Хүүхдийн ертөнцөөр “гоёсон” Монгол арт галерей үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ертөнцөөр “гоёсон” Монгол арт галерей үүдээ нээлээ

Хүүхдийн ертөнцөөр “гоёсон” Монгол арт галерей үүдээ нээлээ

Өнгийн цэцэгстэй, өндөр уултай, өнгө будаг алагласан хүүхдийн ертөнц угтлаа. “Айл гэр”, “Хөдөөгөө зүүдлэв“, “Миний хайртай хурдан шарга”, “Айрагтай монгол” зэрэг тэр чигээрээ монгол ахуй, ёс заншил, уламжлал шингэсэн хүүхдүүдийн бүтээлүүдийг дэлгэжээ.

Ийн хүүхдүүдийн инээд хөөр, баяр баяслаар чимсэн “Хүүхдийн ертөнц-2018” зургийн улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн өчигдөр/2019.05.31/ шинээр үүдээ нээж буй “Монгол арт” галерейн салхийг хагалж буй нь энэ.

“Хүүхдийн ертөнц” зургийн улсын уралдаанд 2014 онд аймаг, дүүргээс шалгарсан 567 бүтээл, 2016 онд шалгарсан 652 бүтээл ирсэн бол 2018 оны уралдаанд 592 бүтээл иржээ. Авъяаслаг хүүхдүүдийн бүтээлээс шүүгчид ангилал тус бүрт нэгдүгээр байр нэг, хоёрдугаар байр хоёр, гуравдугаар байр гурав, тусгай байр тав, шалгарсан бүтээл 17 нийт шилдэг 84 бүтээлийг шалгаруулсан юм.

Тодруулбал, бага насны ангилалд “Үй-Цай” бүрэн дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Г.Ундраа “Мөрөөдлийн ертөнц” бүтээлээрээ тэргүүн байр, 53 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч С.Очир-Эрдэнэ “Хотын гудамж” бүтээл, Монгени цогцолборын хоёрдугаар ангийн сурагч Т.Цэлмэг “Монголын нэг өдөр” бүтээлээрээ хоёрдугаар байрын шагнал авлаа. Харин гуравдугаар байранд 53 дугаар дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Г.Ананд “Чингисийн байлдаан”, “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн сурагч Н.Содсэцэн “Мал тооллого”, “Шинэ өнөөдөр” сургуулийн сурагч Б.Гантуул “Айраг уух сайхан” бүтээлээрээ тус тус шалгарсан байна.

Ингээд бага насны ангилалд тэргүүн байр эзэлсэн Г.Ундраа охин сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрбээр “Би зураг зурах их дуртай. Энэ удаагийн улсын уралдаанд би өөрийнхөө мөрөөдлийн ертөнцөө зурж, нэгдүгээр байранд шалгарлаа. Үе тэнгийн найзууд маань маш гоё бүтээл зурсан байна. Бүх найзууддаа Олон улсын хүүхдийн баярын мэндийг хүргэе” гэлээ.

 

 

 

 

“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙ МАШ САЙХАН БАЙНА”

“Болд” ХХК-ийн Ерөнхий захирал, “Монгол арт” галерейн үүсгэн байгуулагч Х.Болдбаатар “Монголд 1962 оноос эхлэн “Хүүхдийн ертөнц” нэртэй зургийн улсын уралдааныг улс даяар зохион байгуулж байсан. Энэ улсын уралдаан 1990-ээд оноос хойш 20 жил тасалдаж, бид 2014 оноос сэргээж, зургийн уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр бид улс даяар зарласан зургийн уралдааныхаа 2018 оны шилдэг бүтээлийг шалгарууллаа. Мөн энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн 250 гаруй бүтээлээрээ “Монгол арт” галерейн нээлтийг хийж байна. Олон улсын хүүхдийн баярт зориулсан энэ үзэсгэлэнд хүүхдүүдийн 2014, 2016, 2018 оны шилдэг бүтээлийг дэлгэн сонирхуулсан байгаа.

Хүүхдүүд үгээр хэлэхийн аргагүй маш сайхан бүтээлийг зуржээ. Монгол хүүхдүүдийн ур чадвар жилээс жилд сайжирч байна. Үзэсгэлэнгийн зааланд 1970, 1980-аад оны “Хүүхдийн ертөнц” улсын уралдаанд оролцож байсан хүүхдүүдийн бүтээлийг бас дэлгэсэн. Тэр үеийн бүтээлүүдтэй өнөөгийн хүүхдүүдийн бүтээлийг харьцуулахад хүүхдүүдийн ур чадвар маш сайжирсан байна. Монголын хүүхдүүдийн ирээдүй маш сайхан байна” гэдгийг хэлж байв.

 

 

 

“МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ЗУРААЧДЫН МӨРӨӨДӨЛ БОЛСОН ГАЛЕРЕЙ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ”

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын зураачдын эвлэлийн тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн П.Цэгмид гуай сэтгэгдлээсээ хуваалцлаа. Тэрбээр “Монголын хойч ирээдүй болсон багачууддаа, багш, эцэг, эхчүүддээ эх үрсийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр хүүхдүүдийн инээд хөөрөөр чимсэн цоо шинэхэн “Монгол арт” галерей үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Их билэгшээлтэй сайхан үйл явдал болж байна. Энэ галерейн үндсэндээ дөрвөн давхар. Давхар бүртээ 350 м.кв талбайтай нийт 1400 м.кв бүхий талбайтай галерей. Шинэ орчин үеийн галерейн монголын үе үеийн зураачдын мөрөөдөл болж байсан билээ. Энэ галерейд монголын дүрслэх урлагийн шинэ үеийнхэн бүтээлээ дэлгэн, төрөн гаргах, гадаад, дотоодын үзэгчдийн нүдийг баясгах их өргөө болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Хүүхдийн ертөнц” зургийн улсын уралдаан 1991 оноос хойш 20 гаруй жил тасалдсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Харин 2014 оноос Монголын зураачдын эвлэлээс санаачлан тухайн үеийн БСШУЯ, ССАЖЯ, Хүүхдийн төлөө үндэсний төв, Болор сан-Халамжит гэр бүл төв, Монголын дүрслэх урлагийн багш нарын холбоо, “Болд” ХХК хамтран “Хүүхдийн ертөнц” улсын уралдааныг сэргээн зохион байгуулж байгаа билээ.

Гэрэл зургийг Г.Бэлгүтэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж