Эцэг, эхийн хайр халамж дутсан хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

Эцэг, эхийн хайр халамж дутсан хүүхдүүд

Эцэг, эхийн хайр халамж дутсан хүүхдүүд

Хүүхдийн тусламжийн утас нь хүүхдийн эрхийг хангах, тэдний дуу хоолойг сонсох, хүүхдэд сэтгэл зүйн яаралтай болон бусад туслалцаа үзүүлэх зорилготой. Манай улсад хүүхдийн тусламжийн утсыг 1998 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 2006 онд Олон улсын хүүхдийн тусламжийн утасны /CHI-Childhelpline International/ бүрэн эрхт гишүүн болжээ.

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэвшүүлсэн саналыг дэмжиж, “108 Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв” болгон өөрчилсөн байна. Уншигч танаа 108 хүүхдийн тусламжийн утас болон “Үжин”, “Өнөр бүл” төвөөс хийсэн сурвалжлагаа хүргэе.

Баянзүрх дүүрэгт байрлах 108 Хүүхдийн тусламжийн утсанд өдөрт 400-500 дуудлага ирдэг байна. Одоогоор гурван оператор ээлжлэн, 24 цагийн турш дуудлага хүлээн авдаг ч операторын тоог нэмэх шаардлагатай болжээ. Ачаалал ихтэй үед дөрөв дэх дуудлага ирсэн тохиолдолд тухайн дуудлага өгсөн хүүхэдтэй эргэж холбогддог байна.

Гэр бүл, найз нөхдийн харилцаа болон хүчирхийлэлд өртсөн хүүхэд тусламжийн утсанд хандаж нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн зөвлөгөө авч эхэллээ.

“Хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрийгөө шууд хэлж чаддаггүй. Ямар нэгэн байдлаар тойруу замаар асуудлыг ярьдаг. Тухайн хүүхдийг аль болох тайвшруулж, сэтгэл санааг нь зассаны дараа ярилцаж эхэлдэг. Ихэнх дуудлагыг 12-14 насны охид өгдөг. Одоогоор гурван оператор шууд утсаар үйлчилж байгаа ч тоог нэмэх шаардлагатай байна. Мэдээж өдөр бүр янз бүрийн дуудлага авч асуудалтай тулгарч байдаг учраас 108 утсанд тогтвортой ажиллах хүн бага. Нэг шөнө 100 гаруй дуудлага ирэх тохиолдол байдаг” гэж тус төвийн ажилтан хэлж байв.

Зарим тохиолдолд чимээгүй дуудлага ирдэг ч эргэн тухайн дуудлага өгсөн хүүхэдтэй холбогдож асуудлыг ярилцдаг байна.

108 тусламжийн утсанд дуудлага өгч байгаа хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 768054 дуудлага иржээ. Үүнээс мэдээлэл авах гэсэн дуудлага 147 мянга, хүүхэд хамгааллын талаар 92534, зөвлөгөө авсан 54 мянган дуудлага байсан аж.

2019 оны эхний гурван сарын байдлаар 36 387 дуудлага ирж, дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй гарчээ.

108 тусламжийн утасны дэргэд Түр хамгаалах байрыг 2017 онд байгуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хугацаагаар авдаг байна.

Түр хамгаалах байранд 24-108 цагийн хооронд хүүхдэд үйлчилгээ үзүүлнэ гэж заасан ч тухайн хүүхдэд учирсан асуудлын улмаас нэг сар хүртэл удаашрах тохиолдол гардаг байна. Эрүүл мэнд, сэтгэл зүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шаардлагатай бүхий л үйлчилгээг нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн тусламжтайгаар хийж буй ч ажлын ачаалал нэмэгдсэнийг хэлж байв.

Түр хамгаалах байранд 22 хүүхэд авах норм бий ч одоогийн байдлаар 37 хүүхэд аваад байна. Хэдийгээр ачаалал нэмэгдсэн ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг авахаас аргагүй байдал гарсаар буй юм байна. Эдгээр хүүхдүүд дунд найман сартай нярай  ч бий аж. Ээж нь өөрөө насанд хүрээгүй байсан ч хүүхдээ төрүүлээд харах боломжгүйн улмаас охиноо айлын орцонд орхиод явсан тохиолдол гарчээ. Цагдаагийн газраас найман сартай охины ээжийг хайж буй бөгөөд 17 настай эмэгтэй гэх мэдээлэл ирсэн байна. Тиймээс ээжийг нь олж, хүүхдийг өгөх тал дээр төвийнхөн ажиллаж байгааг хэлж байв.

“Хүүхдэд нэг л нэр байх ёстой. Ээж нь 17 настай гэсэн сураг дуулдсан. Уг нь нэг хүн хүүхдийг нь өргөж авна гэсэн ч хүүхэд гарсан хойно авахаа больсон. Эмээтэйгээ байдаг тэр охин хүүхдээ харах боломжгүй болсноос айлын орцонд орхиод явсан. Одоо хүүхэд найман сартай, төвийн нийгмийн ажилтаны асаргаанд байдаг. Гэхдээ энэ хүүхэд эрүүл мэндээр эрүүл хүүхэд” гэж төвийн мэргэжилтэн хэллээ.

Иймэрхүү нярай хүүхдээ хаясан тохиолдол олон гардаг байна. Төвийн ажилтнууд янз бүрийн насны хүүхэдтэй харьцдаг, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй ч тэдэнд хүүхдэд үзүүлэх бүхий л тусламж, үйлчилгээг өгдөг байна.

Түр хамгаалах байранд ирж буй хүүхдүүд дунд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд уг төвд ирж, ах эгчтэй болж төлөвшиж байгаа аж. Хэдийгээр гэр бүлд нь эргэн нэгдэх үйлчилгээг үзүүлж байгаа ч эцэг, эх нь харж хандах боломжгүй болсон тохиолдол олон гардаг байна. Янз бүрийн хүүхэд ирэх учраас нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчдийн хувьд хүндрэлтэй байдаг аж. Гэхдээ аль болох тухайн хүүхдэд үзүүлэх бүхий л тусламжийг өгдөг гэдгийг төвийнхөн хэллээ.

“Ажлын ачаалал эрс өөр байдаг. 24 цагийн турш дуудлагын утсан дээр сууж хүүхдийн мэдээллийг авдаг. Маш их сэтгэлийн хат шаардсан ажил. Хүүхэд бүр өөрсдийн болон найзууддаа тохиолдож байгаа асуудлаа хэлдэг. Зарим нь тойруу замаар хэлдэг ч тухайн хүүхдэд асуудал гарсан нь илэрхий болдог. Дуудлагын гурван операпор ажиллаж байгаа ч энэ нь хүрэлцэхгүй байгаа. Ажлын хүнд нөхцлөөс болоод энэ ажилд тогтвор суурьшилтай ажиллах хүн бага байна. Мэдээж энд хүүхдийн асуудалтай тулгарсан хүн гэртээ ямар сайхан очих билээ” гэж төвийн мэргэжилтэн хэлж байв.

Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд насанд хүрсэн хойноо биеэ үнэлэгч болсон олон тохиолдол байгаа нь судалгаагаар гарчээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл санааны заслыг бүрэн хийж чадаагүйн улмаас биеэ үнэлэх асуудал гарч буй аж.

Хүүхдийн эрхийг хамгаалах төвийн дэргэдэх “Үжин” төв 2018 оны арваннэгдүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор тус төв 2-13 насны 16 охин хүлээн авчээ. Хөвгүүдийг авах хүсэлтэй байдаг ч байрны нөхцөл байдлаас шалтгаалаад охидыг авдаг байна. Уг төвд мөн л ажилчид тогтвор суурьшилтай ажиллах нь ховор байна. Энд ирсэн хүүхдүүд эрс засагдаж байгааг төвийн багш хэлж байв. Өнөөдрийн байдлаар тус төвд долоон хүүхэд эрүүл мэнд, хууль эрх зүй зэрэг бүхий л үйлчилгээ авч байна.

“Үжин” төв үйл ажиллагаа явуулаад нэг жил болоогүй, хүүхдэд 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг ч байрны түрээсийн асуудал хүнд болсон байна. Мөн нийгмийн ажилтаны цалин бага байдаг учраас энд ажиллах хүн олддоггүйг төвийн багш хэллээ.

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн “Өнөр бүл” төв нь 1974 онд анх хүүхдийн төлөө фондын шийдвэрээр асрамжийн 58-р тусгай цэцэрлэг нэртэйгээр байгуулагджээ. 2014 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн энэ төвд өнөөдөр 103 ажилтан ажиллаж байна.

“Өнөр бүл” төвд өнөөдрийн байдлаар 189 хүүхэд байгаагийн 107 нь эрэгтэй, 82 нь эмэгтэй юм байна. Энд 2-18 насны хүүхдүүд бүхий л үйлчилгээ авч байна.

“Олон хүүхэд эцэг, эхийн хайр халамжаар дутаж байна. Эдгээр хүүхдүүд дунд нэг гэр бүлийн гурваас дөрвөн хүүхэд ч байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ асарч чадахгүй гээд төв дээр авчраад өгчихдөг. Энэ байдалдаа дасчихсан олон эцэг, эх бий. Асрамж, халамжийн 26 төв байдаг ч олон хүүхэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэхгүй өсч байна. Хэдийгээр ах, эгч, найз нөхөдтэй болдог ч тэдэнд эцэг, эхийн нандин хайр хэрэгтэй.

Бие махбодын болоод хүчирхийлэлд өртсөн олон хүүхэд байна. Зарим нь тэнэмэл замыг сонгоод, дахин дахин алга болох асуудал гардаг. Сэтгэл санааны бухимдалд орж нойргүй болсон хүүхдүүд бий. Аль болох “Өнөр бүл” төв рүү ирэх хүүхдийг багасгах хэрэгтэй. Хүүхдээ орхиж яваа эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй” гэж тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хэлж байв.

“Өнөр бүл” төвөөр хүмүүжсэн хүүхдүүд байнга эргэх холбоотой байдаг байна. 2017 онд “Эргэн дурсахуй” уулзалт зохион байгуулж, төвдөө байсан дурсамжаа хуваалцжээ. Одоогоор тус төвд 500 гаруй хүүхэд байдаг гэсэн судалгаа гарсан байна.

Сэргээн засах эмчилгээ, охидын өрөө, компьютер, номын сангийн өрөө гээд энд бүхий л зүйл бий. Нэг багш 10 хүүхэдтэй ажилладаг бөгөөд тэдэнд эцэг, эхийн үүргийг гүйцэтгэдэг байна. Өмнө нь нийтийн хоолтой байсан бол одоо хүүхэд бүр өрөөндөө хоолоо хийж иддэг болжээ. Мөн “Өргөө"-Миний дэлгүүрт хандиваар ирсэн барааг тавьж, хүүхэд бүрд өгдөг байна. Уг төвд хандив өгөхийг хүссэн хэн бүхний өмнө “Өргөө” дэлгүүр нээлттэй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж