Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тоглоомын донг ICD-11 гэх олон улсын өвчний ангилалд бүртгэсэн байна. Тус байгууллагын ассамблейн Б хорооны “ICD” өвчний ангиллын шинэчилсэн хувилбарыг гишүүн орнууд санал нэгтэй баталсан бөгөөд энэхүү шийдвэр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болох аж. “ICD” гэдэг нь олон улсын өвчлөл, эрүүл мэндийн нөхцөл байдлыг мэдээлэх олон улсын стандартын суурь юм.
ДЭМБ-аас “тоглоомын дон”-г тоглоом тоглох нь тухайн хүний амьдрал болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байхад ямар ч хяналтгүйгээр хэтрүүлэн тоглож, өдөр тутмын үйл явдалдаа анхаарал хандуулахаас илүүтэй цахим тоглоомыг нэн тэргүүнд тавихыг хэлнэ хэмээн тодорхойлжээ.
Тоглоомд донтох өвчин нь хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал, Энэтхэгт цахим тоглоом хэтрүүлэн тоглосны улмаас хоёр хүн амиа алдсаны дараа "PUBG"-г хориглосон байна. Мөн Их Британид "Fortnite" тоглоомоос болж өнгөрсөн жил 200 орчим хос салжээ.
Тоглоомд донтох нь өвчин хэдий ч тоглоомын зах зээлийн үйлдвэрлэгчид болон зарим эрүүл мэндийн салбарынхан ДЭМБ-ын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Korea times
Холбоотой мэдээ