Засгийн газраас хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгаалал/ХНХ/-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-УИХ-ын 2018 оны тавдугаар сард батлагдсан УИХ-ын 40 дүгээр тогтоолоор хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Тиймээс 2018 оны долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамжийн газар судалгаа явуулсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ -ын Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар бүртгэгдсэн байна. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор 2019 оны төсөвт суутгасан. Тиймээс хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт мөнгийг зургадугаар сарын 1-нээс олгоно. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг ХНХ-ын сайдын багцад багтсан төсвөөс гаргах боломжтой. Ямар нэг хууль зөрчигдөхгүй. Харин ХХҮЕГ-т иргэд хүсэлтээ баталгаажуулаарай. Судалгаанд хамраагдаагүй өрх хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгоно хэмээн мэдээлэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хүүхдийн мөнгийг зургадугаар сар хүртэл нөхөж олгох уу?
-Өнгөрсөн жил судалгаа авахдаа хүсэлт гаргасан өрхүүдийн мэдээлэл нь ХХҮЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн. 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох төсөв баталсан. Нэмэлт эх үүсвэрийг сая шийдэж байгаа учраас нөхөж олгох тухай асуудал яригдахгүй. Тэгэхээр зургадугаар сарын 1-нээс бодож хүүхдийн мөнгө олгоно.
-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан хэрнээ амьжиргааны төвшин нь 670 босго онооноос их бол олгохгүй гэсэн нь үнэн үү?
-Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан ч 670 босго оноотой айл өрхүүдэд олгоно. Босго оноо тогтоохгүй бол төсвийн эх үүсвэр дутаж магадгүй гэсэн болгоомжлол байгаа учраас эхний ээлжинд босго оноонд багтаж байгаа. Хүсэлт гаргасан иргэдийн тоо нэмэлтээр шийдсэн эх үүсвэртээ багтаж байвал босго оноог хэрэглэх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Тиймээс нэмж орж ирэх 100-аад мянган хүүхдээ босго оноогоо хэрэглэж шийднэ. Одоогоор босго оноондоо багтсан 77 мянган хүүхэд хүсэлтээ өгөөд байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ