Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр 11.00-17.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Жилийн жилд хүүхдийн баяраар дунджаар 50-60 хүүхэд төөрдөг бөгөөд энэ нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг харуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай зэрэг олон хүн цугласан газруудад бага насны 60 хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тиймээс эцэг эхчүүд Сүхбаатарын талбай болон олон хүн цугласан газраар бага насны хүүхдээ гараасаа хөтөлж явах, гэр бүлээрээ голын дэргэд амрах бол онцгой анхаарч байх, хөдөө амралт зугаалгаар явахаар шийдсэн бол баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэмжлэгтэйгээр хүүхдийг төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, эцэг, эхийн гар утсыг тэмдэглэх боломжтой, хүүхдийн гарт зүүх 4000 ширхэг бугуйвчийг тараах аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ