БНХАУ: Тэд дайн хүсвэл бид бэлэн

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

БНХАУ: Тэд дайн хүсвэл бид бэлэн

БНХАУ: Тэд дайн хүсвэл бид бэлэн

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тавдугаар сарын 5-нд Хятадын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг энэ сарын 10-ны өдрөөс нэмж, мөн импортын гаалийн татвар ногдуулдаггүй 325 тэрбум ам.долларын хятад бараа бүтээгдэхүүнээс ч татвар авахаар төлөвлөж буйгаа зарласан билээ.

АНУ-ын засаг захиргааны шийдвэр дагуу БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 10-25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн ч Хятад улс дээрх шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч буйдаа харамсаж байгаагаа илэрхийлж, улмаар удахгүй хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь саяхан юм.

БНХАУ-ын АНУ-аас импортолж буй 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэр буюу хариу арга хэмжээ зургадугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Хятадын Сангийн яамны нийтэлсэн жагсаалтад дурдсанаар, хариу арга хэмжээ болгон Хятад улс зургадугаар сарын 1-нээс эхлэн 2493 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувь, 1078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 20 хувь, 974 төрлийн бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулжээ. Түүнчлэн 595 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг 5 хувь хэвээр үлдээсэн байна.

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын удирдагч АНУ-ын Төрийн тэргүүнд уриалгахнаар “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд Хятад, АНУ хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны харилцаа эерэг байх нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл ч тийм байна. Хамтын ажиллагаа бол хоёр талын хамгийн зөв сонголт мөн. Иймд хоёр тал харилцааныхаа хөгжлийн чиг хандлагыг эерэг болгож, хоёр орны харилцааны урт хугацааны, тогтвортой хөгжлийг урагшлуулан, хоёр ард түмэн, дэлхий нийтэд үр өгөөжийг нь хүртээх хэрэгтэй” гэж мэдэгдэж байв.

Харин Трамп “Америк, Хятадын харилцаа онцгой чухал юм. Манай хоёр орон дэлхийн хамгийн нөлөөтэй улсууд. Эерэг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр улс болон дэлхий нийтэд ашигтай” гээд оршиж буй асуудлаар идэвхтэй зөвшилцөх, маргаанаа хоёр талд аль алинд нь ашигтай хувилбараар шийдэхийг хүсэж байна” хэмээн хариу барьсан билээ.

Хоёр орны худалдааны "дайн" улам эрчээ авч байгаад шинжээчид санаа зовж буйгаа илэрхийлсээр байна.

БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фенг "Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн хөгжил тодорхой бус, тогтворгүй хүчин зүйлүүд нэмэгдэж байна" хэмээн Бээжин хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Америкийн шинжээч “Бээжин АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж байгаа ч энэ нь тус улсын эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэхгүй” гэж  үзэж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сарын сүүлээр "Хүч нь суларч буй БНХАУ худалдааны маргааныг эцэслэх хэлэлцээрт хүрэхийг зорьж байна" гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үедээ “БНХАУ бидэнтэй хэлэлцээрт хүрэхийг зорьж байна. Өмнө нь хэлэлцээр хийсэн ч тэд зөрчсөн. Ингэх хэрэггүй байсан юм. Бидэнд тарифаар олон тэрбум ам.доллар төвлөрч байна. БНХАУ татаас олгож байгаа бол америкчууд бага татвар төлж байна. Тариф БНХАУ-д ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Хүмүүс компанитайгаа БНХАУ-аас гарч, Вьетнам, Азийн бусад орон, АНУ-д төвлөрч байна. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг ажиглана. Ираны адилаар БНХАУ-ын эрч хүч суларч байна. Иран улс бас ч хэлэлцээр хийхийг зорьж байна” гэж мэдэгджээ.

Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лондонд айлчилж, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй “Huawei”-ийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. АНУ Европын холбоотон орнууддаа 5G сүлжээний чиглэлд “Huawei”-тэй хамтрахгүй байхыг уриалж буй юм.

БНХАУ-ын тал Засгийн газрынхаа мэдээллийн агентлагаар дамжуулан АНУ-д газрын ховор элемент нийлүүлэхээ зогсоож магадгүй байгаа аж.

Тус улсын эрх баригчид “АНУ харилцан ашигтай, сөргөлдөөнгүй байх зарчмын үндсэн дээр хамтран ажиллана гэж найдаж байгаа аж. Энэ талаар Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ хэлжээ. Тэрбээр “АНУ яриа хэлэлцээ хийхийг хүсэж байвал бид боломжийг нээлттэй үлдээж байна. Хэрэв тэд дайныг хүсвэл бид бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: BBC, Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж