
Дэлхийн хэмжээнд 25 сая гаруй хүн ДОХ-той, мөн дээрээс нь ХДХВ-ын халдвар авсан 33 сая гаруй хүн аж төрдгөөс гуравны хоёр нь Африк тивийн оршин суугчид байдаг юм. Энэ бүс нутагт шинээр халдвар авч байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь залуу охид, эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа гарчээ.
Өнгөрсөн хугацаанд, ХДХВ-ын халдвараас хамгаалах цорын ганц арга зам нь бэлгэвч хэрэглэх мөн анагаах ухаанд циркумциз хэмээн нэрлэдэг ХДХВ-т хэт мэдрэг эс бүхий тээрхийн буюу эр бэлэг эрхтний толгойн арьсыг огтлох арга байсан юм. Гэхдээ энэ арга нь зөвхөн эрчүүдэд үр дүнтэй арга учир эрдэмтэн, судлаачид эртнээс охид, бүсгүйчүүдэд тохирох арга замыг хайсаар иржээ.
Тосон түрхлэг бүтээх ажлын хүрээнд Дурбан хотод төвтэй Өмнөд Африкийн ДОХ-ын судалгааны хөтөлбөрийн эрдэмтэд болох ах, дүү Куаррайша Адбуул Карим болон Салим Абдуул Карим нар судалгаа хийж эхэлсэн байна. Тэд Өмнөд Африкийн бэлгийн идэвхтэй 18-40 насны 900 орчим эмэгтэйг судалгаанд хамруулж, 444 эмэгтэйд халдварын эрсдлийг бууруулах эм, харин 445-д нь нян устгагч тосон түрхлэг хэрэглэхийг зөвлөжээ. Гурван жилийн хугацаанд судалгааг үргэлжлүүлсний эцэст ХДХВ-ын хүний дархлалын эсийг гэмтээх явцыг саатуулах үйлчилгээтэй тенофовир агуулсан тосон түрхлэг халдвар авах магадлалыг багагүй хувиар бууруулж байгааг тогтоосон байна. Уг тосон түрхлэгийг эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орохоосоо өмнө 12 цагийн дотор үтрээндээ түрхэхээс гадна дараа нь мөн 12 цагийн дотор дахин түрхэх шаардлагатай гэнэ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг сар бүр тогтсон хугацаанд ХДХВ-ын шинжилгээнд хамруулсан бөгөөд эм хэрэглэсэн хүмүүсийн халдвар авах эрсдэл 39 хувиар буурч байсан бол тосон түрхлэгийг зааврын дагуу хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн эрсдэл 54 хувиар буурчээ.
Судалгааны явцад ямар нэг гаж нөлөө илрээгүй боловч анх хэрэглэснээс хойш 18 сарын дараачаас эхлэн түрхлэгийг үйлчилгээ буурч эхэлсэн бөгөөд судлаачид шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
С.Цэлмэг