Путин пуужин устгах гэрээнээс татгалзах тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Путин пуужин устгах гэрээнээс татгалзах тогтоолын төсөл өргөн барив

Путин пуужин устгах гэрээнээс татгалзах тогтоолын төсөл өргөн барив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Пүрэв гаригт Төрийн Думд АНУ-тай байгуулсан Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс гарах тухай хуулийн төсөл санаачилснаа өргөн барьжээ. Энэ талаар Парламентын Доод танхимын дарга Вячеслав Володин сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тэрбээр "Төрийн Думын Зөвлөл энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Хуулийн төсөлд "Ерөнхийлөгч гэрээний хугацааг сунгах эсэх тухай шийдвэр гаргах эрхтэй гэж тусгасан” хэмээн хэлжээ.

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээг 1987 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёв нар үзэглэжээ. Энэхүү гэрээ нь дэлхийн түүхэн дэх анхны бүхэл бүтэн нэг ангиллын зэвсэг устгах баримт бичиг болсон байна.

Дээрх гэрээгээр хоёр тал дунд болон ойрын зайн тусгалт баллистик пуужингууд, тэдгээрийг хөөргөх болон дагалдах бусад хэрэгслээ устгах үүрэг хүлээж, дахин ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх тохиролцоонд хүрчээ. Энэ гэрээний дагуу хоёр улс дунд зайн буюу 1000-5500 км тусгалтай, ойрын зайн буюу 500-1000 км тусгалтай бүх төрлийн пуужингаа устгалд оруулсан байна.

Путины өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг ОХУ-ын Төрийн Дум баталвал хуулийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч пуужингийн гэрээнээс гарах асуудлыг шийдэх бүрэн эрхтэй болох аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс гарах тогтоолын төсөл баталж, гарын үсэг зурсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Зөвлөлтийн үед байгуулсан дээрх гэрээнээс гарахаа зарлаж, “Оросын тал “9-M729” пуужин туршиж, гэрээний зүйл заалтыг зөрчсөн” хэмээн мэдэгдэж байв.

АНУ ирэх наймдугаар сард албан ёсоор гэрээг орхих шийдвэрээ Москвад мэдэгдсэн бол ОХУ-ын тал шүүмжлэлийг няцааж, "Пуужин 500 км-ээс илүү зайд хүрэх боломжгүй. Тиймээс бид гэрээг зөрчөөгүй” гэж мэдэгдсэн байна.

ОХУ АНУ-ыг хоёр зүйлээр буруутгадаг аж. Оросын эрх баригчид нэгдүгээрт, Вашингтон тэнгисийн цэргийн хуурай замын пуужингийн системийн хувилбараар гэрээг зөрчсөн. Энэхүү пуужингийн систем нь далавчит пуужин хөөргөх чадалтай, үүнийгээ америкчууд Польш, Румын зэрэг Европын улсуудад байршуулсан гэж үзжээ. Хоёрдугаарт, АНУ пуужин эсэргүүцэх технологи хөгжүүлэхдээ дунд тусгалын пуужингуудыг ашиглаж, гэрээ зөрчсөн гэж үзсэн байна.

Зөвлөлтийн үед байгуулсан пуужингийн энэхүү гэрээ ирэх наймдугаар сар гэхэд дуусгавар болох нөхцөл нь бүрдээд байна гэж хэвлэлүүдэд мэдээлсээр байгаа юм.

Эх сурвалж: Tass, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж