Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдааны замд.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар – Марафон 2015” олон улсын гүйлт өнөөдөр боллоо. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болсон юм.
Мэргэжлийн тамирчдын дунд болсон бүтэн марафон буюу 42 км, 195 метрийн зайн гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд тус гүйлт хоёр дахь жилдээ зохиогдлоо. Энэ жилийн гүйлтэд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Герман, Итали, Австри зэрэг 19 орны 4-80 насны 17 мянган хүн оролцохоор албан ёсоор бүртгүүлсэн байна. Мөн гүйлтийн өдөр бүртгүүлээгүй гүйсэн иргэд байсныг зохион байгуулагчид оролцсон юм. Хамгийн бага нь дөрвөн настай Баянзүрх дүүргийн бяцхан тамирчин Ангараг, хамгийн ахмад нь 80 настай Лхамаа гуай байлаа.
"Найрсаг Улаанбаатар" гүйлтийн мэргэжлийн ангилалын эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зайд Гавьяат тамирчин, ОУХМ Бат-Очирын Сэр-Од түрүүлж, ОУХМ Б.Доржпалам(Алдар, Зэвсэгт хүчний 017-р анги), спортын мастер Н.Мөнхбаяр("Хилчин" спорт хороо), ОУХМ Ц.Бямбажав (Алдарт, Зэвсэгт хүчний 337р анги), спортын мастер Ж.Олонбаяр (Үндэсний БТДС-ийн оюутны, Азийн аваргын хүрэл) нар II-V байрт оров.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Б.Мөнхзаяа ("Алдар" спорт хороо) түрүүлж, өнгөрсөн жилийн аварга ОУХМ Л.Отгонбаяр(Цагдаагийн хүч спорт хороо) дэд байрт шалгарсан бол БНХАУ-ын Хөх хотын тамирчин Арина, спортын дэд мастер П.Халиун (МУБИС) II-IV байр эзлэв.
Хагас марафон буюу 21 км 097,5 метрийн зайд эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Д.Гантулга(Хилчин спорт хороо) түрүүлж, спортын дэд мастер О.Болд ("Аварга" БТДС), спортын дэд мастер Ц.Суваргахайрхан ("Алдар") нар удаах байруудад оров.
Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын тамирчин Лин түрүүлсэн бол спортын дэд мастер Ц.Санжидмаа ("Мон-Алтуис" БТДС), спортын мастер Ч.Шинэцэцэг ("Алдар" спорт хороо) нар удаалсан байна.
Тэмцээний шагналын тухайд бүтэн марафонд түрүүлсэн тамирчид 10, дэд байрт найм, гутгаар байрт зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулсан. Мөн IV-X байрт шалгарсан тамирчид 2-4 сая төгрөгийн эзэд боллоо. Харин хагас марафонд медальт байрт шалгарсан тамирчид 3-5, IX-V байр эзэлсэн тамирчид 150-200 мянган төгрөгөөр шагнуулсан байна.
Ангилалдаа түрүүлсэн Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нарын хувьд олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлээд байгаа билээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
БҮТЭН МАРАФОН: 42 км 195 метр:
Эрэгтэй:
- Алтан медаль: Гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од 2.19.53 цагийн амжилтаар
- Мөнгөн медаль: ОУХМ Б.Доржпалам("Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 017-р анги) – 2.22.32 цаг.
- Хүрэл медаль: Спортын мастер Н.Мөнхбаяр ("Хилчин" спорт хороо) 2.24.17 цаг.
- IV байр: ОУХМ Ц.Бямбажав ("Алдарт", Зэвсэгт хүчний 337-р анги)
- V байр: Спортын мастер Ж.Олонбаяр (Үндэсний БТДС-ийн оюутан, Азийн аваргын хүрэл)
Эмэгтэй:
- Алтан медаль: ОУХМ Б.Мөнхзаяа ("Алдар" спорт хороо, Азийн аваргын IV байр) 2.41.25 цаг.
- Мөнгөн медаль: ОУХМ Л.Отгонбаяр (Цагдаагийн "Хүч" спорт хороо) 2.44.20 цаг.
- Хүрэл медаль: БНХАУ-ын Хөх хотын тамирчин Ф.Арина -2.51.32 цаг.
- IV байр: Спортын дэд мастер П.Халиун (МУБИС).
ХАГАС МАРАФОН 21 км 097.5 метр:
Эрэгтэй:
- Алтан медаль: Спортын мастер Д.Гантулга ("Хилчин" спорт хороо) -1.06.46
- Мөнгөн медаль: Спортын дэд мастер О.Болд ("Аварга" БТДС) -1.09.09
- Хүрэл медаль: Спортын дэд мастер Ц.Суваргахайрхан ("Алдар" спорт хороо) -1.09.31
Эмэгтэй:
- Алтан медаль: БНХАУ-ын тамирчин Ли Ке -1.21.58 секунд.
- Мөнгөн медаль: Спортын дэд мастер Ц.Санжидмаа ("Мон-Алтуис" БТДС, 2014 оны хүрэл медальт.)
- Хүрэл медаль: Спортын мастер Ц.Шинэцэцэг ("Алдар" спорт хороо).
ОУХМ Б.Мөнхзаяа, ОУХМ Л.Отгонбаяр.
Ч.БОЛОР