Испаний Реал Мадрид клубын ахлагч С.Рамос энэ улирал өндөрлөснөөс хойш Хятад руу явж магадгүй тухай мэдээлэл гараад байгаа. Түүний өөрийнх нь хэлж буйгаар Хятадын лигт тоглох санал ирсэн нь үнэн ажээ. Гэхдээ С.Рамос карьераа Реал Мадрид клубтээ өндөрлүүлэхийг хүсэж байна.
С.Рамос “миний мөрөөдөл бол эндээ зодог тайлах” гэж хэлсэн. Испани хамгаалагч С.Рамос 2005 оноос хойш Реал Мадрид клубт тоглож байгаа бөгөөд түүний гэрээ 2021 онд дуусна. Севилья клубээс ирж байсан С.Рамос Реал Мадрид клубын төлөө 419 тоглолтонд оролцоод байгаа бөгөөд клубынхээ хамтаар Испаний лигт 4, Испаний цомын АШТ-д 2, Испаний супер цомд 3, Европын аваргуудын лигт 4, Европын супер цомд 3, ФИФА-н клубын ДАШТ-д 4 удаа түрүүлсэн.
Түүний төлөөлөгчийн хэлж буйгаар Хятадаас том санал ирсэн. Гэвч С.Рамос өөрөө явах хүсэлгүй байгаа бололтой. Ямартаа ч С.Рамос багаасаа явбал Реал Мадридын эсрэг тоглох өрсөлдөгч багт очихгүй гэдгээ багийн ерөнхийлөгчтэйгээ уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Б.БЯМБАБАЯР