.
Баялаг тодорхой хугацааны дараа шавхагдана, түүнээс цааш тухайн дэд бүтцийг яаж ашиглах зэрэг асуудлыг цогц байдлаар бодож шийдвэрлэхгүй л бол хөрөнгө оруулалтаа нөхсөн хэдий ч, хэнд ч хэрэггүй далан шороо болох вий гэдгийг сайтар бодолцох ёстой.
-Манай улсад судалгааны олон хүрээлэн бий шүү дээ. Их дээд сургуулиас эхлээд олон улсын байгууллагууд хүртэл төмөр замын талаарх олон судалгааг танилцуулж байна. Монгол Улс хүртэл далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг нийслэл хотдоо төвлөрүүлсэн. Тус байгууллагын зүгээс ч төмөр замын үр ашгийн судалгааг танилцуулж байна. Энэ судалгаанууд хангалтгүй байна гэж үү?
-Таны хэлж байгаатай санал нийлж байна. Төрөл бүрийн байгууллагууд дор бүрнээ хэсэгчилсэн судалгааг хийж явуулж байна. Харамсалтай нь, тэдгээр судалгааг нэгтгэх төрийн байгууллага алга. ОХУ гэхэд л 1918 онд байгуулагдсан төмөр замын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байна. Өнөөдөр Бүх Оросын Тээврийн эрдэм шинжилгээний хүрээлэн болсон. БНХАУ-д 1950-аад онд төмөр замын судалгааны хүрээлэн гэж байгуулагдсан. Өнөөдөр Хятадын төмөр замын шинжлэх ухааны академи хүртлээ өргөжсөн. Ийм л судалгааны байгууллагууд улсын төмөр замын техник технологи, хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны түвшинд судлан, туршилт шинжилгээ хийж, үр дүнгээр нь технологийн өөрчлөлт шинэчлэлт, ирээдүйн төлөвлөлт, бодлогыг гаргаж байна. Бусад улс орнуудад ч энэ л зарчмаар явж байна. Тиймээс судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн Монгол Улсын төмөр замын сүлжээний нэгдсэн төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үүнтэй уялдаж тээвэр ложистикийн систем бий болно.
-Салбарын боловсон хүчний хувьд хэр хангалттай бэлтгэгдсэн гэж харж байна вэ?
-Төмөр замын салбарын мэргэжлийн боловсон хүчнийг 1950 оноос бэлтгэж эхэлсэн түүхтэй. Дотооддоо төмөр замын коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд, гадаадад ОХУ, БНХАУ-д бэлтгэж байгаа. Төмөр замын мэргэжлийн инженер сургууль төгсөөд ирдэг ч тэр бүр ажлын байраар хангагдаж байгаа нь хомс. Өнөөдөртөө болоод байгаа мэт харагдавч бид үнэхээр хоцорч явна. Энэ том салбарын боловсон хүчний бодлого орхигдсон байгааг салбарын яам анхаарах цаг нэгэнт болсон. Техник технологийн дэвшилттэй том хэмжээний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай боловсон хүчний чадавхи хангалтгүй байгаа учир бодлогоор өндөр хөгжилтэй улсад салбарын инженер техникийн болон багшлах мэргэжилтнийг бэлтгэх шаардлагатай.
-Танай байгууллага төмөр замын чиглэлд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
– “Төмөр замын сургалт судалгааны төв”-ийн үндсэн зорилго бол төмөр замын салбарын хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо, хувь нэмрийг оруулах явдал. Бид төмөр замын эрдэм шинжилгээ болон суурь судалгааны ажил, салбарын боловсон хүчний дахин сургалт, чадавхийг дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ ажлынхаа хүрээнд гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах эхний гэрээг байгууллаа. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны Их сургуультай Хамтын ажиллагааны санамж бичиг 2019 оны тавдугаар сарын 14-нд байгуулсан явдал нь манай улсын төмөр замын салбарын хөгжилд төрийн бус байгууллагын хувь оролцооны шинэ орон зай үүсч байна. Энэхүү санамж бичиг байгуулагдснаар цаашид манай улсын төмөр замын салбарт өрнөх бүтээн байгуулалтын суурь судалгааны болон эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд хэрэгжих, улмаар салбар хоорондын мэдээллэл харилцан солилцох, багш, оюутан солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, техник технологийн туршлага судлах зэрэг боломжууд нээгдэх олон талын ач холбогдолтой болно.
Холбоотой мэдээ