Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

NEWS  АГЕНТЛАГ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА-


"Би сайдыг доромжлоогүй, хариуцлага нэхсэн"

Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Ардчилсан нам тавдугаар сарын 30-нд Сүхбаатарын талбайд бүх ард түмний жагсаал зохион байгуулсан. Тэнд та явж байгаа харагдсан? 

-МАН ард түмнээ сайхан амьдруулж, ажил орлоготой, аз жаргалтай болгоно гэж амлаад 65 суудал авсан. Гэтэл өнөөдөр ард түмний амьдрал улам дордсон. Үнийн өсөлт иргэдийн халаасыг тэмтрээд эхэллээ. Эрүүл мэндийн салбар нь дампуурчихсан, сургуулиуд халдварт өвчний үүр уурхай болсон. Тиймээс би жагсаалд оролцож, Д.Сарангэрэл сайдыг бодлогын дуэльд дуудсан юм.

-Д.Сарангэрэл сайдыг та албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байгаа. Эсрэгээрээ Д.Сарангэрэл сайд таныг дайрч, доромжиллоо гэсэн мэдэгдэл гаргасан байна лээ? 

-Мэдэгдлийг нь уншсан. Миний хувьд Д.Сарангэрэл сайдыг дайрч доромжилсон юм огт байхгүй. Би эмэгтэй хүнийг элдвээр хэлж, харааж зүхээгүй. Хариуцлага л нэхсэн. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг юм л даа. Иргэдийн дундах өвчлөл ямар байна. Нас баралтын төвшин хэр байна. Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого үр дүнгээ өгч чадаж байна уу, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна гэх зэргээр сайдын ажил дүгнэгддэг.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дүгнэсэн дүгнэлт дээр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ёстой 22 арга хэмжээний 17-д нь Д.Сарангэрэл сайд “муу” дүн авсан байна лээ. Энэ бол Д.Сарангэрэл сайдын огцрох нэгдэх шалтгаан. Хоёрт, сүрьеэгийн халдвар гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэтэл сайдаас ажлын хариуцлага нэхэхээр дайрч доромжилсон асуудал болдог юм байна л даа

Уг нь ажлыг нь хийж чадна, эрүүл мэндийн салбарыг авч явж чадна, чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж сайд болсон байлгүй. Улс төрд явж байгаа хүний хувьд сайн, муу үг сонсож л таарна. Эмзэг, турьхан хүмүүсээс илүү энэ салбарыг мэддэг, зангиддаг, бодлого боловсрууллаг  хүн хэрэгтэй байна. Гуравт, Эрүүл мэндийн яам авилга, хээл хахуульд идэгдэж, олон хүн баривчлагдлаа. Тэр дотор сайдын дотнын хүн, туслахаар ажиллаж байсан хүн нь хүртэл хууль, цагдаагаар шалгагдаж байгаа.

-Сүрьеэгийн асуудал бол Монголын нийгмийн айдас болсон нь үнэн. Гэхдээ Д.Сарангэрэл сайдын үед гэнэт л сүрьеэгийн өвчлөл дэгдчихээгүй. Эрүүл мэндийн үе, үеийн удирдлагууд, Засгийн газрын сайдууд бүгд буруутай биш үү? 

-Сүрьеэ дэгдэлт өнөөдөр үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Нийгмийн халдвартай, ноцтой өвчин. Гурван сургуульд зэрэг дэгдэлт гарна гэдэг сүрьеэгийн тархалт газар авсны илрэл. Сайд ажлаа хийхгүй, эсвэл мэдэхгүй, тэнцэхгүй байна гэсэн үг. Бодлого нь болохгүй, удирдаж байгаа хүний онолын мэдлэг чадвар дутагдаж байгаа нь илт харагдаж байна.

-Уг нь сэтгэл, зүтгэлтэй л ажиллаж байгаа харагддаг шүү дээ? 

-Салбарынх нь үзүүлэлт хийсэн ажил, төрийн бодлогын, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтээр үнэлэгдэх болохоос мянган сайхан сэтгэлээр явагдахгүй. Би ч хувь хүний хувьд сайдыг муу хүн гэж огт боддоггүй. Д.Сарангэрэл сайдыг анх ажлаа авахад нь би цахим хуудсаараа дамжуулж, 21 зөвлөмж өгсөн. Эмч хүнийхээ хувиар, энэ яаманд ажиллаж байсны хувьд онцгой анхаарах ёстой асуудлуудыг жагсаагаад бичсэн зөвлөмж байсан юм. Түүн дотор сайдаас нийслэлийн сурагчдын дунд байгаа далд сүрьеэгийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн. Харамсалтай нь миний өгсөн зөвлөмжийг тусгаж аваагүй бололтой. Далд халдварыг эртхэн илрүүлэх, эмчлэх тал дээр юу ч хийхгүй байсаар хот хөдөөгийн гурван сургуульд маш том дэгдэлт гарлаа. Энэ бол зөвхөн мөсөн уулын орой л ил болж байна. Д.Сарангэрэл сайд огцорсноос юу өөрчлөгдөх юм бэ гэж зарим хүмүүс асууж байна лээ. Үнэхээр салбарын байдал ноцтой байгаа учраас л түүнийг огцруулах шаардлага тавьж байгаа юм. Би улс төрөөс, эрх баригчдаас хариуцлагын тогтолцоог нэхсэн. Түүнээс Д.Сарангэрэлтэй хувийн болон хувьсгалын ямар нэгэн зөрчил байхгүй ээ. Түүнийг ажлаа аваад өнөөг хүртэл хэр ажиллахыг нь маш тэвчээртэйгээр ажигласан. Өнөөдөр Монголд эрх ямба эдлэх болохоороо “би чадна, би хийнэ, би үүрнэ” гэдэг. Гэтэл хариуцлага хүлээх болохоор улстөржлөө гэх юм. Зөвхөн Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардаад байгаа юм биш. Сүрьеэтэй ингэж тэмцээч гэсэн хүсэлт ч бас тавьж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Б.Азжаргал: Хөхний хорт хавдрын үзлэг, эмчилгээ үнэгүй

Бид төдийлөн анзаардаггүй ч эмэгтэйчүүдийн амь насанд аюултай өвчний нэг бол хөхний хорт хавдар юм. Энэхүү өвчин нь элэг, зүрх, нойр булчирхай, умайн хүзүүний хавдрын дараа нь орж байна. Хөхний хавдрын шинж тэмдгийг толинд хараад, өөрөө тэмтрээд мэдэх боломжтой ч эмэгтэйчүүдийн ихэнх нь хожуу үе шатандаа эмнэлэгт хандаж байгааг Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын эмч Б.Азжаргал хэллээ. Түүнтэй энэ асуудлаар ярилцлаа. 

-Хөхний хорт хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай болсныг эмч нар хэлдэг. Шалтгаан нь юунаас болж байна вэ?

-Хөх бол эмэгтэй хүний хамгийн чухал эрхтэн. Юуны өмнө хөхний тухай товчхон ярих нь зүйтэй байх. Эмэгтэй хүний гоо сайхан болон сэтгэл зүй, эрүүл мэндэд маш чухал эрхтэн юм. Хөх нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насанд байнгын дааврын нөлөөнд байдаг. Хөхний хортой хавдрын тохиолдлын 50-иас илүү хувь дааврын хамааралтай үүсч байна гэж үзэж байна. Дэлхийд эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдрын тохиолдол 100 мянган хүн ам тутамд 47-50, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад 60-70 байдаг. Манай улсад хөхний хорт хавдрын тохиолдол 100 мянган хүн амд 4-6 илэрч байгаа нь бага үзүүлэлт боловч сүүлийн үед эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Ирэх 5-10 жилд тогтвортой өсөх хандлага ажиглагдаж буй юм. Хавдраар өвчлөхөд хувь хүний хүчин зүйл, архи тамхи, таргалалт, стресс зэрэг нийгмийн хүчин зүйл удамшил зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.

-Хөхний хорт хавдраас бидний урьдчилан сэргийлж чадахгүй хүчин зүйлс нь удамшил. Энэ хавдар бусад өвчинтэй харьцуулахад эхээс охинд удамших магадлал хэдэн хувьтай байдаг вэ?

-Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой болон боломжгүй хүчин зүйлс гэж хоёр ангилдаг. Урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлст амьдралын буруу хэв маяг буюу буруу хооллолт, архи, тамхи, таргалалт, стресс, нийгмийн хүчин зүйлүүд байдаг. Харин хүйс, ген, насыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Байгалиас эмэгтэй хүн болж төрсөн л бол эстроген дааврын байнгын нөлөөнд амьдарна гэсэн үг. Үүнийг зогсоох боломжгүй. Мөн нас ахих тусам хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Энэ бүхнээс удамшил маш чухал нөлөөтэй. Хэрэв ээж нь хөхний хорт хавдартай бол охин нь өвдөх өндөр магадлалтай.

-Оройтож төрөх, огт хүүхэд төрүүлэхгүй байх, жирэмслэлтээс хамгаалах эмийн гаж нөлөө зэрэг нь хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг үү?

-Хөхний хорт хавдар нь гэр бүл төлөвлөлттэй шууд холбоотой. Охид эмэгтэйчүүд оройтож төрөх, огт төрөхгүй байх эсвэл ойрхон хугацаанд олон жирэмслэх нь дааврын үйл ажиллагааны тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг.

Хэт эрт төрөх, олон хүүхэд төрүүлэх, огт төрөхгүй байх, орой төрөх, хүүхдээ огт хөхүүлэхгүй байх нь хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь болно.

Хүүхэд төрүүлсэн бол 1-1.5 жил хөхөөр хөхүүлэх хэрэгтэй. Энэ нь хөхний хорт хавдраас сэргийлдэг. Уг нь эмэгтэй хүн 3-5 жилийн хугацаанд төрж, сүүгээрээ хүүхдээ хөхүүлснээр булчирхай нь ажиллаж байдаг байгалийн зохицолдоотой атал орчин үед энэ нь алдагдсан. Мөн хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас жирэмсэн болсон үедээ үр хөндөлт хийлгэх, жирэмслэлтээс хамгаалах постинор эмийг хяналтгүй хэрэглэх зэрэг нь хавдраар өвчлөх шалтгаан болж байна. Жирэмслэлтээс хамгаалах энэ эм нь хэт өндөр дааврын агууламжтай бэлдмэл учраас цусан дахь дааврын хэмжээг нэмэгдүүлж үр тогтох процессийг таслан зогсоодог. Энэ нь буруу хэв маяг. Хоёрдугаарт, жирэмслэлтээс хамгаалахын тулд удаан хугацаанд эмчийн хяналтгүй дааврын бэлдмэл хэрэглэж байна. Олны мэдэх 21 хоногтой эмүүдийг 5-10 түүнээс олон жилээр хяналтгүй хэрэглэх зэрэг нь хөхний эрүүл физиологийн үйл ажиллагааг алдагдуулж байдаг юм. Товчхондоо хөхний булчирхайг цочроох тусам л хавдар үүсэх эрсдэл нь нэмэгдэнэ. Иймд гэр бүл төлөвлөлт маш чухал. Мөн эмчилгээнээс бусад зорилгоор аль ч төрлийн дааврын бэлдмэлийг эмчийн хяналтгүй хэрэглэх нь аюултай.

-Хөхөнд бэрсүү үүсэх бас хөхүүл эмэгтэйчүүд горьдох гэж бий. Энэ тохиолдолд ихэнхдээ домоор аргалдаг. Эсвэл бариачид ханддаг нь хэр зүйтэй вэ?

-Энэ нь мастит буюу хөхний үрэвсэл. Энэ үрэвсэл хөхний толгойгоор дамжиж халдвар орж үрэвсэл үүсгэж байгаа хэрэг. Хөхний толгойд сүү ялгаруулах 18-20 ширхэг цорго байдаг. Нянгийн халдвар эдгээр сувгийн аль нэгийг бөглөж, үрэвсэл үүсч идээлэх процессыг манайхан горьдох гэдэг л дээ. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь чухал. Идээт үрэвсэл учраас хүндэрсэн үед мэс заслаар идээг гадагшлуулан эмчлэх шаардлага ч гарна.

Хөхүүл эмэгтэйчүүд бактерийн халдвар авсан учраас халуурдаг. Тиймээс эмийн болон физик эмчилгээг хийдэг. Эмчилгээ үр дүнгүй бол мэс засал хийх шаардлагатай болно. Цаг алдахгүй эмчид хандсанаар мэс засалд оролгүйгээр эдгээх боломжтой. Ийм хүндрэл анхлан төрөгч, залуу эмэгтэйчүүдэд их тохиолддог. Нөгөө талаас үрэвслээс шалтгаалан хөхөнд бэрсүү үүсдэг. Энэ нь хавдар үүсэх бас нэг хүчин зүйл байж болно. Бэрсүү удаан хугацаанд байвал дээрх дурдсан хүчин зүйлсүүдийн нөлөөгөөр хавдар үүсэх суурь нь болдог.

Тиймээс хөхөнд бэрсүү байвал мэргэжлийн эмчид хандах нь чухал. Бэрсүүг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд зөв тохирсон эмчилгээ хийснээр хөхний хавдрын бас нэг шалтгааныг арилгаж урьдчилан сэргийлнэ гэсэн үг.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"Хүүхэдтэйгээ зөв харилцаатай байж, сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй"

Сүүлийн үед хүүхдийн эсрэг ноцтой гэмт хэрэг ойр ойрхон гарч нийгмийг цочирдуулах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхийн хариуцлага, түүнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Батзоригтой ярилцлаа.


-Хүүхэд хүчирхийлсэн, хүүхэд алга болсон, хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд гардаг боллоо. Энэ нь эцэг, эхчүүдийн хариуцлагатай холбоотой юу?

-Сүүлийн гурван жилийн байдлаар 2900 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдсэн. Мөн 4900 гаруй хүүхэд гэмт хэргийн золиос болж, өртөж хохирсон байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 100 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт холбогдогч болсон бол 300 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ тоо мэдээг цааш нь өсгөхгүй байх, эцэг эхчүүдэд зөв месcеж өгөх нь өөрөө асар том урьдчилан сэргийлэх ажил юм.

Хүүхэд бол эцэг, эхчүүдийнхээ толь нь байдаг. Томчуудын үйл хөдлөлөөс хүүхэд ирээдүйд хэн болох нь тодорхойлогддог гэж хэлж болно. Тухайлбал, хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд насанд хүрээд гэмт хэрэгт холбогдох эсвэл гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл тохиолдож байна.

Харин хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 10-15 удаа ирдэг. Ихэнх тохиолдолд хүүхдүүд тухайн өдрөө олдчихдог. Одоогийн байдлаар сураггүй алга болсон гурван тохиолдол бий. Бидний мэдэхээр Замын-Үүд, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт алга болсон охид олдоогүй байна.

-Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн үйлдэгч, холбогдогч болж байна. Энэ нь мөн л эцэг, эхийн хараа хяналттай холбоотой юу?

-Хүүхдийн хүчирхийллийн суурь шалтгаан нь гэр бүлийн боловсрол тааруу, архидалт, ядуурал ихтэй байгаагаас зарим иргэд төдийлөн үр хүүхдээ хайрлаж, халамжилж чадахгүй байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг судлаад үзэхэд гэр бүл нь салсан, хараа хяналтгүй, гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн хүүхдүүд ихэвчлэн байдаг. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өсвөрийн сэргийлэгч бүлгийг дэмжих чиглэлээр ажилладаг. Мөн сургуулийн орчинд “school police” эргүүлүүдийг дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Нэг үеэ бодвол хүүхдийн төлөө гэсэн хүмүүс “за” хэмээн хэлж байна. Гэхдээ цаашдаа үр дүн нь гараасай гэж бодож байна.

-Хэвлэл мэдээллээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой олныг цочирдуулсан мэдээлэл байнга гарах боллоо. Энэ нь өөрөө ямар сөрөг үр дагавартай байдаг юм бол?

-Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэлээн анхааралтай, нотлох баримтын эх сурвалжид дүн шинжилгээ хийж, энэ мэдээллийг тавьснаар нийгэмд бухимдуулах мэдээлэл болохоор байна уу эсвэл сэдэл төрүүлэх, сэрэмжүүлэг болохоор мэдээлэл байна уу гэдгийг анхаарч байхыг онцолмоор байна. Мэдээллийн эх сурвалжаа сайн шалгаж, баталгаажуулаагүй байж, мэдээ мэдээллийг сенсацилах байдлаар цацдаг байдал нь хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд, зарим сэтгүүлчдийн буруу чиг хандлага болчихжээ. Тэгэхээр бид нар өөрсдөө зөв баймаар байна. Тиймээс мэдээллийн эх сурвалжаа сайн нягталж байгаач ээ гэж зөвлөмөөр байна.

“Зөв тусгал аян эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үндсэн чиг үүргийн хүрээнд ямар томоохон ажлууд хийсэн бэ?

-Жил ирэх тусам хүүхэд гэмт хэрэгт холбогдож хохирч буй тоо өсч байна. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд бий. Энэ хүүхдүүдийг хэрхэн эрүүл, энх аюулгүй байлгах вэ гэдэг нь эцэг эх асран хамгаалагчийн үүрэг юм. Энэ үүргээ ухамсарладаггүй, хэрэгжүүлдэггүй, мэддэггүй эцэг эхчүүд их байдаг учраас бид энэхүү аяныг зохион байгуулж байна. “Зөв тусгал” аян нь Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө хийгдэж буй олон нийтэд чиглэсэн арга хэмжээ юм. Дэлхийн Зөн олон улсын байгууллага, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран энэ аяныг хэрэгжүүлж буй. Энэ арга хэмжээ маань зургадугаар сарын нэгэнд өндөрлөнө. Гэхдээ аян дууссан хийгдсэн ч цааших хийх ёстой ажлууд хийгдэнэ.

НЦГ-аас хэвлэл мэдээллээр дамжуулан Хүүхдийн аюулгүй байдлыг хангах санамжийг анимейшн хэлбэрээр бүтээн эцэг эхчүүд, хүүхдүүдэд хүргэж байна. Хүүхэд аав, ээжийнхээ хэлсэн үгийг ойлгодог боловч байнга үглээд байхаар чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байдаг. Хүүхэд зурагтаар харж үзсэн зүйлээ даган дууриах түүнийг өөртөө шингээдэг шүү дээ. Тиймээс бид хүүхдүүд рүү чиглэсэн контент бэлдэж эхэллээ. Жишээлбэл, эцэг эх нь хаалгаа тайлахдаа танихгүй хүнд онгойлгож өгч болох уу болохгүй юу гэх мэт аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санамжууд бий. “Зөв тусгал” аяны гол зорилго нь эцэг эхчүүдийн мэддэг хирнээ хийдэггүй тэр мессежийг өгөх зорилготой. Энэ аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож дэмжиж байна. Тус аянаар олон жилийн буруу хандлага үзлийг өөрчлөх хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд иргэд, олон нийтийн үзэл бодол, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн контент, өдөрлөг, уулзалт, зөвлөгөөн, хяналт шалгалт зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Томоохон уулзваруудыг замын цагдаа бус камер хянана

 Тавдугаар сарын 20-ноос хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлсэн. Улмаар жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ногдуулах талаар албаны хүн хэлж байна. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалтай энэ асуудлаар ярилцлаа.


-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Эхний ээлжид жолооч нарыг торгох биш, замын хөдөлгөөний шинэ дүрмийн дадал суулгах хүртэл хэсэг хугацаанд сануулах арга хэмжээ авч байгаа гэсэн. Хэзээнээс шар тэмдэглэгээ дээр зогсвол торгож эхэлсэн бэ?

Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнөх үеэс эхлээд иргэдэд дүрмийн талаар болон шар тэмдэглэгээний талаар мэдээлэл сурталчилгааг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, жолооч нар дүрмээ мэдэхгүй биш мэдэж байгаа хэрнээ зөрчөөд байгаа нь тодорхой цаг хугацаа шаардаад, дадал хэвшил дутагдаад байгаа болов уу гэж үзээд тодорхой хугацаанд торгохгүйгээр тайлбарлаад сануулах, арга хэмжээ авч байсан. Тэр ч утгаараа энэ хугацаанд чамлахааргүй өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Одоо жолооч нар шар тэмдэглэгээ гэж юу юм бэ, ямар тохиолдолд торгох вэ гэдгийг мэддэг болсон.

Тиймээс энэ сарын 20-ны даваа гаригаас эхлээд шууд торгуулийн арга хэмжээ авч байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг. Үүний дагуу уулзварын шар тэмдэглэгээнд нэвтрэн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн арга хэмжээ авах юм. Өнөөдрийн байдлаар Цэцэг төвийн уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Цаг уурын уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзварт шар тэмдэглэгээг хийсэн байна. Дээрх дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийж, хяналтын камерын автомат систем ашиглан, дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулийн төлбөр хүргэгдэнэ.

-Хяналтын камерын автомат систем ашиглан дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлнэ гэхээр уулзвар бүрт замын цагдаа зогсохгүй гэж ойлголоо, зөв үү?

-Замын хөдөлгөөнийг замын цагдаа хянахгүй байх боломж бүрдсэн гэж үзэж болно. Эхний ээлжид дөрвөн уулзвараас эхэлж байгаа боловч цаашид бүх уулзвар дээр камер суурилуулна. Цагдаагийн алба хаагч зөвхөн хяналтаа тавих нөхцөл байдал руу шилжинэ гэсэн үг. Мөн нийслэлээс барьж байгаа нэг том ажил  нь уулзваруудыг ухаалаг гэрлэн дохионы системтэй болгохоор судлаад явж байна. Хүмүүс уулзвар бүрт заавал замын цагдаа байх ёстой гэж ойлгодог. Гэтэл замын цагдаагийн алба хаагч уулзварын гол руу орж  зохицуулах цөөхөн тохиолдол байдаг. Хамгаалалт зохицуулалт, зам тээврийн осол, зохиомол түгжрэл саатлын үед л уулзварын гол руу орж зохицуулах үүрэгтэй.

-Зөвшөөрөгдөх гэрлэн дохио ассан байсан ч гэсэн торгох уу?

-Шар тэмдэглэгээтэй уулзвар дээр жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг тааруулж, гэнэтийн эрсдэл үүсэхэд тээврийн хэрэгслийг асуудалгүй зогсоох, унтраах хэмжээний хурдтай явах ёстой. Хэрвээ хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглэгээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна.

Тэгэхээр жолооч зөвшөөрөгдсөн гэрлээр замын хөдөлгөөнд оролцохдоо хамгийн нэгдүгээрт, түгжрэл үүссэн эсэхийг харах хэрэгтэй. Түгжрэл үүссэн бол шар тэмдэглэгээнээс гарах боломжтой хугацаа хүртэл хүлээхийг мартаж болохгүй гэсэн үг. Харин зөвшөөрсөн гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчдод зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар программчилсан.

Дөрвөлжин шар тэмдэглэгээ рүү орж зогссон жолоочид оногдуулах хариуцлага ямар байх вэ?

Зөрчил илрүүлэгч камерын баримт, шийтгэлийн хуудас тухайн жолоочийн гэрийн хаягаар шуудангаар очно. Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 мянган төгрөгөөр торгоно. Иргэдийг торгоод байх сонирхол цагдаагийнханд байхгүй. Ийм учраас зөрчил гаргахгүй байх ёстой гэдгээ иргэд ухамсарлах хэрэгтэй.

-Шинэчилсэн дүрэм байдаг ч иргэд төдийлөн сайн мэддэггүйгээс байнга зөрчөөд байгаа заалт бий юу?

Нийтийн тээврийн үйлчилгээ зогсохтой зэрэгцэн жижиг тээврийн хэрэгслүүд тодорхой чиглэлд хүн тээвэрлэхээр автобусны буудал дээр цуваа үүсгэн зогсдог. Энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд чиглэлийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоол дээр 22.00-06.00 цагийн хооронд хүн буулгаж, суулгахаар түр зогсохоос бусад тохиолдолд зогсохыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс жолооч нарт чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу автобусны буудал дээр зогсохгүй байхыг анхааруулмаар байна.


Бяцхан мисс, жүжигчин, бүжигчин Э.Энхсарнай

NEWS" агентлаг  Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор бяцхан мисс охиныг онцолж байна. Түүнийг Энхмэндийн Энхсарнай гэдэг. Бяцхан зочин маань одоо долоохон настай ч жаахан биедээ баймгүй авьяаслаг нэгэн.

Тэрбээр өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashionхэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, “Гран при” шагналыг хүртжээ. Мөн Хүүхдийн ордны “Эрдэм” медаль, “Бяцхан мисс” алтан медаль, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медаль гэх мэт олон шагналын эзэн болсон мундаг хүүхэд билээ.

ЭНХМЭНД ЭНХСАРНАЙ 2012.01.19

Суралцаж буй сургууль:

Хан-Уул дүүргийн 130 дугаар дунд сургууль 
Нас:

Долоо

Хобби:

 Дуу дуулах, бүжиг бүжиглэх дуртай

Биеийн өндөр:

135 см

Хэлэх дуртай үг:

“Бүгдэд нь амжилт хүсье”

Хайртай амьтан:

Гөлөг, туулай

Сошиал хуудас: 

enkhsarnai enkhsarnai /фэйсбүүк/

АНХНЫ АМЖИЛТ

-Би дөрвөн настайгаасаа загварын сургалтанд сурч, таван настайдаа миссийн тэмцээнд оролцож эхэлсэн. Анх Монголдоо зохион байгуулсан “Бяцхан мисс” тэмцээнд оролцож, “Загварлаг бяцхан мисс”-ээр шалгарч байсан юм. Үүний дараагаар 2017 оны есдүгээр сард анхны Олон улсын миссийн тэмцээнд оролцохоор Турк улс руу явж байсан юм. Би анх тэмцээнд орохдоо жаахан сандарсан. Тайзан дээр гоё хувцас өмсөөд алхах их таалагддаг. Аав, ээж, багш, найзууд маань надад баяр хүргээд, гоё санагдсан.

Дараагаар нь Турк улс руу хоёр удаа тэмцээнд оролцож, 2018 онд “Гран при” цомын шагнал хүртсэн. Бас БНСУ руу "LBMA" загварын долоо хоногт "ЭМИ-ЖИ" бүжгийн хамтлагаараа оролцож гранпри шагнал авсан. Нэг тэмцээнд оролцохдоо л үндэсний дээл, гоё даашинз, чөлөөт хувцас гээд олон зүйл бэлддэг. Хамгийн сүүлд 2018 онд Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashion” хэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, “Гран при” шагналыг хүртсэн.

БЯЦХАН МИСС МААНЬ ХЭЧНЭЭН ТИТЭМ, ДААШИНЗТАЙ ВЭ?

-Надад одоо дөрвөн үндэсний дээл бий. Бас гоёлын олон даашинз байгаа. Бараг 10 гаруй байгаа. Шагналын титэм гэвэл найм байдаг.

БЯЦХАН ЗАГВАР ӨМСӨГЧ, МИССЭЭС ГАДНА КИНОНД ТОГЛОДОГ ГЭСЭН ҮҮ?

Сүүлийн үед уран сайхны кинонд тоглох сонирхолтой болсон. Одоогоор нэг кинонд тоглох санал ирээд байгаа. Өнгөрсөн хугацаанд би дөрвөн уран сайхны кинонд тоглосон байдаг. Анх “love” гэдэг уран сайхны кинонд тоглосноос хойш “48 цаг”, “Girls 2” олон ангит кинонд тоглосон байгаа. Миний хувьд хамгийн сүүлд зургадугаар сарын 7-нд кино театруудаар нээлтээ хийх гэж байгаа “Могул пикчерс”-ийн “DEJA VU” сэтгэхүйн аймшгийн кинонд тоглосон.

Анх удаа аймшгийн кинонд тоглоход сонирхолтой байсан. Жүжиглээд, уйлаад л…Нэг удаа зураг авалтын үеэр харанхуй шөнө ууланд нимгэн тирко, даашинзтай гүйсэн. Тэгэхэд би айгаагүй ч бага зэрэг даарсан шүү. Тэгээд бас би шатнаас бууж байхдаа алчуурчинд буудуулж үхдэг хэсэг гардаг. Би алуурчны ярианаас нь айсан.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж