Засгийн газрын харьяа 11-11 төвд өнгөрч буй долоо хоногт иргэдээс олон санал гомдол ирсний дотор ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын чанартай холбоотой асуудал хөндөгджээ. Зуны амралт эхэлж, сурагчид эхнээсээ амарсан. Харин амралт авахын өмнө улсын шалгалт өгдөг. Гэвч дээрх шалгалтад хөдөөгийн сургуулийн сурагчид хангалтгүй дүн үзүүлэх болсон нь эцэг, эхчүүдийн зүгээс гомдол мэдүүлэхээс аргагүйд хүргэжээ.
Дээрх төвд хандсан №1506059469 зочин “Орон нутгаас ярьж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид математик, монгол хэл, хими биологийн хичээлийн улсын шалгалтад маш доогуур дүн үзүүллээ. Энэ нь хөдөө орон нутгийн багш нарын чадвар муу байгааг харууллаа . Багш нараа чадваржуулах тал дээр анхаарч ажиллана уу” гэжээ.
Ийм гомдол хэдэнтээ давтагдаж, зарим эцэг эх хүнд шалгалт авсан гэж буруутгаж байна. Сургалтын чанар сайн байсан бол хүнд шалгалтыг ч даваад онц дүн авах боломж бий. Тиймээс багш нарын чадавхид анхаарч, ирэх намар хичээлийн шинэ жил эхлэхэд чадалгүй багш нарыг чадалтайгаас нь ялгаж, зааглаж өгөхгүй бол гол хичээлүүд дээр хүүхдүүд амжилгүй дүн үзүүлэх нь ирээдүйд энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэгдэх боломжгүй, бэлтгэгдлээ гэхэд суурьгүй болж мэдэх талтайг холбогдох газар нь анхааралдаа авах цаг болжээ.
Мөн тус төвд №1506051330 дугаартай зочин хандаж, Төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах тухай хууль дүрэм гаргах хэрэгтэй байна. Дур зоргоороо үнийг тогтоодог аж ахуйн нэгжүүд их байна. Жишээ нь жижиг шүдэнз хотод ширхэг нь 50 төгрөг байдаг бол хөдөө 150 төгрөгөөр зарагдаж байна гэжээ.
Түүнчлэн дараах санал хүсэлт, гомдлыг ирүүлжээ. Үүнд №1506055486 Сүхбаатар дүүргийн 17-р хорооны өрхийн эмнэлэг дээр хүүхэддээ вакцин хийлгэх гэсэн сувилагч байдаггүй. Өчигдөр бас ирсэн. Өнөөдөр ирж хийлгэ гэж хэлсэн мөртлөө сувилагч байхгүй ирэх даваа гаригт ир гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?.
№1506059491 Дөрөвдүгээр сарын 7-нд төрийн албан хаагчийн ёс зүйн арга хэмжээ авах талаар бичгээр БСШУЯ-нд өргөдөл өгсөн боловч одоо болтол хариу өгөхгүй 60 хоног болж байна. Энэ ямар учиртай юм бэ?.
№1506042878 Өнгөрсөн намар машины татвараа төлж, машинаа зарсан. Энэ жил татварын газраас татвараа төлөөгүй гэж гарч байна. Энэ ямар учиртай юм бэ. Шалгаж өгнө үү?.
№1506059034 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга ахмад Батбаатар албан үүргээ хангалттай сайн биелүүлж байгаад талархаж байгааг минь холбогдох газар нь уламжилж өгнө үү?.
№1506057831 Нийслэл хотын замын гэрэлтүүлэг өдрийн цагаар байнга асаалттай байна. Өдөр нь унтрааж цахилгаанаа хэмнээч ээ.
№1506051410 Яармагийн орчим шинээр тавигдсан замд замын хяналтын пост байрлуулах шаардлагатай байна. Том оврын ачааны тээврийн хэрэгслүүд шинээр тавигдсан замыг эвдэж байгаа тул холбогдох газар нь уламжилж өгнө үү.
№1506059576 Цахим газар өмчлөх бүртгэлээр Багахангай дүүрэгт газар сонгон шалгарсан. Газраа баталгаажуулах гэтэл кадастрын компани нь ажлын өдөр ажлын цагаар заавал Багахангай дүүрэгт ирж баталгаажуул гэсэн шаардлагыг тавьж, иргэдийг чирэгдүүлж байна. Асуудлыг шалгаж арга хэмжээ авч өгнө үү.
№1506057322 Интернетээр байрныхаа цахилгааны төлбөрийг тавдугаар сарын 21-нд төлсөн. Гэтэл цахилгааны код бичээгүй байна гэсэн үндэслэлээр тог тасалчих юм.Гэрийнх нь хаягаар хөөгөөд төлбөрийг нь оруулж яагаад болдоггүй юм бэ?
№1506057942 Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол 19-р хороонд хашаа байшиндаа 13 жил амьдарч байна. Гэтэл манай хашааны хажууд 9 давхар байшин барилга барьж байна. Ямар ч хамгаалалт байхгүй, байшин дээрээс 4 тоосго уналаа. Манайх гэтэл нялх хүүхдүүдтэй. Хашаандаа хүртэл дураараа байх эрх алга. Яаралтэй энэ асуудлыг шийдэж өгнө үү? гэжээ.
Г.ХОРОЛ