МУИС-ийн профессор, доктор, түүхч Ц.Жамбалсүрэнгийн “Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номын нээлт боллоо. Тус номын нээлтэд МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны гишүүд, үе үеийн эрдэмтэн, ардын багш, акедемич нар, үе үеийн захирлууд, Ю.Цэдэнбал агсны ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Энэхүү номонд Ю.Цэдэнбал нь нийгэм, эдийн засгийн олон салбарын суурийг тавилцсаны дундаас анхны дээд боловсролын байгууллага болох МУИС-ийг Х.Чойбалсантай эн зэрэгцэн байгуулж явсан тухай өгүүлэх юм.
Тодорхой тоо баримтаас дурьдвал Ю.Цэдэнбал нь 1939 онд ОХУ-д айлчлан И.Сталинтай уулзахдаа салбар бүрийн боловсон хүчнийг сурган бэлтгэх, их сургууль байх нь зүйтэй тухай дурьдаж байсан тухай номонд өгүүлжээ.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар: Монгол Улсын Засгийн газраас МУИС-д 75 жилийн ойгоор нь “Сүхбаатарын одон” хэмээх хүндэтгэлтэй шагналыг 60 жилийн дараа олголоо. Их сургууль ийм түвшинд амжилттай явж байгаа нь Ю.Цэдэнбалын эхлүүлсэн үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Их сургууль нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш 200 000 орчим боловсон хүчнийг бэлтгэж, долоон бие даасан их сургуулийг бий болгосон.
МУИС-ийн профессор, доктор, түүхч Ц.Жамбалсүрэн: 15 жилийн судалгааны дүнд МУИС-ийг анхлан санаачлан, голлох шийдвэр,тогтоолыг баталгаажуулж, хэрэгжүүлж байсан хүн бол Ю.Цэдэнбал мөн. Өмнөх судлаачдын бүтээл, тэдгээрийн баримт, судалгааны дүн, мэдээ,мэдээлэл, МУИС-ийн үе үеийн захирлуудын бодол санаа “Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номоор нэгтгэгдэж уншигчдын гарч ийнхүү хүрч байна.
Эх сурвалж: МУИС
Холбоотой мэдээ