"Сошиалаар сонин юутай байна" булангаараа Эх, үрсийн баярын эргэн тойронд өрнөж байгаа сонин хачнаас дуулгая. Нийгмийн идэвхтэй нийтлэлчид болсон жиргээчид эдгээр өдрүүдэд сонирхолтой мэдээллийг олон нийтэд түгээжээ.
-Эх үрсийн баярын өдөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд зочилж, одонгоо авдаг уламжлал тогтоод багагүй он жилүүдийг үджээ. Энэ жил улсын хэмжээнд Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж авчээ.
-Жилдээ нэг удаа одонгоо зүүж, олон түмэнтэйгээ баярладаг ээжүүдэд замын ачаалал ч багагүй саад болдог. Энэ зовлон зарим ээжүүдэд тохиолджээ. Зарим жолооч нар зам тавих нь битгий хэл "оочер дайран" одонтой ээжүүдийг ардаа хоцроосон дүр зураг Эх, үрсийн баярын өдөр тохиосоор.
-Зарим орон сууцны хорооллынхон нэгдэж, нэгэн өдрийг хүүхдийнхээ баярын өдөрт зориулав. Ихэнх нийтийн байранд хүүхдийн тоглох орчин бага байдаг нь хөндөх асуудлын нэг болдог. Энэ байдлыг анзаарсан нэгэн байрны иргэд машинаа холдуулж, хүүхдүүдийг тоглуулах орчныг бүрдүүлжээ. Мэдээж энэ нь жилдээ ганц болдог хүүхдийн баярын өдрийн том бэлэг байлаа.
-Жил бүрийн эл баярын өдөр Д.Сүхбаатарын талбайд томоохон үзвэр, үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлэхээр бэлддэг. Энэ жилийн баярын арга хэмжээний дараа төв талбайн хогийг шуурхай цэвэрлэжээ. Одоогоос зургаан жилийн өмнө хүүхдийн баярын дараа төв талбай хогондоо дарагдсан зураг нийгмийн сүлжээгээр цацагдсан билээ. Өнөөдөр энэ асуудал дахин давтагдсангүй.
Эх, үрсийн баярын өдөр нийгмийн сүлжээд тавигдсан сонирхолтой фото агшнуудыг хүргэж байна.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ