Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.06-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.06/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус эмнэлэгт “Айвико” компани, Эрүүл мэндийн яамны дэмжлэгээр 80.0 сая төгрөгийн өртөг бүхий бөөрний дутагдал өвчний Гемодиализын аппаратыг суурилуулж, орон нутгийн хэмжээнд ийм аппараттай анхны эмнэлэг болжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт АНУ-ын дурангийн мэс заслын SAGES багийнхан дурангийн хагалгааг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн хийж байна. Энэ нь тус аймгийн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлс, эмчилгээ үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэхэд ахиц дэвшил болохуйц үйл ажиллагаа болж байгаа талаар эмнэлгийн дарга танилцуулсан юм. АНУ-ын эмч нар аймгийн мэс заслын тасаг, нэгдсэн хагалгаа яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч нарыг дагалдуулсан дурангийн мэс заслын хагалгаа болон ажлын байрны сургалтыг хийж, эмч, сувилагч нараа чадавхижуулан, иргэд үйлчлүүлэгчдэд дурангийн хагалгааг хийж байгаа гэв.

Тус эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг хөдөө орон нутагт дурангийн хагалгааны мэргэшсэн эмч нар дутагдалтай байдгийг дуулгаад эмнэлгийнхээ 6 эмчийг дурангийн хагалгаагаар мэргэшүүлэн сургажээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын хэмжээн дэх II шатлалын эмнэлгүүд дундаа хамгийн сайн тоноглолтой эмнэлэг болсон аж. Мөн хүнд өвчтөнүүдийн оношлогоо, эмчилгээний талаар Улаанбаатар хот дахь нарийн мэргэжлийн эмч нартай цахимаар холбогдон арга зүйн зөвлөгөө авдаг болохоо танилцуулав.

Түүнчлэн биохимийн бүрэн автомат анализатор, улсын хэмжээнд 2 ширхэг байдаг цус бүлэгнэлтийн “Коагуляпрон” аппарат, шээсний автомат анализатор болон бусад тоног төхөөрөмж бүхий нарийн шинжилгээний лабораторийг танилцуулсан юм. Энэхүү лабораторид 8 лаборант, 3 их эмч, 2 туслах ажилтан ажилладаг байна. Бүс нутгийн өвчтөнүүдийг хүлээн авч нарийн үзлэг оношлогоо, хоёрдугаар шатлалын эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг, нийт 180 ортой болохыг Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нар танилцуулав. Ийнхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр бүс нутгаас Улаанбаатар хотыг зорих өвчтнүүдийн урсгалыг 13.1 хувиар бууруулсан талаар танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллах юм.

УИХ-ын даргыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж