Н.Төмөрбаатарын нэрэмжит шагналыг Ж.Урангоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.23-нд нийтлэгдсэн

Н.Төмөрбаатарын нэрэмжит шагналыг Ж.Урангоо хүртлээ

Уламжлалт Анагаахын сургууль, орчин цагийн Уламжлалт анагаах ухааны дэг сургуулийг үндэслэгч Монгол Улсын Гавьяат эмч, МАУА-ийн гишүүн, академич, доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал тавдугаар сарын 16-ны өдөр боллоо. АШУҮИС-ийн оюутны соёлын төвд болсон “Монгол анагаах ухааны 21-р зуунд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд анагаахын боловсрол олгодог 10 гаруй их, дээд сургуулийн 400 гаруй оюутан залуус оролцсон юм. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 50 гаруй илтгэл ирүүлснээс 16 илтгэлийг зохион байгуулах хорооноос урамшуулсан байна.

Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн харьяа Уламжлалт бага эмчийн II курсийн оюутан Ж.Урангоо.  

 

Н.Төмөрбаатар багшийн нэрэмжит шагналыг Говь-Алтай аймгаас ирж оролцсон Ж.Урангоо Монголчууд Цагаан сарын уламжлалт баяраар их идсэнээс болж, ходоодны өвчин эмгэг тусаж буйг судалгаагаар шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж тавьсан бүтээлээрээ хүртсэн юм.

Удаах тэргүүн, дэд байруудад Б.Отгончимэг (АШУУАУС), Э.Алтансувд (“Шинэ анагаах ухаан” сургуул), Ц.Ариунболд (“Этүгэн” дээд сургууль) нар орсон байна.

Оюутны эрдэм шинжилгэний хурлын үеэр УАУИ-ийн захирал, МАУА-ийн гишүүн академич, анагаах ухааны доктор, профессор Д.Цэрэндагвын сэтгэгдлийг сонслоо.

Тэрээр “Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Уламжлалт анагаах ухааны институт байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ сургуулийг үндэслэн байгуулсан Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор, профессор Н.Төмөрбаатарын нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа. 1990 оны тавдугаар сарын 16-ны өдөр Уламжлал анагаах ухааны тэнхим анх байгуулагдаж байсан түүхтэй. Өнөөдөр Уламжлалт анагаах ухааны институт санаачлаад 21-р зуунд Уламжлалт анагаах ухаан яаж хөгжих вэ гэдгийг эхлээд оюутан, залуусын дунд хийлээ. Энэхүү хуралд 10 гаруй сургуулийн 400 гаруй оюутан оролцсон. Бид 16 илтгэлийг сонгон шалгаруулж шагнал гардууллаа. Монголчуудын Дэлхийн шинжлэх ухаанд оруулсан оюуны олон их сан хөмрөгийн нэг бол уламжлалт анагаах ухаан. Уламжлалт анагаах ухаан нэг хэсэг хүчтэй хөгжиж байсан ч түүхийн цаг хугацааны байдалд хаагдмал байсан үе бий. Харин 1990 оноос сэргэж эхэлсэн. Уламжлалт анагаах ухааныг дэлхийн шинжлэх ухаанд гаргахад гол мэдэх улс нь монголчууд. Жишээ нь АНУ-д Монголын анагаах ухаан гэж байхгүй. Европ ч мөн адил. Тэгэхээр монголчууд өөрсдийнхөө амьдрал ахуйд бий болгосон энэ том анагаах урлагийг шинжлэх ухааны үндэстэй судалж дэлхийд гаргах хэрэгтэй. Үүнд дэлхийн өндөр хөгжилтэй орны тоног төхөөрөмж хэрэгтэй болно. Тиймээс бидний өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөр хэрэгтэй. Монгол улсад эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оролцсон, алдар гавьяатай Н.Төмөрбаатар багшийгаа дурсаж, багшийнхаа нэрэмжит анхдугаар уралдааныг зохион байгууллаа. Мөн тэнхим байгуулагдсан тавдугаар сарын 16-ны энэ түүхэн өдрийг оюунлаг, эрдэм шинжилгээгээр амьсгалах, судлаачдыг дэмжих гээд сайхан ажлыг хийлээ. Оюутныхаа оюуны хөдөлмөрийг үнэлье гэсэн санаачлагыг багш нар дэмжлээ. “ гэсэн юм.

Монгол Улсын Хүний гавьяат эмч, анагаах ухааны академийн гишүүн, академич, анагаах ухааны доктор, профессор, Намралын Төмөрбаатар (1948-2011)

Монголын уламжлалт анагаах ухааны орчин цагийн дэг сургуулийг үндэслэгч Дархан Оточ овогтой Намралын Төмөрбаатар 1948 оны 03 дугаар сарын 8-нд Ховд аймгийн Манхан сумын Ботгоны хавцал хэмээх газар төржээ. Н.Төмөрбаатар 1971 онд АУДС-ийн эмчилгээний анги төгсөж, 1971-80 онд УКТЭ-ийн мэдрэлийн тасагт эмч, 1980 оноос АУДС-д багш, хичээл ангийн эрхлэгч хийж байгаад, 1989 онд Монгол оронд анх удаа Уламжлалт анагаах ухааны клиникийн эмнэлгийг 50 ортой, амбулаторийн нарийн мэргэжлийн 7 кабинеттайгаар байгуулжээ. Мөн 1989 оны 5 дугаар сарын 16-д АУИС-ийн Монголын Уламжлалт Анагаахын тэнхимийг байгуулж, улмаар УАС болгон өргөжүүлэн хөгжүүлсэн.

Н.Төмөрбаатар багш 1996-1997 онд Уламжлалт анагаах ухаан, рашаан сувилалын үндэсний хүрээлэнгийн орлогч захирал, 1998-2006 он хүртэл уламжлалт анагаах шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацийн гүйцэтгэх захирал, 2000-2005 онуудад УАС-ийн захирлаар хавсран ажиллахдаа Уламжлалт анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Н.Төмөрбаатар нь Монгол Улсын эрүүл мэндийн болон боловсролын салбарт 40-өөд жил үр бүтээлтэй ажиллаж, олон арван эрдэмтдийг удирдан хамгаалуулж, эрдэм судлалын бүтээлүүдийг туурвисан байна. Түүний нөр их хөдөлмөр, бүтээлийг Монголын төр засгаас өндрөөр үнэлж, 2000 онд Алтан гадас одон, 2009 онд Монгол Улсын Гавьяат эмч, Эрүүлийг хамгаалах, Боловсрол, шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан. Н.Төмөрбаатар нь Монголын уламжлалт анагаах ухаанд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан эмч, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, гарамгай зохион байгуулагч юм.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж