Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндчилгээ

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндчилгээ

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан банкны салбарын үе үеийн ажилтнууд болон харилцагчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье!

Монголчууд бид мөнгөн гүйлгээний өнө эртний түүхтэй билээ. Түүхэн эх сурвалжуудыг нэхэн үзвэл бүр Хүннү гүрний үед зоосон мөнгө хэрэглэж байсан бол Чингис хаан, түүний залгамжлагчид алт, мөнгөн зоос цутгуулж, цаасан тэмдэгт хэвлүүлж, гүйлгээнд гаргаж байв. Мөнх хааны үед цаасан болон зоосон мөнгөний хэмжээг хянах тусгай хороог ажиллуулж байжээ. Хубилай хааны үед Хархорум хотод мөнгө тушаах газар байгуулж, олон төрлийн дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөнгөн гүйлгээний ажил эрхлэх салбаруудыг байгуулж байжээ.

Энэхүү баялаг уламжлал нь эзэнт гүрний задрал, Манж Чин улсын нөлөөнд явж ирсэн он жилүүдэд саатаж бүдгэрсэн хэдий ч 1921 оны Ардын хувьсгалын дараа үндэсний банк байгуулагдаж, орчин цагийн Монголын санхүүгийн тогтолцооны суурь тавигдсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк буюу Монголбанкийг 1924 оны 6 дугаар сарын 2-нд Нийслэл хүрээнд байгуулсан байна. Тус банк 250’000 алтан рублийн дүрмийн сантай,  22 орон тоотой байгуулагдаж байв. Ийнхүү үндэсний банк байгуулагдсанаар Монголд орчин цагийн мөнгөн гүйлгээний тогтолцоо үүсэн бэхжих, үндэсний мөнгөн тэмдэгттэй болох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах суурь тавигдав.

1920-иод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болж байлаа. Тухайлбал, БНМАУ-ын Их хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг “төгрөг” хэмээн нэрлэж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгожээ. Иймд 1925 оны 12 дугаар сарын 9-ны өдөр Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гүйлгээнд гаргаж мөнгөний эргэлтийн эмх замбараагүй байдлыг зогсоож, олон төрлийн мөнгөөр гүйлгээ хийх явдлыг хязгаарлаж байв.

1954 онд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) Монголбанкинд байршуулсан өөрийн хувь хөрөнгийг (50 хувийг) Монголын талд шилжүүлснээр Улсын Банкны Ерөнхий Хороо нь Засгийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 1991 онд Банкны тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо хөгжих эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг тавьж, банкны тогтолцоо нь төв банк болон арилжааны банкнаас бүрдэхээр болов. Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилт бүхий төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, эмиссийн үйл ажиллагаа явуулах, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих, улсын валютын нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх, үүргийг Монголбанк (төв банк)-нд ногдуулж, арилжааны банкууд бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 95 жилд банк, санхүүгийн салбар олон улсын түвшинд хүртлээ хөгжиж, гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Монголбанк нь байгуулагдсан цагаас эхлэн банк, санхүүгийн системийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг олон улсын стандартад нийцүүлэн гаргах, гадаад валютын улсын нөөцийг удирдах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр улс орны хөгжилд эерэг өөрчлөлтүүдийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв.

Монголбанк сүүлийн 3 жилийн хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл байлгах, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадваржуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж, тодорхой үр дүнд хүрсээр байна. Эдгээрээс дараах 5 онцлох үр дүнг энд товч дурдъя.

Нэг. Санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ амжилттай  хэрэгжүүлж байна. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна.

Хоёр. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна. 2017, 2018 онд эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрлөө. Энэ оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 8.6 хувьтай, инфляци зорилтот түвшний орчим тогтвортой байна. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрээд байна.

Гурав. Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж байна. Бидний тооцоогоор одоо баримталж буй зарчим, үйл ажиллагаагаа цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд өөрийн хөрөнгийг эерэг болгохын төлөө ажиллаж байна.

Дөрөв. Гадаад валютын албан нөөцийн хэмжээг 2016 оноос 4 дахин нэмэгдүүлж 3.8 тэрбум ам.долларт хүргэж чадлаа. Монголбанк Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.  Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүлэв. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав. Энэ нь тийм ч амар ажил байгаагүй.

Тав. Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байна. Монголбанкны бүтэц, зохион байгуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн шинэчилж, чадварлаг залуу удирдлагын багийг бүрдүүлэн хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгон ажиллалаа. Үүний зэрэгцээ Монголбанкны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарч байна. Сүүлийн жилүүдэд анхаарлаас хөндий байсан Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, Монгол Улсын Эрдэнэсийн сан ном гаргаж, хосгүй үнэт эрдэнэсийн сангийн үзвэрээс бүрдсэн музей болгон тохижуулж нийтэд нээлттэй болголоо.

Эдийн засгийн цаашдын төлөвийг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим хадгалагдах төлөв харагдаж байна. Гэхдээ эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр, бидэнд хийх ажил их байна. Өмнө тулгарч байсан сорилтуудыг бид хамтын хүчээр амжилттай даван туулж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, хөгжилд хөтөлнө гэдэгтээ итгэл төгс байна.

Монголбанк Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох, банкны салбарыг хүчирхэг болгох үндсэн чиг үүргээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өмнө тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ.

Төв банкны нээлттэй, ил тод болон бие даасан, хариуцлагатай байх зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн тогтвортой байдал, ирээдүйн өсөлт хөгжлийн чухал тулгуур болсон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөн 95 жилийн түүхийг бүтээлцсэн, шинэ бүхний манлайд зүтгэж, гар бие оролцож ирсэн хүндтэй эрхмүүд, үе үеийн банкирууд Та бүхэнд талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг үлэмж бэхжиж, эрдэнэсийн сан цаашид улам өргөжин баяжиж, банкны салбар хүчирхэгжин хөгжих болтугай!

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Н.БАЯРТСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж