"Талийгаачид яаралтай эмчилгээ хийсэн ч амийг нь аварч чадаагүй"

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

"Талийгаачид яаралтай эмчилгээ хийсэн ч амийг нь аварч чадаагүй"

"Талийгаачид яаралтай эмчилгээ хийсэн ч амийг нь аварч чадаагүй"

Нэмэлт: 16.30

ШӨНӨ ДУНДААС ЭХИЙН БИЕД ХҮНДРЭЛ ГАРЧ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН Ч ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ

Жирэмсэн эх эндсэн асуудлаар “Өргөө” амаржих газрын удирдлагууд Эрүүл мэндийн яаманд хуралдав. Түүний дараа тус газрын дарга Г.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

-Талийгаач эмэгтэй ямар шалтгааны улмаас амь насаа алдав? Тухайн үед өрөөндөө ганцаараа эмнэлгийн тусламж авч чадаагүй гэж ар гэрийнхний зүгээс гомдолтой байна?

-Энэ сарын 23-нд 37 настай эх амаржихаар ирсэн. Дөрөв дэх кесар мэс заслаар төрөх байсан. Тэрээр 37-38 долоо хоногтой хожуу хордлогын хүнд хэлбэртэй, жирэмсэн үеийн даралттай, ихэс  түрүүлэлт оноштой хэвтэн эмчлүүлсэн. Эмч нарын зүгээс эхийг жирэмсний хугацаанд хүүхдийн амьдрах хугацаа бага учир амьдрах чадварыг нь сайжруулж, долоо хоногийн хугацаанд төрөлтөд бэлтгэж байсан. Зургадугаар сарын 3-нд кесар мэс засалд орохоор төлөвлөөд бэлтгэл ажил явагдаж байсан хугацаанд жирэмсэн эх үе үе умай хатуурдаг зовиуртай, энэ дагуу умай сулруулах үрэвслийн эсрэг, витамин эмчилгээ хийгдэж байсан. Жирэмсэн эмэгтэй  өмнө нь манай амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан юм. Өнгөрсөн шөнийн байдлаар умай хатуурах зовиур илэрсэн учир жижүүр эмч нар эхийг үзээд умайн базалтын бичлэг хийхэд умайн базалтгүй, төрөлт эхлээгүй байсан тул дахиж базалт эхлэхэд кесар мэс засалд орж магадгүй гэж үзсэн. Энэ дагуу эхэд уян зүү тавьж, өрөөнд нь орхисон юм билээ. Үзлэг хийсэн эх барих эмч, жижүүр хоёр тухайн хугацаанд өөр нэг жирэмсэн эх цус алдсан учир очиж биеийн байдлыг нь шалгаад ирэхэд нь эх ухаангүй байдалтай зүрх судасны дутмагшсан байдалтай байсан учраас яаралтай эмчилгээ хийсэн ч амийг нь аварч чадаагүй. Бидний зүгээс эл асуудлаар тэр даруй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл хүргэсний дагуу өглөө 07.30-т баг ирсэн. Болсон үйл явдлын процессыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Шинжилгээ гарсны дараа эцсийн хариу гарна.

-Жижүүрт  гарч буй эмч нар хүрэлцээтэй байж чаддаг уу.  Эмч нар жирэмсэн эх дээр хэдэн цагийн үед очиход биеийн байдал нь хүндэрсэн байсан бэ?

-Нэг жижүүрийн хугацаанд таван эх барих эмч, хоёр мэдээгүйжүүлэлтийн эмч, гурван нярайн эмч нар ажилладаг. Жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт гурван эмч ажиллана. Жирэмсэн эхийн хэвтэж байсан хэсэг бол таван box хэсэгтэй. Энд ихэс түрүүлттэй, хожуу хордлогын хүнд хэлбэртэй анхаарал татахуйц ээж нарыг тусад  нь нэг сувилагч хянах зохион байгуулалттайгаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Тухайн үед жирэмсэн эхэд уян зүү тавихдаа дусал /натрийн уусмал/-ыг 00.30 цагт залгаж, 01.30 цагт эргэхэд биеийн байдал нь хэвийн байсан юм билээ. Эх эмч нарт “Биеийн байдал хэвийн байгаа учир Бъби жаахан унтъя” гэж хэлсэн. Ээжийг хоёр цагийн зайтай хянадаг. Ингээд ээжийг 02.15 цагт ээжийг үзэхэд биеийн байдал нь хэвийн байсан. Дусал нь хэвийн. Эх биед нь ямар нэгэн зовиур байхгүй гэдгээ хэлсэн учраас сувилагч өрөөнөөс нь гарсан. Дараа нь 02.48 цагт сувилагч жирэмсэн эхийн өрөөнд ороход бие нь хүндэрсэн байдалтай буюу ухаангүй, зүрх судасны дутмагшилтай байсан. Яаралтай тусламж үзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй. 02.50 цагт эмнэлгийн бүх баг цугларч тэр хүнд 10 минут бүх анхаарлаа хандуулсан учраас ар гэрийнхнийг нь 03.15 цагт дуудаж мэдэгдсэн. Жирэмсэн эхэд тусламж үзүүлэх хугацаанд ар гэрийнхнийг оруулах боломж нөхцөл байхгүй, эхийг сэхээн амьдруулах тасагт зөөх ямар ч боломж байгаагүй. Эхийн биед хийсэн дусал нь дуусч байсан, ойролцоогоор 100 мл орчим үлдсэн.

-Эхийн биеийн байдал хүндэрсэн шалтгааныг урьдчилсан байдлаар хэрхэн үзэж байна вэ. Ар гэрийнхний зүгээс эмнэлгийн удирдлагуудтай уулзахад цусны ховор төрлийн эмгэг гэж хэлсэнд гайхаж байна гэдгээ илэрхийлсэн?

-Бид нарт эхийн биеийн байдал гэнэт хүндрэх болсон шалтгааны талаарх таамаг л байна. Тиймээс шинжилгээний дүгнэлтийн дараа хариу нь гарна. Бидний таамаглаж буйгаар эх барих хожуу хордлогын үед ураг орчмын шингэнээр бөглөрөх хам шинж гэж үзэж буй. Энэ нь маш ноцтой гэнэтийн эмгэг байдаг. Үүнийг ар гэрийнхэнд нь мэргэжлийн хэллэгээр бус, энгийн үгээр тайлбарлаж хэлснийг буруугаар ойлгосон байх. Ер нь цусны эмгэг биш, дэлхийд маш ховор тохиолддог ураг орчим шингэнээр бөглөрөх хам шинж юм.

-Танай эмнэлгийн зүгээс кесар мэс заслын товыг гаргахад ар гэрийнх нь ирээгүй, бас тухайн өдөр жирэмсэн эмэгтэйг эндэх үед нөхөр нь ирээгүй гэх мэдээллийг өгсөн. Энэ үнэн үү. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ар гэрийнхнийг нь дуудаж уулзах эрх нь эмчид байгаа. Ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулдаг ёстой. Кесар мэс заслыг тавдугаар сарын 30-нд эсвэл зургадугаар сарын 3-нд гэж төлөвлөснийг нөхрөөр нь гарын үсэг зуруулахаар тавдугаар сарын 30-нд дуудуулсан боловч өчигдөр өдрийн байдлаар ирж амжаагүй. Учир нь ажлын найман цагт таарсан учраас амжаагүй.

-Ар гэрийнхний зүгээс кесар мэс заслыг зургадугаар сарын 3-нд заавал товлох шаардлагатай байсан юм уу гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Тавдугаар сарын 30-нд мэс заслыг товлох боломж байгаагүй юу. Ер нь эхийг аврах боломж байсан уу?

-Энэ асуудалд ард иргэд зөв ойлголт авах хэрэгтэй. Мэс заслыг төлөвлөдөг учир нь эмнэлгийн ачаалалдаа биш. Төлөвлөлтөд байгаа юм. Яагаад гэхээр, бид тодорхой хэмжээнд хүүхдийн уушгийг бэлдэх зорилгоор ээжид яаралтай кесар мэс заслыг хийх заалт гараагүй учир хүүхдийг бэлтгэх, гэнэт нөхцөл байдал өөрчлөгдөж ээж цус алдах, ихэс ховхрох нөхцөл байдал үүсвэл яаралтайгаар ямар ч нөхцөл байдлыг харгалзахгүйгээр эхийг аврах төлөө байна уу гэхээс хүүхдийг нь аварна гээд хойшлуулаад байдаг асуудал биш. Энэ тохиолдолд эмч нарын зүгээс хүүхдийн уушгины боловсрох зэргийг нь хүлээж байсан. 37 хоног хүрвэл хүүхдийн амьсгалах чадамж сайн байх байсан. Эх төрөөд ч цус алдах өндөр эрсдэлтэй. Тиймээс бид цус бэлдэж байсан. Хүүхэд төрсний дараа эхийн умайг авах шаардлагатай байсан. Яагаад гэвэл дөрөв дэх кесар мэс засал учир сорви маш их нимгэрсэн ихсийг салгах ямар ч боломжгүй, ихэс нь шигдэж ургасан байдалтай байсан. Эх нь цус алдах, умайг авах өндөр эрсдэл байгаа учраас хүүхдийг нь 80 хувь амьдруулах боломжтой гэдэг үүднээс төлөвлөгөөг хүлээж байсан. Энэ бол үнэхээр анхаарал татаж байсан учраас эмнэлгийн онцгой хэсэгт хэвтүүлэн эмчилж байсан.

-Эмч нарын зүгээс кесар мэс заслын аргаар төрөх жирэмслэлтийг гурваас илүүгүй байхыг сануулдаг. Ээжийн тухайд дөрөв дэх удаагийнх байсан учраас эмчийн хяналтад байхад нь  ийм эрсдэлтэй гэдгийг анхааруулж сануулж байсан уу?

Жирэмсний хяналтыг өрх дүүргийн эмч нар хийдэг учраас эрсдэлийг нь хэлж сануулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн 10 жил гурав дахь битгийхэл дөрөв, тав дахь кесар мэс заслын давтамж маш ихэссэн. Энэ нь эрсдэл дагуулдаг. Ихэс түрүүлдэг, ихэс ховхрох, ураг эндэх, умай урагдах, нярай эндэх зэрэг хүндрэл дагуулдаг учир болж өгвөл гурав дахь кесар мэс заслын дараагаар өөрийн болон эмчийн хүсэлтийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ асуудлыг ч бас бид нар тусгах ёстойг Эрүүл мэндийн яаманд уламжилсан. Эхийн эндэгдэл урьдчилан таамаглахын аргагүй. Ар гэрийнхнээс гадна бид нарт ч бас их хэцүү байна.

Нэмэлт: 15.49 цагт

Дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр "Өргөө" амаржих газарт хэвтэн эмчлүүлж байхдаа амиа алдсан Ч-тэй холбоотой нэмэлт мэдээллийг хүргэж байна. Тус газраас бидэнд дараах мэдээллийг өглөө.

“Өргөө” амаржих газрын Жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт энэ сарын 23-ны 05.25 цагт 37 настай Ч гурав дахь кесар мэс заслын дараах, 36-37 хоногтой жирэмсэн, ихэс умайн хуучин сорви дээр бэхлэгдсэн, эмгэг судасжилт үүссэн, ихэс түрүүлэлт, жирэмсний хожуу хордлого, ургийн архаг бүтэлттэй хэвтсэн. Эмч нарын зүгээс төлөвлөгөөт кесар мэс засал хийхээр төлөвлөн эмчийн хяналтан дор эмнэлгийн тусламж үзүүлж байсан.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн цусны даралт бууруулах зорилгоор эмчийн заавраар метилдопа өдөрт гурван удаа ууж байсан. Өмнө нь ихэс түрүүлэлтийн улмаас ихэс ховхролт үүсэх эрсдэлт байдал үүсч, тус амаржих газарт 7 хоног хэвтэн эмчлүүлж байсан. Энэ удаа эмнэлэгт хэвтсэн 7 хоногийн хугацаанд шаардлагатай шинжилгээнүүдийг хийж, манас татлын эсрэг эмчилгээ, ургийн уушиг бэлтгэх эмчилгээ, халдварын эсрэг эмчилгээ, витамины эмчилгээ хийж байсан. Эмнэлгийн зүгээс мэс заслын баг томилж, 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр кесар хагалгаагаар төрөлтийг шийдэхээр төлөвлөж байсан.

Эх 2019 оны тавдугаар сарын 31-ний өдөр жижүүр эмчид "Умай бага зэрэг хатуурч байна" гэж үзүүлээд ургийн бичлэг хийхэд ургийн байдал өөрчлөлтгүй, умай базлалтгүй, эхийн биеийн байдал тогтвортой, цус алдалтгүй байсан ч яаралтай мэс засалд орж болзошгүй гэж мэс заслын бэлтгэл хангаж, хянаж байх хугацаанд гэнэт эх барихын ноцтой хүндрэл үүсч, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан ч үр дүн өгсөнгүй.

Тодруулбал, умайн урд хананаас ар хана руу ихэс ороож, өмнөх кесар мэс заслын сорви дээр шигдэж байрлаж, умайн хүзүүг бүрэн таглаж байрласан, судасжилт ихтэй байсан гэх албан тайлбар өглөө.

"Өргөө" эмнэлэгт амаржихаар очсон бүсгүй эмчийн буруугаас нас барсан уу?

"Өргөө" амаржих газарт төрөхөөр очсон эх харамсалтайгаар амь насаа алджээ. Тодруулбал, энэ сарын 30-31-нд шилжих шөнө 37 настай Ч нь кесар хагалгаанд орохоор эмчлүүлж байхдаа амь насаа алдсан гэх мэдээллийг гэр бүлийн хүмүүээс нь өгч буй.  Тэд эмч нарын буруугаас болж, тулгар бүсгүй амиа алдаж, дөрвөн хүүхэд өнчирсөн үлдсэнд гомдолтой байна.

Уг хэргийн талаар "Өргөө" амаржих газраас тодруулахад “Манай эмнэлэгт кесар хагалгаанд орохоор эмчлүүлж байсан эмэгтэйн бие гэнэт муудаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Талийгаач төрөх хугацаа нь болоогүй учраас хагалгаанд орох өдрийг товлохоор эмчилгээ хийлгүүлж байсан юм билээ. Бие нь огцом муудаж эмчилгээ авч амжаагүй. Энэ тухай албан ёсны мэдээллийг бид удахгүй өгнө” гэлээ.

Талийгаачийн ээжийн мэдээлснээр бүсгүй  тавдугаар сарын 23-ны Пүрэв гаригт "Өргөө" амаржих газрын төлөвлөгөөт хагалгаанд орохын тулд хэвтсэн байна. Энэ тухай тэрбээр “Миний охин эмнэлэгт долоо хоноод өчигдөр 17.38 цагийн үед “Ээжээ зүгээрээ, дусал хийсэн” гээд ярьсан.

Орой 10.27 цагийн үед нөхөртэйгөө ярихад зүгээр байсан.  Харин 03:19 цагийн үед нөхөр рүү нь танихгүй дугаараас залгаад эхнэр чинь сэхээнд байна, хурдан ир гэсэн. Ирэхэд нь нөхрийг нь оруулаагүй бөгөөд өрөөндөө ганцаараа өнгөрсөн байсан юм билээ.

Жижүүр эмч О гэдэг. Сэхээнд байгаа гэж худлаа ярьсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Биднийг ирэхэд бүх юмыг нь цэвэрлэчихсэн. Хамраас нь цус гарсан байсан. Гомдолтой байна. Хоёр хөлөөрөө явж ирсэн хүүхдийг минь ийм болгочихлоо. Өрөөндөө, орон дээрээ ганцааранг нь ургаас нь ч салгаагүй байсан. Малыг хүртэл ургаас нь салгадаг шүү дээ. Эмнэлгийн захиргаанд би одоо өргөдөл бичээд сууж байна. Энэ бүхнийг би худлаа гэж бодоод сууж байна” хэмээн тайлбар өглөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж