Хуучирсан мэдээ: 2015.06.06-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур шагайн харвааны талбайд ажиллаж, баяр наадмын бэлтгэл хэрхэн хангаж байгаатай танилцлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол талбайг бетондож, хиймэл зүлэг суулгахаар болсон. Нийт 1.2 тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулна. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Дэрэн” компанийн захирал Г.Мөнхчулуун “Суурь бетоныг цутгаж дууссан, зүлэг дэвсэх ажлыг ирэх 14 хоногт хийнэ. Хиймэл зүлэг дээр барилдах нь аюултай гэсэн яриа гараад байгаа. Үүнд бас тодорхой тайлбар хийх хэрэгтэй болов уу. Дэлхийд баталгаажсан зургаан зүлэг байдаг. Тэдний нэг болох Greenfield" компаниас бид зүлгээ авсан. Байгалийн зүлэгтэй төстэй дэлхийн стандарт.Манай улсад хийгдсэн ихэнх хиймэл зүлэг стандарт бусаар дэвссэн байдаг учраас хатуу.  Бид дэлхийн стандартын дагуу бетон дээр зориулалтын материал хийж зүлгээ дэвсэнэ.  Ийм стандарт барьснаар зүлэг зөөлөн, 4-8 мм хотойлттой болно. Хотойлттой учраас бөхчүүд унахад гэмтэхгүй” гэсэн тайлбар хийж байлаа.

Шадар сайд У.Хүрэлсүх “Зөвхөн наадмаар л бөх барилддаг биш жилийн дөрвөн улирлын туршид Төв цэнгэлдэхийг ашигладаг болгох ёстой. Зургадугаар сарын 25-наас наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл эхэлнэ, 20-н гэхэд хиймэл зүлгийг дэвсч дуусгасан байх учиртай” гэж даалгавар өгсөн юм.

Наадмын бэлтгэл хангах ажлыг Шадар сайд нар долдугаар сар дөхүүлж шалгадаг байсан бол энэ жил нэлээн эрт буюу зургадугаар сарын эхэнд шалгав.  

Г.Хорол

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж