Аудитын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

LiveАудитын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоолоо

Аудитын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоолоо
12 : 53
2019-5-31

Тогтоолын төсөл батлагдлаа

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар  Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Монгол Улсын төрийн сан хөмрөгийн зөв зарцуулалтыг шалгах, төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг зөв байлгахад хяналт тавих үүргийг аудитууд хүлээсэн. Төрийн аудитын байгууллагын дүгнэлт хууль хяналтын байгууллагад хүчин төгөлдөр нотлох баримт болдог тэр нөхцөл бүрдсэн үү. Нөхцлийг бүрдүүлэх ямар боломж байна вэ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг 2013 оноос хойш тогтоогоогүй нэлээд удсан юм билээ. Төрийн аудитын байгууллагаас саналыг нь авсан. Магадгүй таны хэлж байгаанчлан прокурорын байгууллагатай харьцуулахад 10 гаруй хувиар доогуур оруулж ирснийг Байнгын хороон дээр  дэмжигдсэн.

Ерөнхий аудитор Д.Занданбат:

Аудитын дүгнэлт хууль хяналтын байгууллагад хүчин төгөлдөр үйлчилж,  нотлох баримтын хэмжээнд гэж ойлгож байна. Ер нь бол энэ тал дээр анхаарч ажиллах нь зөв. Аудитын дүгнэлт хараат бус байж үнэ цэнэ нь олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгддөг.

Үүгээр Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  баталъя гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 58.1 хувь нь дэмжлээ. Үүгээр тогтоолын төсөл батлагдав.

Үргэлжлүүлэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд асуулт асуух гишүүн байгаагүй тул тус тогтоолын төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн  55 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.

Дараа нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн дээд албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох илтгэлцүүрийг баталсан. Ингэхдээ, яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн дээд шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн дээд шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн дээд албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.

Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох илтгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үүгээр өнөөдөр хэлэлцэх хуулийн төслүүд дууссан тул Баасан гаригийн чуулганы хуралдааныг хаалаа.

11 : 47
2019-5-31

“Манай улс актлагдсан авто машины оршуулгын газар боллоо”

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан  Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш уг хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оржээ.

Хууль анх батлагдаж байсан 1999 онд улсын хэмжээнд 70 мянга хүрэхгүй авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2018 оны байдлаар 970.8 мянгад хүрч, авто тээврийн хэрэгслээр хийгдэж байгаа зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилээс жилд өсөж байна. Авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсөж байгаа юм. Тухайлбал, сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32.100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна.   

Иймд авто тээврийн салбарын хяналтыг сайжруулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах нь нэн чухал болоод байгааг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд:

– ачаа, зорчигч тээвэрлэлт, зорчигчийн болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, нийтийн зорчигч тээврийн төлбөрийн цахим систем, тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлагууд;

 авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалт;

– авто тээврийн хэрэгслийн ашиглалт, бүртгэл, улсын бүртгэлд бүртгүүлэх, хасуулах, бүртгэлийн дугаарын тэмдгийн үйлдвэрлэл, үйлчилгээ;

– салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт, зөвлөх мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч;

– мэдээллийн нэгдсэн сан, салбарын удирдлага, зохицуулалт, авто тээврийн харилцаанд оролцогч талууд, төрийн байгууллагуудын эрх, үүрэг;

– авто тээврийн стандартчилал, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

– авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, устгал, автомашины зарим эд ангийн дахин ашиглалт, түүнтэй холбоотой харилцаа;

– авто тээврийн улсын хяналт, техникийн хяналт, техникийн бүрэн байдал, хяналтын үзлэг хийх үйл ажиллагаа эрхлэх, авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн дотоод хяналт зэрэг олон чухал харилцааг шинэчлэн тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

21 аймгаа хатуужилтай замаар холбоно гээд маш их хөрөнгөөр зам тавьдаг. Гэтэл нөгөө талдаа тээвэрлэлтээ зохицуулж чадахгүйгээс болоод барьсан замаар нь даац хэтэрсэн ачаатай том машинууд яваад замаа эвдэлчихдэг. Энэ бодлогыг уг хуулиараа яаж зохицуулах юм бэ. Хоёрдугаарт  төрийн албан хаагчдын тоог цөөлнө гээд агентлагуудыг улсын үйлдвэрийн газар болгосон. Улсын үйлдвэрийн газар болгосноор орлого хөөдөг болж хувирсан. Ингэснээр давхар давхар тусгай зөвшөөрлийг богино хугацаатай  олон дахин олгодог болгосон. Тэр зөвшөөрлийг нь авах гэж тээвэрчид зовж байдаг.Нэг удаагийн зөвшөөрөл олгодог заалт хуульд байхгүй. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх юм. Үнэмлэхээ авчихсан жолооч нарыг дахин мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байж ачааны том машин жолоодно гээд энэ нь бөөн хүнд  суртал гаргаж шан харамж авч байгаад олгодог. Олгохдоо нэг удаагийн хүчинтэй дахин авах гэж бөөн чирэгдэл болдог. Ийм асуудал авто тээврийн салбарт өнөөдөр байсаар байна. Уг асуудлыг шинэ хуулиар хэрхэн зохицуулах юм бэ.

Ажлын хэсэг:

Тээврийн дэд салбаруудын уялдаа холбоог сайжруулах асуудал бий. Үүнийг шинэ хуулиар 

Авто тээврийн үйл ажиллагаа нь нэгдмэл, тээврийн бусад үйл ажиллагаатай нэгдсэн байх гэсэн үндсэн зарчмаар явагдана. авто тээврийн логистик, ачаа, зорчигчийн терминал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбортой холбоотой зохицуулалтыг тусгасан. Ачааны даац хэтрүүлж байгаа асуудалд зохицуулах боломжгүй асуудал үүсээд байсан. Олон улсын конвенцийн дагуу нийтийн зориулалттай зам дээр явахад зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн нийт жин нь Венийн конвенцэд заасан хэмжээгээр зөвшөөрөгддөг.Гэтэл уул уурхайн тээвэрлэлттэй холбоотойгоор   шинэ нөхцөл байдал үүссэн. Үүнийг зохицуулах боломжгүй байсныг өнгөрсөн жил шинэчлэгдсэн Авто тээврийн тухай хуулиар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын зам гэж шинээр нэмэгдсэн. тусгай зориулалтын замаар явах тээврийн зохицуулалтыг Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгахаар заасан.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Автозамын хууль сул, авто зам нь чанаргүйгээр үүдэж Монгол Улсад жилдээ 400-500 хүн автын ослоор амь насаа алдах, бэртэж гэмтдэг гэсэн судалгаа байна.  2-3 бойнг онгоц сүүрсэнтэй адил хэмжээний тоо юм. Манай улс актлагдсан авто машины оршуулгын газар боллоо. Акт нь дууссан, өндөр насжилттай  машинуудыг гаднаас оруулж ирж байгаа. Энэ нь автын осол нэмэгдэхэд нөлөөлж байна.

Ажлын хэсэг:

Олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг зургаагаас дээш жилийн насжилттай авто тээврийн импортыг хязгаарлана гэсэн зохицуулалт дэмжигдээгүй. Дэлхийн улс орнуудад долоогоос дээш жилийн насжилттай авто тээврийг өндөр насжилттай гэж үздэг. Манай улсын нийт авто тээврийн 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш жил ашигласан өндөр насжилттай автомашин хөдөлгөөнд оролцдог. Цаашид өндөр насжилттай авто тээврийг татвараар нь зохицуулна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

 

Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуун сухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээ хүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна. 

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуун сухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа. 

10 : 09
2019-5-31

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

-Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

– Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;

– “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд чуулганаар оруулах шаардлагатай байсан юм. Өчигдөр манай нам эрх баригчаас хариуцлага нэхэх жагсаал цуглааныг зохион байгуулж УИХ-д шаардлага хүргүүлж байгаа. Шаардлагыг одоо УИХ-ын чуулган дээр өгнө.Тус шаардлагад  “Сүүлийн үед ардчиллын ололтыг үгүйсгэх, эдийн засгийн болон гадаад бодлогын тулгуур зарчмууд алдагдах, Үндсэн хууль болон хуульт ёсыг үгүйсгэх, албан тушаалын төлөөх тэмцэлдээн ард иргэдийг хөлдөө чирч бухимдуулсан үйлдэл нь хэрээс хэтрэх, улс орныг дарангуйлал руу аажим хөтлөх ийм санаархал газар авч байгааг АН эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлагаа хүргүүлж байна. Засгийн газрын огцруулах хэд хэдэн үндэслэл бий.

Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.

Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.

Иймд Засгийн газрыг огцруулах шаардлагыг өнөөдөр УИХ-ын даргыг  орлон гүйцэтгэж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулна” гэлээ.

Маргааш Эх үрсийн баяр болох тул УИХ-аас нийт эхчүүд, хүүхдүүдэд баярын  мэндчилгээ хүргэлээ.

Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёололоор санал хураалтыг явуулж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж