“Амттаны доктор” хүүхдийн балетыг хоёр өдөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

“Амттаны доктор” хүүхдийн балетыг хоёр өдөр тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Амттаны доктор” балетыг зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд тоглох гэж байна.

“Амттаны доктор” бүжгэн жүжиг “Ай ёо доктор” нэртэй балетыг анх Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва найруулан тавьж байжээ. Олон жилийн өмнө тайзнаа тавигдсан уг бүтээлийг “Амттаны доктор” гэж нэрлэн шинэчлэн найруулж, хүүхэд багачуудын хүртээл болгохоор театрын уран бүтээлчид ажилласан байна.

“Хүүхэд бүр амттанд дуртай. Амттанаас болж шүд хорхойтох, таргалалт нэмэгдэх, хоолны дуршил буурсан гэх мэт нийгэмд сөрөг шалтгаан олон байна. Тиймээс энэ өнцгийг барьж амттаныг амьд биетээр үзүүлж, тэдгээрийг эмч эмчилж байгаа дүр зураг харагдана. Хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан, өт хорхойд идэгдсэн гэх мэт олрн амттаныг эмч эмчилж байгаа юм. Гол санаа нь амттанаас болж шүд гэмтээдэг, шүдний цооролт их байна. Тиймээс амттанаас аль болох татгалзах хэрэгтэй сануулсан. Эцэг, эхчүүд үг хэлээрээ хэлэх бус уран бүтээлээр дамжуулаад хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж болно гэдгийг харуулах зорьсон. Амттаны гэдэг утгаар тайзаа маш өнгөлөг байдлаар шийдсэн. Зураач маань үнэхээр их хичээж байгаа. Яаж үзэгчдээ оролцуулах юм, тайз ямар байх нууц байгаа ч зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ирж нүдээрээ үзэж, чихээрээ сонсвол гоё сайхан мэдрэмжийг авч чадна гэж” гэж Дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстер Ц.Чинзориг хэллээ.

Театрын урын санд “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Уран хас” гэсэн хүүхдэд зориулсан бүтээл байсан бол энэ жил “Амттаны доктор” балет нэмэгджээ. 6-10 насны хүүхэд анх удаа “Хунт нуур”, “Шелкенчук” зэрэг балетыг үзэх нь их байдаг ч эхлээд хөнгөн балет, дараа нь дэлхийн сонгодог бүтээлүүдийг үзэх хэрэгтэй гэж театрын мэргэжилтэн хэлж байв. Тиймээс энэ жил театрын уран бүтээлчид хүүхдийн уран бүтээлийн санд “Амттаны доктор”-ыг оруулж, шинээр найруулан тавьж байна.

Уран бүтээлчид уг бүтээл дээр өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд энэ жилийн Хүүхдийн баярын өдрүүдэд тоглохоор бэлэн болгожээ.

1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн “Амттаны доктор” балетын цомнолыг бичиж, 1949 онд зохиогдсон Игорь Морозовын “Доктор айболит” балетын хөгжим дээр И.Морозов “Амттаны доктор” балетыг бүтээж байсан түүхтэй аж.

Үйл явдал:

  • Амттанд маш их дуртай жаал хүү байн байн амттан нэхэж эмээгээ зовооно. Гэнэт хүүгийн шүд айхтар ихээр өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж үзүүлтэл шүдийг нь авахгүй бол болохгүй гэнэ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол…

“Амттаны доктор” хүүхдийн балетаар дамжуулан хүүхэд багачуудад өгөх сургамж:
1. Амттан бол шүдний дайсан
2. Эмч бол бүхнийг анагаагч, эмчлэгч
3. Дээрэнгүй хандлагатай бүдүүлэг байвал эргээд заавал муу хариу нь ирэх болно.
4. Хүн гэмээ ухаарч чадвал нүгэл нь ариусна.

“Амттаны доктор” балетийг УДБЭТ-ын тайзнаа зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд 17.00 цагаас хоёрхон удаа тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж