Европын хөлбөмбөгийн улирлын аваргуудын лигийн 2018-2019 оны шигшээ тоглолт өндөрлөлөө. Энэ жилийн аваргуудын лигийн шигшээ тоглолтод Английн хоёр баг болох "Ливерпүүл" болон "Тоттенхэм Хотспур" клубууд шалгарсан. "Ливерпүүл" клуб ес дэх удаагаа аваргуудын лигийн шигшээд шалгарсан бол "Тоттенхэм Хотспур" клуб анх удаагаа шалгараад байв.
- Тоттенхэм Хотспур 0-2 Ливерпүүл (гоол: М.Салах пен 2’, Д.Ориги 87’)
Шар хуудас: 0
Улаан хуудас: 0
Тоттенхэм Хотспур: У.Льорис, Д.Роүз, Я.Вертонген, Т.Алдервейрелд, К.Триппер, Х.Уинкс (Л.Моура 66’), М.Сиссоко (Э.Дайер 74’), Сон-Хын Мин, Д.Алли (У.Льоренте 82’), К.Эриксен, Х.Кейн
Ливерпүүл: А.Беккер, А.Робертсон, ван Дейк, Ж.Матип, Т.Александр-Арнольд, Ж.Виналдум (Ж.Милнер 62’), Фабиньо, Ж.Хендерсон, С.Мане (Ж.Гомез 90’), Р.Фирминьо (Д.Ориги 58’), М.Салах
Ливерпүүл клуб тоглолтын эхний довтолгоогоороо л гоолын боломжийг бий болгов. С.Манег хамгаалах гэсэн М.Сиссоко гар хүрснээр "Ливерпүүл" клубт 11 м-н цохилтыг бэлэглэв. "Ливерпүүл" клуб олдсон боломжийг маш сайн ашигласан бөгөөд М.Салах торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр эхний гоолыг оруулсан. Тус клубын довтлогч М.Салахын гоол аваргуудын лигийн шигшээ тоглолтод орсон хамгийн хурдан гоолын хоёрдугаарт бүртгэгдсэн юм.
Түүнээс өмнө 2005 оны аваргуудын лигийн шигшээ тоглолтонд "АС Милан" клубын хамгаалагч П.Малдини "Ливерпүүл" клубын хаалганд эхний минутад гоол оруулж байжээ. М.Салахын гоолоос хойш гоол оролгүй тоглолтын 87 дахь минут хүргэсэн бөгөөд сэлгээгээр талбайд гарсан Д.Ориги алсын цохилтоор багийнхаа ялалтыг баталгаажуулсан гоолыг оруулсан. Ийнхүү "Ливерпүүл" клуб 2-0 харьцаагаар "Тоттенхэм Хотспур" клубыг хожсоноор аваргуудын лигийн зургаа дахь түрүүгээ хүртсэн юм.
Тоглолтын тухай статистик мэдээ
- М.Салах аваргуудын лигийн шигшээд гоол оруулсан Африкийн ТАВ дахь тоглогч болов.
- Ю.Клопп Ливерпүүл клубыг аваргуудын лигийн цомонд хөтөлсөн ДӨРӨВ дэх дасгалжуулагч болов.
- Д.Ориги аваргуудын лигийн шигшээд гоол оруулсан Бельги улсын ХОЁР дахь тоглогч болов.
- "Ливерпүүл" клуб аваргуудын лигийн цомыг 6 дахь удаагаа хүртэж Реал Мадрид (13), АС Милан (7) клубын дараа бичигдэх болов.
Б.БЯМБАБАЯР